solongonews
“Торгоны зам”-аас “Төгөлдөр зам”-аар дэвшиж буй Шиньжян
2019-07-30 16:42
“Торгоны зам”-аас “Төгөлдөр зам”-аар дэвшиж буй Шиньжян

БНХАУ-даа хамгийн том газар нутагтай, хамгийн олон улс оронтой тэр дундаа Монгол Улстай хиллэдэг, хуурай газрын хамгийн урт хил, хамгийн олон хилийн боомттой /Монгол Улс руу Такешканы боомтоор дамжиж нэвтэрнэ/ гээд олон үзүүлэлтүүдээрээ тэргүүлдэг ШУӨЗО нь тус улсын Барууны орнууд руу нэвтрэх гол гүүр нь юм. 

“Хар тос ” хэмээх Карамай хот

1955 оны 10-р сарын 29-ний өдөр бол Карамайчуудын хувьд их билэг дэмбэрэлтэй чухал өдөр. Энэ өдөр анхны газрын тосоо өрөмдөж гарган, үүгээрээ ч амьжиргааны гол эх үүсвэрээ болгосоор өдийг хүрчээ. Хот анх байгуулагдахдаа нефтийн үйлдвэрлэлийн корпорацаар удирдуулдаг байсан бол хожим нь улс нь төрийн захиргааны ажлаа хамаарч, бизнесийнхэн нь бизнесээ л мэддэг болгож, төр бизнес хоёрыг салгасан байна. 

Шиньжяны газрын тосны компани нийт 37000 орчим ажиллагсадтай, анх 1960 онд газрын тосны олборлолтоороо улсынхаа хэрэгцээний 40 хувийг хангадаг байсан бол 2018 онд 11 сая 470 мянган тонн газрын тос, 3 тэрбум орчим шоо метр байгалийн хий үйлдвэрлэснээр улсынхаа эрчим хүчний аюулгүй байдал, орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Шиньжянаас олборлосон газрын тосыг боловсруулан шатах тослох материал, битум зэргийг боловсруулан экспортолдог тул  “Хар тос” хэмээх нэрээрээ алдаршжээ. Одоогоор тус  хотын нэг хүнд ногдох ДНБ 145800 юаньд хүрээд байна.

Найрсаг харилцаатай Улаанбаатар, Карамай хотууд

Карамай хот манай нийслэл Улаанбаатар хоттой хамтын ажиллагаатай гэх яриаг тус хотын захиргааны хүний амнаас сонсонгуут ихэд сониучирхан лавшруулан асуусан юм. Хорьдугаар зууны 90-ээд онд Монгол Улсад зохион байгуулсан олон улсын худалдаа, барилгын салбарын хөрөнгө оруулалтад Карамай хотынхон оролцож байжээ. Хожим нь Улаангом-Хандгайт чиглэлийн авто замын төсөлд оролцохын зэрэгцээ манай улс руу шингэрүүлсэн хийн түлш, замын битум, бөмбөлгийн тоног төхөөрөмж, газрын тосны машин, цемент, хөнгөн ган хийцийн байшин зэргийг нийлүүлж байжээ. Тэр ч бүү хэл тус хотын зарим компанийн удирдах ажилтнууд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан тул Монголын бизнесийн салбарын хамтын ажиллагааны шилдэг одон, медаль болон гадаадын иргэдэд олгодог шагналыг хүртэл хүртэж байжээ. 

2014 оны 8 сарын 15-ны өдөр Монгол Улсын засгийн газрын төлөөлөгчид Карамай хотод айлчилж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Улаанбаатар, Карамай хотуудын  хооронд найрамдалт хотын харилцааны  эхлэлийг тавьжээ. 2015 оны 9 сард Карамай хотын төлөөлөгчид манай нийслэлд айлчлах үеэр Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай болох тухай гэрээг албан ёсоор байгуулжээ. Түүнээс хойш хоёр хот боловсрол, соёл, барилга, бүтээн байгуулалтын салбарт хамтран  ажиллаж байгаа ажээ.

  

Уйгур үндэстний “жинхэнэ” нутаг Кашгар

Монголчууд холын гийчдийг мөнгөн аягатай сүү барин угтдаг болуйгурчууд үндэсний дуу хөгжмөө дуулж хуурдсаар угтана. Кашгарт буунгуут мөн л дуу хууртай угтахад бид ч бүр сурч дадсан мэт нутгийн уйгур иргэдтэй хамтдаа дуулж, бүжиглэцгээв.   

Кашгарын нэг онцлог нь нийт хүн амын 90 гаруй хувь нь уйгар үндэстэн, энэ нь ч тэнд хөл тавингуут хаашаа ч харсан хөнхөр том алаг нүд, өндөр хамартай хүмүүс зөрөн өнгөрч байгаатай таарснаар мэдрэгдэнэ. Аргагүй л “Кашгарт ирээгүй бол Шиньжянд ирсэнд бүү тооц” гэдэг үгний учир нь ийм буй за. Жилийн дундаж температур нь +37,+38 хэм. Харин биднийг ирэхийн өмнөх өдрүүдэд бороо их орсон тул сэрүүвтэр байсан ба +25,+26 хэм байлаа. 

Эртний хотын эргэлт буцалтгүй өөрчлөлт

Аялал жуулчлалын 5А зэрэглэлийн болзлыг хангасан Эртний хотын үүдээр ороход нэгэн том зах зээлээр явж байгаа мэт санагдана. Захын хоёр талаар нь нутгийн бараа бүтээгдэхүүнээ зарж буй наймаачид, оршин суугчид нь зогсоно,тэнд бараг л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байх шиг. Анх энд амьдарч байсан уйгурчуудын орон байр нь нэлээд муудсан, бараг нурж унах шахам байдалтай, цэвэр, бохир усны байгууламжгүйн улмаас оршин суугчид нь байшингийн дээвэр дээр бие засдаг байсан тул өмхий ханхалсан, хүнд хэцүү нөхцөлд амьдарцгаадаг байжээ. 

Иймээс Хятадын засгийн газар болон ШУӨЗО-ны захиргаа, ард олны хандив тусламжтайгаар нийт 7 тэрбум 490 сая юанийн  хөрөнгө оруулж өнөөгийн “шинэ” Эртний хотыг бий болгожээ.Ингэхийн тулд хуучин 5000 оршин суугчдын саналыг авч 64 удаа өөрчлөн барьж, энэхүү нүсэр ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. 

Ард иргэдийн аюулгүй байдлыг чанд сахин хамгаалж байна

Засгийн газраас хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж, сонор сэрэмжийг дээшлүүлснээр сүүлийн 30 сар буюу 2 жил гаруйн хугацаанд Кашгарт байтугай нийт Шиньжянд ч хэрэг гардаггүй. Учир нь  аюулаас хамгаалахынхан аливаа хэрэг гарлаа гэхэд нэг минутын дотор хэргийн газар очих хэмжээнд бэлэн байдалд бэлтгэл нь хангагдсан байдаг байна. Мөн ард иргэдийн ая тух, хэрэгцээг хангасан станцыг хаа сайгүй байрлуулж, тэнд харилцаа холбоо барих утсаар тоноглож, хэрэгцээтэй үед хаашаа ч залгаж мэдээлэх боломжийг бүрдүүлсэн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл