Бяцхан үрсэд аз жаргал бэлэглье
2015-12-28 18:21
Та нар маань энэ бяцхан үрсэд тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн өглөгөө дээдэлж, хайрын аян өрнүүлэх нь дамжиггүй. Хүүхдийн заяа тэтгэсэн хэн хүний үйлс улам өргөжин тэлж, өөдлөн жавхааждаг жамтай. Сайн үйлсийн гэрлийг түгээсэн ТАНЫГ, ТАНАЙ БАГ, ХАМТ ОЛНЫГ, ТАНЫ ГЭР БҮЛИЙГ бид "Хүний мөс" нэвтрүүлгийнхээ эрхэм зочноор урих болно. ...
Манай найруулагчаар олон жил ажилласан, саунд инженер Гаваагийн Болор маань нэг удаа дэлгүүрт явж байжээ. Нэг залуу "Том хүний памперс 1 боодол нь хэд билээ" гэснээ хэтэвчээ уудалж мөнгө нь хүрсэнгүй бололтой, аргагүйдэн "Эгч ээ, 4 ширхэгийг л авъя даа" гэж. Хажууханд нь бараа сонирхож байсан Болор маань "Шшш, миний дүү эгч нь чамд нэг боодлыг аваад өгье. Надтай л адил хэвтрийн настан асардаг юм байна, чи. Наадах чинь хүрэхгүй, эргээд л гарах болно ш дээ" гээд боодол памперс авч өгөхөд залуу "Яана аа эгчээ..." хэмээн хэлэх үгээ олохгүй, харц гийн баярласан гэдэг. Энэ тухай хамт явсан хүнээс нь сонсоод хичнээн сайхан санагдсан гээ.
МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын Редакцийн уран бүтээлчид бид саяхан 5-р сарын 5-ны "Тэнхлэг" шууд хөтөлбөрөөрөө өөрөө архинд автаж ажил амьдралаа алдаж явсан ч гэгээн сайхан амьдралд өөрийгөө татаж авч чадсан Батболд хэмээх залууг "Хүний мөс" нэвтрүүлгийнхээ зочноор урьсан юм. Аливааг хөндлөнгөөс харж дүгнэх, шүүмжлэх амархан, харин тэр нөхцөл байдлыг биеэр туулсан хүн л чин үнэнээсээ ойлгодогийг харуулж чадаж яваа хүн бол энэ эрхэм. Тэрбээр архинд донтсон, орон гэргүй олон хүнийг амьдралын зөв замд залж, биечлэн тусалж, зугтаж оргосных нь араас хөөцөлдөн буцаан авчирч, гудманд унаж осгох алдсаныг нь олж аварч, шантралгүй зүтгэжээ.
Гэртээ байрлуулж, сархданд идэгдсэн биеийг нь эмчлэн илааршуулж, айлын жорлонгийн нүх ухахаас аваад чадах ажил хөдөлмөрт хамтаараа зүтгэн, олон чадварлаг эрсээс бүрдсэн ажлын баг бий болгосон гавьяатай. Энэ шууд нэвтрүүлэгт олон хүн хандсан, утсаар сэтгэлийн үгээ хэлж, талархал илгээсэн. Иргэд, настан буурлууд утасдаж "Энэ буянтай хүүд би тусалъя. Эвий минь бүхнийг өөрөө үүрч яваа хүн шүү дээ." гэхийг сонссон олон сонсогчийн нүдэнд талархал хайрын нулимс мэлтэлзсэн байж мэднэ. Бид тэр сайхан сэтгэлт буурлын утасны дугаарыг тэмдэглэж авсан. Нэвтрүүлгийнхээ эргэх холбоо болгон "Өгье гэвэл ганцаасаа" гэсэн дугаар бэлтгэхээр төлөвлөж байгаа. Ийм хүн чанарын эзэд бидний дунд олоон.
Энэ хорвоод бид чинь бие биедээ дэм болж, байгаагаа хуваалцдагтаа л аз жаргалтай. Хичнээн их алтан дээр цор ганцаараа сандайлан суугаад яах вэ? Сэтгэлээ хуваалцах хүнгүй ганцаархнаа хичнээн сайхан хоол унд зооглож, амттан хүртээд таашаалын дээдийг амсах билүү? Алив байгаагаа хуваалцсандаа л аз жаргалтай байдаг аа бид. Ажил үйлс нь өөдрөг сайн яваа өрнүүн цараатай компани байгууллагаас аваад, өөрийн чадлаараа зүтгэж яваа зөв сэтгэлтэн, буянтай үйлстэн олон бий. Та нар маань энэ бяцхан үрсэд тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн өглөгөө дээдэлж, хайрын аян өрнүүлэх нь дамжиггүй. Хүүхдийн заяа тэтгэсэн хэн хүний үйлс улам өргөжин тэлж, өөдлөн жавхааждаг жамтай. Сайн үйлсийн гэрлийг түгээсэн ТАНЫГ, ТАНАЙ БАГ, ХАМТ ОЛНЫГ, ТАНЫ ГЭР БҮЛИЙГ бид "Хүний мөс" нэвтрүүлгийнхээ эрхэм зочноор урих болно. ...
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорхи линкээр орж үзээрэй
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
