solongonews
Миний нөхөр миний гал хам
2015-12-28 18:21
Хайрт минь, хонгорхон үрийн минь аав чамдаа сэтгэл дэх бүхий л нандин үгсээ энд сийрүүлэн бичиж сууна. Чамайг минь өвчсөн мэт дуурайсан бидний хүү хажууд шулганан тоглоод л...
 
Хоёул хамтдаа дөрөв дэх Валентинаа тэмдэглэх гэж байгаад итгэж чадахгүй нь. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Анхны болзоон дээр гараас минь чангахан атгаад, хором ч тавихгүй алхаж явсан дүр чинь өчигдөр юм шиг л тодхон санагдаж байна. Чи минь ажил ихтэй, долоо хоногт ганцхан уулздаг байсан тэр үед уулзах өдрөө тоолон хүлээдэг байж билээ. Одоо бодохнээ энэ л бидний хайрыг улам асааж, бие биенээ гэсэн сэтгэлийг зузаатгаж өгчээ. 
 
Намрын тэр нэгэн өдөр чамтайгаа уулзаагүй бол, навчис унахтай зэрэгцээд чи намайг гуйгаагүй бол, “найзууд үерхэж болохгүй ээ” гээд би зөвшөөрөөгүй бол яаж амьдарч байх бол хайр нь. Төсөөлөгдөхгүй байна аа. Чи бол миний арван жилийн найз, анхны хайр минь. Юугаа ч нууж үзээгүй, миний гал хам.
 
Арван наймхан настайд чинь аав болгочихоод “арай эртдэв үү” гэж өөрөөсөө асуудаг ч хүү бид хоёрын төлөө өдөр шөнөгүй ажиллаж, үеийнхнээсээ илүү ачаа үүрч, амьдралын төлөө зүтгэж яваа чамаараа бахархан, улам ихээр хайрлах юм. Өнгөрсөн дөрвөн жилд хэн хэнийх нь хувьд алдаатай, оноотой, сургамжтай зүйлс олон тохиолдсон ч тэр бүхнийг хувирашгүй сэтгэл,  урвашгүй хайрынхаа хүчээр даван гарсан шүү хоёулаа. Магадгүй цаашид  давах ёстой даваа, туулах ёстой шалбааг, өөр олон олон бэрхшээл биднийг хүлээж байгаа. Туулаад л гарна шүү. Амьдрал ийм л юм чинь. 
 
Чи л намайг жинхэнэ эмэгтэй хүн, эх хүн болгож, илүү уяхан, ухаалаг болгосон гэдгийг нэмж хэлье. Айлын ганц охин би 18 хүртлээ гурил зуурч үзээгүй гэвэл хүмүүсийн инээд, уур нь зэрэг хүрэх байх даа. Ийм л хүнийг гэргийгээ болгож өдрөөс өдөрт урам өгч, хайрын дээдээр хайрласан чамдаа сайн эхнэр, хүүдээ сайн ээж нь байх гэж хичээсээр одоо би чинь “архаг” эзэгтэй болжээ...
 
Цаг хугацаа өнгөрөх тусам бид нэгэн биений хоёр хэсэг болж байгаа нь гайхалтай. Харцаараа ойлголцож, зүрхээрээ ярилцана гэдэг шиг л...Хэдий урьдых шигээ бие биедээ анхаарал тавьж чадахгүй байгаа ч хүүгээ эрт унтуулчихаад ирээдүйгээ төсөөлөн ярилцаж, энэ бүхэндээ хүрнэ гэж итгээд унтах сайхан шүү. Өглөө бүр хоёр сайхан залуугийн дунд сэрэх бүр ч сайхан. Хамгийн гол нь бид бүгд эрүүл саруул, хоёр идэхгүй, хоосон хонохгүй байна гэдэг ямар сайхан бэ? 
 
Чи бол хамгийн сайн найз, хамгийн мундаг нөхөр, хамгийн шилдэг эцэг. Би чамд хайртай, хэзээ ч хувирашгүйгээр <3 
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл