-2014 онд Дундад улсын эдийн засаг "Шинэ төлөв"-т орж, хэрэглээний олон төлөвшил, эдийн засгийн өсөлтийн шинэ цэг тасралтгүй бий болсон бол засаг захиргааны ажлын уламжлалт чухал шалгуур болдог GDР-ийн нөлөө багасаж, шалгуур нь олон ургалч болж, хүрээлэн буй орчинд халгүй байх, эдийн засгийн хөгжлийн чанар, иргэдийн амьжиргааг өөрчлөхөд гүйцэтгэсэн үүргийг илүү чухалчилдаг болсон юм.
Ли Тежүнь Бээжин хотод фото зургийн студи ажиллуулдаг. Сүүлийн жилүүдэд түүний студийн ажил нэлээд сайжирсан олон хүчин зүйлсийн хамгийн чухал нь татвар хураамжийг багасгасан явдал болно. Түүний студийн адил бичил аж ахуйн нэгжүүд Хятад улсын эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг нь улам чухал болж, эдийн засгийн бүтцийн тохируулга нь "Шинэ төлөв"-ийн хамгийн тод томруун онцлог болоод байна.
12-р сарын дундуур хуралдсан Дундадын Төв засгийн газрын эдийн засгийн ажлын хуралдаанаар шинэ тулгар ажил төрөл, үйлчилгээний салбар, бичил жижиг аж ахуйн нэгжийн үүргийг улам тодруулж, үйлдвэрлэлийг жижигрүүлэх, ухаалаг, тусгай мэргэжлийн болгох нь ажил төрлийн салбарын зохион байгуулалтын шинэ онцлог болсон тухай ярьсан юм.
Дундадын Олон Улсын Эдийн Засгийн Солилцооны Төвийн Зөвлөгөө судлалын газрын орлогч дарга Ван Жүний үзэж байгаагаар, иймэрхүү өөрчлөлт Хятад улсын эдийн засгийн өсөлтийн арга хэлбэр өөрчлөгдөж буйг тодхон харуулж байна гэв. Тэрээр хэлэхдээ: -Урьд бид хүрээлэн буй орчны өртөг, экологийн дарамт зэргийг үл анзааран, бүх хүчээрээ үйлдвэрлэлээ өргөтгөсөн. Иймэрхүү эдийн засгийн өсөлтийн арга хэлбэр нь удаан хугацаанд тогтвортой байж чадахгүй нь мэдээж. Бид гадаад эрэлт хэрэгцээнд дэндүү их түшиглэсэнээр дотоодын эрэлт хэрэгцээг үл тоосон. Харин одоо эдийн засгийн өсөлтийн хөшүүргийг харгалзан эрэлт нийлүүлэлтийг харахад бүгд өнгөрсөн 30 гаруй жилийн өсөлтийн арга хэлбэрээс ялгаатай болсон гэжээ.
Үүнээс гадна, хэрэглээний шинэ хэлбэр ч тасралтгүй гарч ирж байна. Энэ оны эхний 3 улиралд хөрөнгө оруулалт, газар эдэлбэрийн зах зээл сайнгүй байгаа нөхцөлд цахим худалдаа хүмүүсийн анхаарлыг татаж, Дундад улсын хэмжээнд интернет сүлжээний жижиглэн худалдааны нийт хэмжээ 1 триллион юаньд дөхөж, өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар нэмэгдсэн байна.
Өвөрмөц онцлог, олон ургалч хэрэглээ "Гол урсгал" болсон нь бизнесийн шинэ хэв загварт хөрөнгө оруулах боломжийг ихээр нэмэгдүүлжээ. Саяхан л гэхэд ажиллуулаад хоёр жил гаруй болж байгаа гар утасны "Ди Ди" нэртэй такси дуудлагын апп 700 сая ам долларын хөрөнгө оруулалттай болсон байна.
Дээрх шинэ тулгар хөгжиж буй ажил төрлийн салбартай харьцуулбал урьдын бохирдуулалт ихтэй, эрчим хүч их зарцуулдаг ажил төрөл дотоодод хөгжлийн орон зай багатай болж, хуучны том оврын хөрөнгө оруулалт ч татарч эхэлсэн байна. 2014 онд Дундадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо тэтгэврийн эрүүл үйлчилгээ, экологийн хамгаалалт зам тээвэр зэрэг салбарын 7 том төслийг баталжээ. Тус хорооны дарга Шүй Шаоши танилцуулахдаа:
Ирэх онд хөгжил өөрчлөлтийн байгууллага чухал төслийн байгуулалтыг баталж, 2014 онд баталсан 7 том төслийн үр ашгийг баталгаажуулахын зэрэгцээ шаардлагатай үед шинэ төсөл боловсруулж, нийгмийн болон иргэдийн хөрөнгийг чухал төсөлд үр ашигтайгаар уялдуулж ажиллах болно гэжээ.
Шинэ төлөв байдалд, эдийн засгийн өсөлт хурдаа сааруулж, эдийн засгийн хөшүүрэгт шинэ элемент тасралтгүй нэмэгдэж байна. Үүнийг багагүй хүндрэл зөрчил дагалдаж байна. Тиймээс засгийн газар болон иргэд эдийн засгийн шинэ төлөвт зохицох тухай Дундадын мэдээ мэдээллийн үндэсний төвийн Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Ниөү Ли санал болголоо.
