solongonews
Жирэмсний витамины талаарх асуултын хариултууд
2015-12-28 18:21
Хөл хүнд болсон цагаасаа эхлэн витамин хэрэглэх нь чухал хэмээн бидний олонх нь боддог. Угаасаа ч хяналтын эмч нар витамин хэрэглэхийг зөвлөдөг болохоор хэрэгтэй зүйлсийн нэг гэдэг нь мэдээж. Гэхдээ бидэнд энэхүү хэрэглээний талаарх эргэлзээтэй асуулт байсаар байдаг. Ядаж л витаминаа хэзээнээс ууж эхлэх, заавал уух ёстой юу, ууснаар биед ямар өөрчлөлт гардаг гээд л. Тэгвэл энд тэдгээр эргэлзээтэй асуултуудын хариултыг хүргэж байна.
Хэрэв боломжтой бол та жирэмслэхээсээ гурван сарын өмнөөс витамин хэрэглэж эхлэх ёстой. “Өндгөн эс ялгарахаасаа гурван сарын өмнө боловсорч эхэлдэг. Тиймээс тэр хугацаанд нь шим тэжээлээр хангаснаар жирэмслэлтийн эрт үед ихээхэн хэрэгтэй байдаг” гэж
 
АНУ-ын Калифорнийн Сакраментогийн Нөхөн үржихүйн шинжлэх ухааны хүрээлэнгийн эмнэлгийн захирал Роберт Грийн “Fitpregnancy.com”-д ярьжээ. “Ургийн мэдрэлийн системийн гажиг үүсч мэдэх хамгийн эмзэг үе нь жирэмсний эхний гурван сар байдаг” гэж Калифорнийн Орэнж хот дахь Нярайн эрчимт эмчилгээний хэсгийн захирал Судийп Кукрежа хэлсэн байна. 
 
Тиймээс хэрэв та жирэмсэн бол, мөн витамин ууж эхлээгүй бол эмчийн зааврыг хүлээлгүй жирэмсэн эхчүүдэд зориулсан витаминыг яг одооноос ууж эхлээрэй. Учир нь та ургийн мэдрэлийн системийн хөгжлийн хамгийн чухал үе болох эхний гурван сарыг эрсдэлээс хамгаалах ёстой. Мэдрэлийн системийн гажигаас сэргийлэх ач холбогдолтой фолийн хүчлийг жирэмсний эхний гурван сард 600-800 мкграмм-аар өдөр бүр ууж эхлээрэй. 
 
Ямар витамин, ямар эрдэс яагаад надад чухал гэж?
“Маш нягт судалгааны үндсэн дээр тогтоосноор хамгийн чухал гурван шимт амин дэм бол фолийн хүчил, төмөр болон кальц юм” гэж Кукрежа ярьжээ. Фолийн хүчил нь мэдрэлийн системийн гажигаас сэргийлдэг бол төмөр нь урагт очих хүчилтөрөгчийг саадгүй хүргэхийн хамт эхийг цус багадалтаас сэргийлдэг байна. Харин кальц нь хүүхдийн тань ясны ургалтыг дэмжиж эхийг нь ч ялгаагүй ясны сийрэгжилтээс хамгаалдаг. 
 
Жирэмсний витамин бүр хоорондоо адилхан уу?
Үгүй. Витаминууд нь харилцан адилгүй хэмжээгээр шим тэжээлт бодисуудыг өөртөө агуулж байдаг. “Витамин болгон төрөл бүрийн агууламжтайгаас гадна бүгд өөр өөрийн онцлогтой амин дэмийг шингээсэн байдаг” гэж Кукжера ярив. Тухайлбал, зарим витамин хамгийн энгийн хэрэгцээний амин дэм агуулсан байх нь ч бий. Тиймээс тээж буй урагтаа хамгийн сайн тэжээллэг эрдэс бодисыг хүргэж, эрүүл хүүхэд төрүүлье гэвэл эмчийнхээ заавраар витаминаа сонгоорой. 
 
Бид байгалиасаа витаминаа нөхөх боломжгүй гэж үү?
Мэдээж, үйлдвэрлэлийн аргаар нэгтгээгүй, байгаль дээр органик хэлбэрээрээ байгаа амин дэмүүдийг хэрэглэхэд буруудахгүй. “Ургамлын гаралтай амин дэмүүдийг шингээсэн үрэл хэлбэрээр савлагдсан витаминууд ч юм уу, ургамлын гаралтай янз бүрийн амин дэмүүдийн хэрэглээнд бид санаа зовниж байна. Учир нь эдгээр нь А витамины агууламж хэт өндөр учраас урагт сөрөг нөлөө үзүүлэх вий гэж зовниж байна” гэж Нью-Йоркийн Бронкс дахь Монтефиорийн эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн захирал Эшлаша Даяал ярьсан байна. Түүний хэлснээр жирэмсэн эхэд зориулан бэлтгэсэн шахмал витамин нь амин дэм, эрдэс бодисын тэнцвэрийг хадгалсан байдаг учраас эх болоод урагт ямар нэг гаж нөлөөгүй байдаг байна. 
 
