Цагаан алаг шумуулыг Азийн бар шумуул гэж ч нэрлэдэг. Хятад улс болон Зүүн Өмнөд Азийн халуун бүс болон дэд халуун бүсэд байдаг нэгэн төрлийн шумуул. Дэлхийд хамгаас хортой биологийн нэг төрөл бөгөөд Денге болон Зика вирусийг халдварлуулдаг гол зөөгч юм. Сүүлийн жилүүдэд Хятадын эрдэмтэд цөмийн техникийг цагаан алаг шумуулыг хянах салбарт ашигласан мэргэжил нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгджээ. Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлч Чэнь Хүйтин Хятадын Өмнөд нутгийн Гуандүн мужийн Дүнгуаньд байрлах “Шумуулын үйлдвэр”-тэй танилцаж, ажлын нууцыг нь тайллаа.
Дүнгуань дахь Жүншань их сургуулийн судалгааны хүрээлэнгийн “Шумуулын үйлдвэр” нь 800 квадрат метр газартай боловч Хятадын Атомын эрчим хүчний байгууллагын цөмийн техникийн хамтын ажиллагааны төвийн харьяан дахь судалгааны байгууллага юм. Ноднингийн 12-р сард ашиглалтад оруулсан бөгөөд хэвлэлийнхэнд анх нээлттэй болгож байна.
Тус үйлдвэр долоохон ажилтантай. Долоо хоног бүрдээ ойролцоогоор 5 сая шумуул тэжээдэг. Шумуул устгах зорилготой энэ үйлдвэрийн “бүтээгдэхүүн” нь харин эр шумуул аж. Үйлдвэрийн ажил нь өндөгнөөс шавж, тэгээд шумуул болох үйл явц байдаг. Хамгийн сонирхолтой нь эр эмийг нь ялган салгаж, цацраг идэвхт бодисын гэрлээр үржил хаах явдал юм.
Жүншань их сургуулийн Анагаахын коллежийн дэд профессор бөгөөд Хятадын Атомын эрчим хүчний байгууллагын цөмийн техникийг хорхой шавжийн үржил хаахад ашиглах судалгааны төвийн онц урьсан судлаач Жан Дүнжин шумуулын үйлдвэрийн гол техникийг танилцууллаа.
“Цөмийн техникийг ашиглаж эр шумуулын үржлийг хаах нь бидний гол арга. Манайханд цацраг идэвхт бодисын гэрэлтүүлгийн өрөө байдаг. Эр шумуулыг цөмийн техникийг ашигласан цацраг идэвхт бодисын гэрлээр үржлийг нь хаадаг. Хэрэв тэд зэрлэг эм шумуултай хосолбол эм шумуул нь ч үржлийн чадваргүй болдог”.
Дэлхий нийтээрээ цөмийн техникийг хорт шавжийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж хянах салбарт ашиглаад хэдэн арван жилийн нүүр үзэж байна. Анх 1982 онд Америк энэ аргаар амьтны шархан дээр өндөглөж, аминд нь хүрэм өвчин үүсгэх ногоон ялааг устгасан юм. Цацраг идэвхт бодисоор үржлийг нь хааж шумуул устгах мэргэжлийг эзэмшээд харин удаагүй юм.
2019 онд Жүншань их сургуулийн Анагаахын коллежийн хамт олон, Америкийн Мичиган муж улсын их сургууль зэрэг арван байгууллага нэгжийн 30 гаруй эрдэмтэд цацраг идэвхт бодис зэрэг аргаар хорхой шавжид “Үржил хаах мэс засал” хийх судалгааны үр дүнгээ олон улсын эрдэм шинжилгээний тэргүүлэх сэтгүүл “Nature”-д нийтлэн, хорхой шавжийн үржлийг хаах техникээр өвчин халдаагч шумуулыг хяналтдаа авах боломжтойг нотолсон юм.
Хятадын Атомын эрчим хүчний цөмийн техникийн судалгааны төвийн дарга Ү Жүндао хэлэхдээ:“Шумуулыг лабораторид тэжээх нь лабораторид хулсны баавгайг үржүүлж буйтай адил юм. Шумуулын хээр амьдрах чадварыг нь батлах шаардлагатай. Энэ нь бидний техникийн гол үүрэг. Хоёрдугаарт, туршилтад хамрагдсан шумуул 100% эр шумуул байхыг батлах нь бидний гол техникийн нэг. Эхний үеийн судалгаа нэлээд ээдрээтэй боловч техникийн асуудлыг шийдвэрлэсний дараа журамжсан хялбар ажил болдог. Тоног төхөөрөмж дээрээ тавиад цацраг идэвхт бодисын хэмжээг тогтоон ажиллуулсаар л болоо, хэдэн минут хэдхэн секундийн хэрэг”.
Хорхой шавжийн үржлийг хаах энэ техник нь хорхой устгах шингэнийг их хэмжээгээр хэрэглэж, химийн бохирдол үүсгэхээс зайлсхийх дээрээс нь энэ техник нь зөвхөн шумуулд үйлчилдэг, бусад биологийн төрөлд сөргөөр нөлөөлөхгүй. Үүний зэрэгцээ шумуулд эмийн эсэргүүцэл үүсэхгүй, урт хугацаанд урьдчилан сэргийлж засах үр дүнтэй юм. Одоохондоо тогтмол бүсэд шумуулыг үндсээр нь устгаж, өвчин халдварлуулах зөөгч болохоос нь сэргийлэх орчин үеийн биологийн цорын ганц сэргийлэн засах техник болж байгаа юм.
Тус төслийг Олон улсын Атомын эрчим хүчний байгууллага хүлээн зөвшөөрч, энэ жилийн 06-р сард Жүншань их сургуультай гэрээ байгуулан, Олон улсын Атомын эрчим хүчний байгууллагын цөмийн техникийн хамтын ажиллагааны төвийг байгуулжээ. Тус төв нь хөгжиж буй оронд шумуул халдварт өвчин дамжуулахаас сэргийлж, олон улсын олон нийтийн эрүүл мэндийн сорилтыг зохицуулах илүү олон аргыг эрэлхийлэх зорилготой ажиллаж байна.
Африкт одоо ч гэсэн хумхаа өвчин дэлгэрсээр бөгөөд олон хүмүүс шумуулд хазуулан халдвар авч байна. Шумуулын үржлийг хаахтай холбоотой техник нь хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Африкт туслахад чухал ач холбогдолтой юм. Ноднин Жан Дүнжин томилолтоор Өмнөд Африкийн Йоханнесбургийн Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, орон нутагт энэ техникээ түгээжээ. Тэрээр хэлэхдээ:“Би тэдний шумуулын шинэ үйлдвэрт нь хүрч, тэжээж буй байдалтай нь танилцаж, зөвлөгөө өгсөн. Гол нь бидний алаг шумуул тэжээсэн туршлагаасаа хуваалцаж, тэжээх төслөө сайжруулах талаар зөвлөжээ”.
Одоогийн цар тахлын нөхцөл байдалд олон улсын солилцоо, тусламжийн төлөвлөгөөг гол нь цахимаар явуулж байгаа. Судалгааны төв энэ онд Сингапурын Байгаль орчны Үндэсний газартай хамтран цахим семинар зохиосон ба Латин Америк, Карибын тэнгисийн бүсийн хүмүүсийг цахим сургалтад хамрууллаа.
Хятадын Атомын эрчим хүчний цөмийн техникийн судалгааны төвийн дарга Ү Жүндао хэлэхдээ "Шумуул өвчин халдварлуулах тухай судалгаа нь биологи, цөмийн техник, инженер ба математик зэрэг олон салбартай холбоотой орчин үеийн шинжлэх ухаан техникийн олон салбартай холбоотой юм" гэж байлаа. Тэрээр мөн “Шумуул устах ногоон, байгаль орчинд ээлтэй техникийг ашиглахад техникийн олон асуудлыг шийдвэрлэж чадаагүй учраас бид шинжлэх ухаанч судалгаагаа чангатгаж, боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна. Одоогийн ажил бол техникээ нөөцлөх ажил, чухал үед тахлын бүсэд хэрэглэхэд бэлтгэж байгаа, шаардлагатай юм бол гадаад оронд ч ашиглана, ажиллана”.
“Шумуулын үйлдвэр”-ийг “Азийн үржил хаасан шумуулын үйлдвэрлэлийн бааз” болгож, үйлдвэрлэлийн хүчнийг одоогийн 10 дахин болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний зэрэгцээ Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсэд шумуул устгах 3-4 жишиг цэгийг байгуулах бөгөөд гадаадад бэлтгэл сургалтын төв байгуулж, орон нутгийн иргэдийн “Шумуул устгах дайн”-д туслах зорилт тавьж байна.
