БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа-2016" энэ сарын 12-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын "Мишээл экспо төв"-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар, МҮХАҮТ зэрэг байгууллагууд дэмжиж, ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих холбоо, Бугат, Хөххот болон Хянган, Шилийнгол аймаг, Монгол Улсын "Мишээл" групп хамтран зохион байгуулж, хөдөө аж ахуйн болон хөнгөн нэхмэл, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх юм.

БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО дахь салбар хорооны дарга Лю Тиншань, Монгол Улсын УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Монгол Улсын ХХАХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Оюунтэгш, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, ӨМӨЗО-ны Хянган аймгийн Намын хорооны дарга Жан Эньхүи, ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн дэд дарга Өлзий нар нээлтийн арга хэмжээнд оролцож баяр хүргэн үг хэлж, ёслолын тууз хайчиллаа.