Жирэмсний витамин уугаад нэмэлт тэжээл хэрэглэх хэрэгтэй юу?
“Нэмэлтээр хэрэглэж буй кальц агуулсан витамин нь хангалттай хэмжээгээр кальцийг тань нөхөж чадахгүй” гэж Кукжера ярьж байна. Учир нь витаминд их хэмжээгээр кальц агуулах нь түүнийг тогтворгүй, биед шингэхгүй болгодог байна. Жирэмсэн эхэд өдөрт 1000 миллграмм хэмжээний кальц хэрэгтэй байдаг ч витамин нь үүний 150-250 миллграммыг нь л нөхдөг байна. Тиймээс та өдөр бүрийнхээ витаминыг тогтсон жорын дагуу уухаас гадна нэмэлтээр сүү, тараг, үзэмний шүүс зэрэг кальциар баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж дадаарай. 
 
Орчин үеийн судалгаагаар тогтоосноор олон жирэмсэн эмэгтэйчүүд витамин Д-гийн дутагдалд орсон байна. Тэгвэл жирэмсний үед өдөрт нэг удаа уух витаминд 200 IU хэмжээгээр агуулагдсан байдаг Д витамин нь танд хамгийн багадаа долоо хоногт хоёр удаа нарны гэрэлд 5-30 минут байсантай дүйхүйц бие махбодийн тэжээлийг өгдөг байна. 
 
Дэлхий дахин судлаачдын зүгээс өгч буй зөвлөмжөөр бол жирэмсэн эх өдөрт хамгийн багадаа 200 миллграмм хэмжээтэй DHA хэмээх амин дэмийг хэрэглэх хэрэгтэй аж. Энэ нь хүүхдийг эхний таван сарын турш оюун ухааны хөгжлийг нь дэмждэг чухал амин дэм юм. Үүнийг өөрөөр бол омего-3 ч гэдэг. Загас болон зарим хүнсний ногоонд агуулагддаг байна. Энэ амин дэм нь жирэмсний олон төрлийн витаминд агуулагдсан байдаг аж. 
 
Иод жирэмсэн эхэд хэрэгтэй гэдэг. Энэ амин дэм нь витаминд агуулагддаг уу?
Зарим витаминд иод агуулагддаг бол заримд нь эсрэгээрээ. Тиймээс та жирэмсний витаминаа авахын өмнө орц, найрлагатай нь танилцаарай. “Одоогийн судалгаагаар иодыг заавал витаминд агуул гэж зөвлөхгүй байгаа” гэж Кукжера ярьсан байна. Тиймээс жирэмсэн эх өөртөө хэрэгтэй гэж шийдсэн бол иоджуулсан давснаас энэхүү хэрэглээгээ авч болох юм. Жирэмсэн эхийн хувьд өдөрт 220 микрограмм иод хэрэглэх хэрэгтэй байдаг аж. Хагас цайны халбага иоджуулсан давсанд 190 микрограмм иод агуулагддаг бөгөөд дунджаар жирэмсэн эхчүүд өдөрт хоол хүнсээрээ дамжуулан 190-210 микрограмм иод хэрэглэдэг байна. 
 
Цагаан хоолтон бол заавал витамин хэрэглэх хэрэгтэй юу?
Цагаан хоолтнууд амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй учраас витамин В12, цайр, төмөр, омего-3 зэргийг нөхөн өөртөө авах шаардлагатай байдаг. Тэгэхээр цагаан хоолтнууд амин дэмийн хэрэгцээгээ нөхөхийн тулд заавал мах идэлгүйгээр витаминаа уухад л хангалттай юм. 
 
Жирэмсний хордлоготой, бөөлжиж байгаа бол витаминаа яаж уух вэ?
Үүний тулд та унтахынхаа өмнө витаминаа уучихвал дотор муухайрахыг мэдрэлгүй унтана. Энэ хооронд таны биед витамин үйлчлэлээ үзүүлж байх болно. 
 
Жирэмсэн эмэгтэйд хэрэгтэй амин дэмүүд 

Амин дэмүүд Өдрийн тун
Кальц 1,000 миллг
DHA /омего3/ 200 миллгр
Фолийн хүчил 600 микгр
Иод 220 микгр
Төмөр 27 миллгр
Витамин В6 1.9 миллгр
Витамин B12 2.6 микгр
Витамин C 80 миллгр
Витамин Д 200 IU
Витамин Е 15 миллгр
Цайр  11 миллгр
 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл