
Бодь
2008 онд Урадын хойд хошууны төв Баянбулаг сууринд хачин чулууны музейн хүрээлэн байгуулагдахад Бодь 400 тэгш дөрвөлжин метр талбай бүхий дэлгүүрийг худалдан авч, Урад нутагт хамгийн анхны хувь хүний хууч эдлэл хэрэгслийн музейг байгуулж, өөрийн олон жил цуглуулж хадгалсан 1000 гаруй төрлийн үнэ цэнэтэй эртний хууч эдлэл хэрэгслийн зүйлсээ үзэгч түмэндээ дэлгэв.
Үндэстний өв соёлоо авран хамгаалахаар зүтгэсэн нь
Бодь Урадын хойд хошууны Цог-Өндөр суурингийн Хан-Уул багийн энгийн нэг малчны гэрт төрж өсөв. Түүнийг бага байхад нь аав ээж нь цөөн хэдэн мал маллан амьдардаг байсан болохоор гэрийнхэн нь нэг жил шөрмөсөө сунатал яваад жилийн орлого нь дөнгөж 10 мянган юаньд л хүрч амьдрал нь ядуу буурай байжээ. Бодь бага байхаасаа эрт ухаарч бичиг соёлын мөр хөөж, аравдугаар ангиа дүүргэсний дараа бусдын дэмжлэгээр Бээжингийн Чинхуа Их Сургуулийн Зи Хун группийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг гурван жил хийв.
2000 онд тэрээр төрсөн нутаг Урадын хойд хошуундаа буцаж ирээд хүүхэд насандаа үзэж, түүж наадаж тоглож байсан эв энгийн говийн хачин чулуу нь үнэ хүрч үзмэрийн сайхан эрдэнэ болж байгааг мэдээд говийн хачин чулуу цуглуулах сонирхолтой болсон байна. Нэг удаа чулууны бизнесмен түүний гараас уртаараа хоёр метр, өндрөөрөө хагас метр орчим бадмаараг чулууг 200 юаниар худалдан аваад, тэр даруйд нь 100 мянга юаниар өөр хүнд худалдсан байв. Тухайн үед энэ явдал нь Бодид гүн сэтгэгдэл үлдээж, өсөж төрсөн элгэн нутгийн өнө шиг сайхан эх байгальд эрдэнэ бөмбөрч, ажилч хөдөлмөрч ард түмэнд хязгааргүй их ой ухаан хадгалагдаж байгааг дахин мэдэж, энэ бүхнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч явсан байна. Ингээд Бодь өөрийн биедээ дахин шинэ зорилго тавив. Тэрбээр Урад говийн хачин чулууны нөөц баялгийг жинхэнэ эдийн засгийн давуу тал болгож, нутаг усныхаа ард түмэнд буян хийхээр болж, Урад малчны ашиг тусыг хамгаалж, тал нутгийн хачин чулууны гарах замыг хайж, түүний жинхэнэ үнэ цэнэ, брэндийг гаргах хатуу гарааг зоригтой эхлүүлсэн байна.
Хачин чулууны бизнес хийх явцад Бодь зарим малчдын гэрт хэдэн үеэрээ уламжлагдаж ирсэн нүүдлийн мал аж ахуйн соёлын ховор чухаг хууч эд бодисын зүйлс гээгдэн орхигдож байгаа зарим нь нэг шил архиар сольж байгааг хараад элэг зүрх нь эмтэрч, үндэстнийхээ өв соёлыг авран хамгаалах дархан үүрэг хариуцлагыг үүрч, мотоциклоо унан говийн хачин чулуу түүн цуглуулахын зэрэгцээ элс манх, говь нутгийн малчин айлаар хүрч монгол уламжлалт нүүдлийн мал аж ахуйн өв зузаан соёл бүхий хууч эд бодисын ховор нандин үнэ цэнэтэй зүйлийг цуглуулжээ. Бодь ингэж цуглуулаад нэг мэдэхэд ховор нандин зүйлсийг авран хамгаалах “Шударга хамгаалагч” болжээ.
Урад нутагт хамгийн анх хувь хүний хууч эдлэл хэрэгслийн музейг байгуулсан нь
2008 2008 онд Бодь “Урад монголчуудын үйлдвэрлэл амьдрал болон зан үйлийн ховор нандин хууч эдлэл хэрэгслийн музей"-г байгуулав. Музей байгуулагдсаны дараа улсын дотоод гадаадаас ирсэн үлэмж олон жуулчид түүний музейг сонирхон зарим хууч эдлэл хэрэгслийн зүйлсийг нь өндөр үнээр худалдан авъя гэхэд Бодь нэгийг ч худалддаггүй байлаа.
- Эдгээр хууч эдлэл хэрэгсэл бол бидний өвөг дээдсийн бидэнд үлдээсэн нандин өв хөрөнгө болно. Бид үлдэж хоцорсон эдгээр зүйлсээ аварч хамгаалахгүй бол үндэстний минь түүх соёлын ховор нандин зүйлс ор тас үгүй болж, үндэстний маань түүх соёл устан хайлах аюултай гэж Бодь сэтгэл өндөр ярьж байлаа.
Бодь хууч эдлэл хэрэгслийн музейгээ байгуулсны дараа хувиа бодож мөнгө олохыг зорьсон биш, харин эдгээр хууч эдлэл хэрэгслээ илүү олон хүнд ухуулан танилцуулж, үндэстний түүх соёлын үнэ цэнэтэй ховор нандин зүйлийг авран хамгаалах үйл ажиллагааг өрнүүлж, хүүхэд залууст үнэ төлбөргүйгээр дэлгэн үзүүлсээр ирэв. 2014 оноос эхлэн сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, өдөр бүр дунджаар 100 гаруй хүн үзэж сонирхон, долоо хоногийн амралт болон баяр наадмаар үзэж сонирхох хүний тоо хэдэн зууд хүрэх болжээ. Одоогоор Баяннуур хотын жуулчдаас гадна бусад аймаг хотын, улсын дотоод гадаадын хүмүүс ч зорин ирж сонирхох болжээ.
Бодийн үүсгэн байгуулсан Урад монголчуудын үйлдвэрлэл амьдрал болон үндэстний зан үйлийн ховор нандин хууч эдлэл хэрэгслийн музей нь нэг газар орны түүх соёлын ховор нандин зүйлийн цуглуулга гэж хэлж болно. Бодь 10 гаруй жилийн шаргуу хүч хөдөлмөр, оюун ухаанаа шавхан байж эдгээр ховор нандин эртний түүх соёлын үлдэгдлийг өвлөн хамгаалахаар хичээж байгаа нь бахархмаар, хүндэтгэмээр юм.

“Нэг хүн, нэг хот, нэг газар орон, нэг улс гүрэнд амьдрахын жинхэнэ үнэ цэнийг мэдэрч, түүний түүх соёлыг таньж мэдье гэвэл тэр нутаг орны түүхэн музейд орж үзээрэй” гэдгээр Бодийн “Урад монголчуудын үйлдвэрлэл амьдрал болон үндэстний зан үйлийн ховор нандин хууч эдлэл хэрэгслийн музей” нь хоосныг нөхсөн байна. Мөн Урад аймгийн нүүдлийн мал аж ахуйн соёлыг ухуулан уламжлах, Монгол Юаний түүх соёлыг бусдад ухуулж алдаршуулахад маш их ач холбогдолтой.
Хууч судлалын эрдэмтдийн анхаарлыг татсан нь
Бодийн Урад монголчуудын үйлдвэрлэл амьдрал болон үндэстний зан үйлийн ховор нандин хууч эдлэл хэрэгслийн музейд хадгалагдаж байгаа ховор нандин зүйлс нь Урад монголчуудын түүхийн улирал хувьсалтын явцыг төлөөлж байгаа.

Түүний “Музей”-д хадгалагдаж байгаа 100 гаруй ховор нандин хууч эдлэл хэрэгслийн зүйлст шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун зэвсэг байхаас гадна Юань улсын үе, Чингийн үеийн гуулин эдлэл хэрэгслүүд байна. Юань улсын үеэс Дундад иргэн улсын үе дэх ардын амьдралын эдлэл хэрэгслийн зүйлсүүд нь бараг 500 гаруй төрөл байгаа бол үүнээс дурсгалын зоосон зүйл, мөнгөн зоос, уран зураг, уран бичлэг болон сийлмэл зураг хөрөг зэрэг 300 гаруй төрөл зүйл байна. Үүнээс гадна монгол үндэстний гуулин зоос, эртний ятга, эмээл, дөрөө, монгол засал зэмсэг, эгшигт хайрцаг зэрэг үнэ цэнэтэй ховор нандин хууч эдлэл хэрэгслийг дэлгэн үзүүлж байв.

- Баяннуур хотод байгуулагдсан хувь хүний анхны ховор нандин хууч эд бодисын музей болно. Хэсэг дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлэхийн аргагүй бөгөөд эдгээрийг хууч судлалын эрдэмтдээр судлуулан тогтоог санаатай байгаа. Энэ бүх цуглуулсан зүйлст өөрөөсөө 3 сая гаруй юань зарцуулсан. Бусад нь бол эдийг эдээр нь сольж авсан. Эд бодисыг эд бодисоор сольсон эдгээр хууч эдлэл хэрэгслийн зүйлсийг бодож үзвэл бараг 50 гаруй сая юань хүрнэ хэмээн Бодь ярив.





