solongonews
Оддын зүг мордох жамтай уралдаж таныгаа л хайрлая, ээж ээ!
2015-12-28 18:21
Хэвлийд нь тонгочихоос өөр чадалгүй эмзэг дорой байхад минь энэ л эмэгтэй миний төлөө унтах нойроо хугасалж, бурхнаас сийлсэн турьхан биеэсээ гарамгүй хүчээр өөрийгөө шавхсан юм. Ариун умайд нь бүрэлдэж, амьнаас нь амь тастаж аваад дахиад ихийг шахаж шавдуулсаар хүний ертөнцөд мэндлэхдээ ч бас би энэ бүсгүйг үхэхээс наахнуур зовоосон юм. Худлаа биш дээ ямар, амьдын ертөнцөд дуугаа хадаах гэхдээ ядарч цуцсан ижийнхээ бүх ясыг салган байж хорвоо гэдэгтэй танилцсан юм шүү дээ.
Энэ үгийг чангаас чангаар хэлмээр санагддаг юм. Бас нэмж зарим зүйлийг учирламаар бодогддог л юм. Яг юу гэж гээч...
Та нар миний ижийг анхнаасаа л хяруу унасан гэзэгтэй, нүднийх нь гал ийм сүүмгэрхэн байсан гэж бодож байна уу. Үгүй дээ, та нарын нүдэнд үрчлээтэж хуурайшсан арьстай, хөл муутай харагдах энэ эмэгтэй намайг төрөхөөс өмнө царайны сайхнаараа гайхагдаж, биеийн гоогоороо шагшигдаж явсан юм шүү. 
 
Гэрэл зургийн цомогт гал дөлтэй харц, үзэсгэлэн төгс царай, давхраатай алаг нүдээрээ жаргал дэвсэн инээсэн аальхан бүсгүйн хөрөг олон бий. Тэр чинь л миний ижийн залуу нас байгаа юм. 
 
Хэвлийд нь тонгочихоос өөр чадалгүй эмзэг дорой байхад минь энэ л эмэгтэй миний төлөө унтах нойроо хугасалж, бурхнаас сийлсэн турьхан биеэсээ гарамгүй хүчээр өөрийгөө шавхсан юм. Ариун умайд нь бүрэлдэж, амьнаас нь амь тастаж аваад дахиад ихийг шахаж шавдуулсаар хүний ертөнцөд мэндлэхдээ ч бас би энэ бүсгүйг үхэхээс наахнуур зовоосон юм. Худлаа биш дээ ямар, амьдын ертөнцөд дуугаа хадаах гэхдээ ядарч цуцсан ижийнхээ бүх ясыг салган байж хорвоо гэдэгтэй танилцсан юм шүү дээ. 
 
Намайг төрөх дөхөхөд аав минь орхиод явчихсан юм гэсээн. Тулгар биетэй үлдсэн энэ л бүсгүй олны хэл амны бай болж, эцэггүй хүүхэд тээж яваагаараа чичлүүлж, хэдэн ч шөнө нулимс амталж өнжсөнийг хэн ч таахгүй. 
 
Арай гэж төрүүлсэн үр нь алдрай жаахнаасаа л аавыгаа нэхэж сэтгэлийг нь өмлөдөг байсан юм. Одоо санахад, ижий минь хайруу хорвоод хавчигдахын зовлонг халуун зүрхээрээ давах гэж хамаг чадлаа барж байхад би гэдэг хүн хажуу хавирганаас нь хэчнээн ч зовоосон юм бэ дээ. “Бүх хүүхэд аавтай байхад би л ганцаараа аавгүй” гэж тагтныхаа ханан дээр цэрдээр биччихээд ижийгээ зөндөө уйлуулж байснаа мартдаггүй юм. Уйлуулан байж өмнөө сөгтгөчихөөд сэтгэлийнх нь мухарт хэчнээн хар үүл хуруулснаа анзаарч мэдэрч даанч амжаагүй... 
 
Аавгүй өслөө гээд муу хүн болчихдоггүй юм билээ. Харин ээжтэйгээ хамт  өсч, ээжийнхээ халуун хайранд дулаацаж жаргахгүй л бол түмэн зовлонгийн эхлэл болох байсан гэж хожим нь би дурссан юм. 
 
Хэлж амжаагүй энэ үгээ намрын намарт намссаар байгаа энэ жижижгхэн эмэгтэйд сэтгэлээ онгойтол хэлмээр байна. Залуу нас, гоо үзэсгэлэнгээр чинь нартад би амилсан байтлаа ачийг тань хариулах чадалгүй яваадаа гэмшиж өлмий дор чинь сөгдөн өчмөөр байна. 
 
Ижий минь, илч дулаанаараа гийгүүлсэн нар минь, энэ орчлонгийн хаанаас ч эргэж олдохгүй энэрэл хайр минь. Оддын зүг мордох жамтай уралдаж таныгаа л би хайрламаар байна. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл