solongonews
Хонио өөрсдөө төхөөрч нүдлэн борлуулбал илүү ашиг олно
2016-11-16 17:28
Хонио өөрсдөө төхөөрч нүдлэн борлуулбал илүү ашиг олно.

Хонь үхрээ гэрийнхээ гадна амьдаар нь худалдахад үнэ ханш доор байдаг ч хонь үхрийн махаа нарийн боловсруулаад зах зээлд гаргахад илүү үнэ дааж байгааг манай малчид андахгүй билээ. Ийнхүү нэг хэсэг малчид хонь үхрээ сум суурин, их хотод амьдаар нь тээж аваачаад төхөөрөн нүдлэн борлуулах замыг сонгосон байна.

Хөвөөт шар хошуунд намрын сүүл өвлийн эхэн сарын үеэр хонь үхрээ хошууны төв Шинэбулаг сууриндаа амьдаар нь тээж аваачин төхөөрөн нүдлэн борлуулдаг малчин айл 40 гаруй бүртгэгдлээ. Эдгээрээс Онгон-Уул сумын Бор Хужир багийн малчин Цэнгэлтийг сурвалжилсан юм.

Цэнгэлт дөчөөд насны эгэл жирийн малчин. 150 га бэлчээртээ зохицуулан 160 гаруй цахар хонь маллаж 2007 онд хошууны төв дээр “Таанын үнэрт махны дэлгүүр” нээж хошуу болон хөдөөгийн хооронд нааш цааш завгүй ажиллах болжээ.

Цэнгэлтийн эхнэр нь махны дэлгүүртээ ажиллаж, Цэнгэлт өөрөө малаа маллаж, бүх ажлаа амжуулаад байдаг болохоор тэдний орлого нэлээд сайн бөгөөд малаа худалдана гэж завсрын наймаачдын царайг харахааргүй болжээ. Тэд 2010 онд 300 гаруй мянган юанийн хөрөнгө гарган Шинэбулаг суурингаас 150 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий төв зам дагуу хоёр давхар байшин худалдан авсан бөгөөд 10 тонн мах хөлдөөж болох бага хэлбэрийн хөлдөөх агуулах бэлтгэж авсан нь махаа хадгалж борлуулахад бүр  амар болсон байна.

Цэнгэлтийнх жилдээ шүдлэн хонио бүгдийг нь дэлгүүртээ авчирж гарган нүдлэн борлуулдаг боловч өөрийн төхөөрсөн 100-аад хонь махны дэлгүүрийн  хэрэгцээг хангахгүй нь мэдээж хэрэг. Тиймээс ойр хавийн айлуудаас шүдлэн хонь худалдан авч дахин борлуулдаг.

- Манайх жилдээ өөрийнхөө шүдлэн хонийг төхөөрөн борлуулахаас гадна бусад айлаас 700 юань орчмоор шүдлэн хонь худалдан авдаг. Хонь төхөөрөх хөлс 40 юань, гэдэс дотор арилгах 50 юанийн зардлаа гаргавал нэг хониноос 100 гаруй юанийн цэвэр орлого олдог. Жилдээ 700 гаруй хонь борлуулж, махны дэлгүүрийн жилийн орлого 80 мянган юаньд хүрдэг гэж нарийн данс бодож өглөө.

Энэ жил 130 гаруй төл тосож, намар 100 хургаа зарж, дунджаар нэг хургыг 540 юаниар худалдсан байна. Энэ тухайгаа Цэнгэлт: - Нялх малын махны борлуулалт шүдлэн хонины махны борлуулалтад хүрэхгүй, хурганы махны шим бүдүүн хонинд хүрэхгүй. Тиймээс цөөн хургаа өвөлжүүлж, ихэнхийг нь намар худалддаг. Тэгвэл мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэглэх зардалдаа таарна гэж ярилаа.

Хэрвээ Цэнгэлтийн ганц мал аж ахуйн орлогодоо түшиглэх юм бол өвс бордоо авах зардлаа гаргавал цаана нь 30 мянган юанийн орлого үлдэнэ. Гэтэл хонио нарийн боловсруулан борлуулах замыг сонгосноор тэдний орлого 100 мянган төгрөгт хүрсэн байна. Эндээс харахад, гэртээ сууж бусдын царайг харж суухаар өөрсдөө илүү арга ухаан сүвэгчилж, зах зээлийн ажиглалт хийж, малаа үнэ хүргэхээр хичээвэл хонь үхрээ үнэ хүргэх боломжтой юм байна.

Зохиогч: Одонтуяа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл