Эвенк хошууны монгол уран бичлэгийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Тулгуур (Боржигин) Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны Баянманх багийн уугуул иргэн. 1994 онд Хайлар хотын Багшийн дээд сургуулийн Монгол хэл утга зохилын ангийг төгсөж, Эвенк хошууны Шинэхэн сургуульд ажилд оржээ. Их сургуулиа төгсөх жилээ сургууь дээрээ бие даасан уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргасан байна. 2000 онд Тулгуур багшийн найруулсан “Монгол үсэн бийрийн хичээнгүй тиг”, “Харандаа болд бийрийн таван шугамт тогтсон бичлэг” сурах бичгүүд нь сургуулийн уран бичлэгийн сурах бичгээр сонгогдсон байна.
Хүүхэд багачуудад уран бичлэгийн ур ухаан, бичих арга маягийг зааж өвлүүлэх зорилгоор уран бичлэгийн сонгоны ангийг нээжээ. Уг анги нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан төдийгүй зарим багш сурагчдынхаа хамт Тулгуур багшийн уран бичлэгийн ангид элсэн оржээ. Монгол уран бичлэгийн сонгоны ангийн багш сурагчдын бичсэн уран бичлэг хошуундаа нэртэй болжээ.

Тулгуур багш монгол уран бичлэгт оюун ухаан, ур чадвараа шавхаж явсан нь түүний олон арван бүтээлээс харагдана. Долоон жилийн цуцалтгүй хөдөлмөрөөр “Монголын нууц товчоо”-г уран бичлэгийн хэлбэрээр бичиж 11 дэвтэр ном болгон хэвлүүлсэн байна. Тулгуур багш Чингис хаантай холбогдох 40 гаруй ном дэвтрийг судлан уншиж тэмдэглэл бичиж, арваад жил эмхтгэн цуглуулсан Чингисийн билиг сургаалаа үсэн бийрээр сийрүүлж, 2013 онд “Чингис хааны билиг сургаал”-ын цардмал бичлэг гэх номоо хэвлүүлжээ. Мөн 2015 онд “Чингис хааны их засаг” номыг үсэн бийрээр бичиж хэвлүүлсэн байна.
Тулгуур багшийн “Монголын нууц товчоо” бүтээл нь Хөлөнбуйр хотын Засгийн газрын Утга урлагийн зохиол бүтээлийн VIII удаагийн “Ажнай хүлэг” шагнал, “Чингис хааны билиг сургаал” ном нь 2015 оны 12 дугаар сард Хөлөнбуйр хотын Засгийн газрын Утга урлагийн зохиол бүтээлийн IX удаагийн “Ажнай хүлэг” шагнал, “Чингис хааны их засаг” ном нь 2015 оны 6 дугаар сард II удаагийн “Уянга монгол уран бичлэг”-ийн содон шагнал, тус оны 8 дугаар сард VI удаагийн “Эх хэл цом”-ын 8 муж орны уран бичлэгийн тэмцээнд хоёрдугаар байрын шагналыг тус тус хүртжээ.
Tулгуур багш монгол уран бичлэгийг олон олон хүүхэд багачуудад зааж сурган, өвлүүлэн үлдээхээр хичээн зүтгэж явна.
