1994-1997 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд “Яруу найрагч Ренчиний Чойномын амьдрал уран бүтээл” сэдвээр доктор цол хамгаалсан тэрээр 2016 оны 12-р сарын 7-ны өдөр “Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны шагнал” хүртлээ. МЧЗХ-ноос ирүүлсэн энэхүү шагналыг ӨМӨЗО-нд суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ хүндэтгэлтэйгээр гардуулсан юм. Олон жилийн туршид монголын уран зохиол, Р.Чойном судлалын төлөө хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж явсан түүний нөр их хөдөлмөрийг үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналаар энгэрийг нь мялаасан буй.

“Р.Чойном судлал, түүний шүлгүүд” номыг Өвөр Монголын соёлын хэвлэлийн хорооноос 1996 онд хэвлүүлэн гаргаснаар Өвөр Монгол оронд Монгол Улсын жар, далаад оны үеийн яруу найргийн хөгжлийн явцыг тодорхой танилцуулсан. Л.Хасбаатар нь Төрийн шагналт яруу найрагч Ренчины Чойномын амьдрал уран бүтээлийн талаар ул суурьтай нарийн судалгаа хийж, үндсэндээ Монгол, Хятад хоёр улсын уран зохиол судлалын салбарт “Р.Чойном судлал”-ын анхны шанг татаж, шинэ үүдийг нээсэн юм. 1997 онд энэ сэдвийнхээ хүрээнд Улаанбаатар хотод “Яруу найргийн учирлахуй эрдэм”, “Солгой хөгжим шиг цагийг сөрж явсан найрагч” нэртэй хоёр ном гаргаж олны хүртээл болгосон билээ. Тэрээр энэхүү сэдвийнхээ хүрээнд МУИС, ТДС, УБИС, УЗДС-д эрдэм шинжилгээний илтгэл тавьж, оюутнуудын дунд чөлөөт ярилцлага өрнүүлэн тухайн үеийн оюутан залууст Монголын уламжлалт уран зохиолын нөлөө тусгал, уран зохиолын шинэчлэгдэх үлгэр жишээг зохиолчдын бодитой бүтээл туурвил дээр ярилцан хэлэлцүүлэг өрнүүлж байв. Мөн тус сэдвээрээ БНХАУ-ын Баруун Хойдын Үндэстний Их Сургууль, ӨМБИС, ӨМИС, Өвөр Монголын Монгол хэлний Тусгай Мэргэжлийн Их Сургууль, Шань Дүн Их сургуулиудад эрдэм шинжилгээний лекцүүд уншиж байсан. Үүнээс улбаалан Монгол Улсын уран зохиолын хөгжил, тухайн нийгмийн ахуй байдлын тухай нэлээд бүрэн тодорхой танилцуулж оюутан залуусын уран зохиолын сонирхлыг хөгжүүлэхэд нөлөөлсөн. 2009 онд Р.Чойномын тухай “Цагийн жаварт бөхөөгүй зул” нэртэй хоёр дахь номоо Улаанбаатар хотноо (кирил бичгээр) хэвлүүлэв. 2015 онд “Р.Чойном Л.Чулуунбаатар” нэртэй судалгааны шинэ бүтээлээ ХБНГУ-д хэвлүүлснээр зөвхөн Монголын орчин үеийн яруу найргийн хөгжлийг судлаад зогссонгүй. Харин монгол туургатны зохиолчид, тэдний зохиол бүтээлүүдийг харьцуулан жишсэн судалгааны ажлаараа цаг үеийн тулгамдсан шаардлагад нийцсэн шинэлэг сэдвийг зоригтойгоор нээж өгүүлсэн байдаг.

2016 онд БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгээс түүний дээрх судалгааны бүтээлийг улсын төслийн хэмжээнд зөвшөөрч, төслийн санхүүжилтээр энэхүү судалгааны ажил хэрэгжсэн нь өндрөөр үнэлэгдсэн аж. Л.Хасбаатар 2011 оноос өнөөг хүртэл ӨМИС-д шинээр үүсгэн байгуулсан кирил бичгийн ангийн гол мэргэжлийн хичээл семинарыг хариуцан эрхэлж, баклаврын хичээл заахын зэрэгцээ “Дэлхийн утга зохиол болон харьцуулсан уран зохиол”-ын чиглэлээр магиструудын эрдэм шинжилгээний ажлыг удирдан явуулж байна. Мөн Монгол Улсад ажиллах хугацаандаа “Монгол Улсын хятад хэл заах багш нарын нийгэмлэг”-ийн гишүүнээр ажиллахдаа улсын хэмжээнд жил бүр хятад хэлний Олимпиадыг хамтран зохион байгуулж байв. Улмаар шалгалтыг хянах, шилдэг оюутнуудад сургалт явуулж Хятадын “Дэлхийн хятад хэлний чуулган”-д оюутнуудыг идэвхтэй бэлтгэн томоохон боловсон хүчний эгнээг бэлтгэн төрүүлсэн. Оюутнуудыг Хятадын бүх их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй сургах зэрэг ажлуудыг арваад жилийн туршид хийсээр иржээ. Л.Хасбаатар найрагч БНХАУ-ын Боловсролын Яамны дэмжлэгээр УБИС-д 15000 ам.долларын сургалтын ном, сурах бичиг, материал, тоног төхөөрөмжүүдийг 2004 онд оруулж ирснээр оюутнуудын сурах нөхцөлийг сайжруулсан байна. Түүнээс гадна, 2006 онд УБИС-д БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн гадаад хэл заах төвийн 18 эрдэмтнийг урьж авчран “Монгол хүүхдэд хятад хэл заах арга зүй”-н олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байлаа. Монгол Улсын бүх их, дээд сургуулиудын мэргэжлийн эрдэмтдийг оролцуулан тусгай сэдэвт хэлэлцүүлэг хийлгэсэн. Үүгээрээ Монгол Улсын оюутнуудын хятад хэл сурах урам зоригийг бадрааж, идэвх сонирхлыг нь хөгжүүлжээ. УБИС-ийн Хятад хэлний танхимаас жил бүр БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутнуудыг хамруулан Хятад улсын нийт их сургуульд магистр, докторантын сургалтыг эрчимтэй явуулсан. Үүнд, Бээжингийн Их Сургууль, Тянжинь хотын Нанкай Их Сургууль, Шаншигийн бүх их, дээд сургууль, Жэ Жян, Гирин, Си Ань, Ланжөү, болон Өвөр Монголын их, дээд сургуулиудад олон арван оюутан залуучуудын сургалтыг дэмжин явуулсан байна. Түүний хийсэн бүтээснийг дурдаад баршгүй. Хятад хэлний мэргэжлээр хичээллэж буй оюутны хэлний орчин, дадлагыг сайжруулах зорилгоор Хятадын олон хот, орнуудын их, дээд сургууль оюутнуудыг сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамруулан суралцуулж сурлагын түвшинг нь дээшлүүлсэн. Мөн Монгол Улсын хятад хэл заах багш нарын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх ажилд идэвхтэй оролцож, Шаньдүн Их Сургуульд бүтэн сараар багш нарын мэргэжлийн түвшин дээшлүүлэх ажил зохион байгуулж байлаа.

Л.Хасбаатар ӨМИС-д ирснийхээ дараа ч гэсэн олон арван ажлууд хийсэн байдаг. 2011 онд Өвөр Монголын БСШУЯ-аас гаргасан шийдвэрийн дагуу ӨМИС-д “Кирил бичгийн мэргэжлийн анги” нээв. Энэ ажлыг хариуцан анхны хоёр ангийг өөрөө дааж авсан байна. Ингээд тэдний сурах хичээлийн бүхий л төрөл, төлөвлөгөөг гаргахад нөлөө бүхий мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан юм. Жил бүр тус мэргэжлийн ангийн арван оюутныг БНХАУ-ын Боловсролын Яамны даалтаар МУИС-д нэг жилийн хугацаатайгаар дадлагын сургалтад хамруулж, тухайн сургалтын ажлыг идэвхтэй гүйцэтгэж ирлээ. Кирил бичгийн мэргэжлийн ангид МУИС-аас жил бүр нэг эрдэмтэн багш урьж мэргэжлийн хичээл сургалт явуулдаг болсон байна.
Тухайн мэргэжлийн ангид сурах бичгийн дутагдлын асуудлыг шийдвэрлэх үүднээс МУИС-ийн дөрвөн эрдэмтэнтэй хамтран “Кирил бичиг”, “Монгол Улсын орчин үеийн уран зохиолын түүх” лекцийг шинээр бичиж хэвлэлд өгчээ. Ийнхүү Л.Хасбаатар найрагчийн уран зохиол, яруу найргийн төлөө болон олон зуун шавь нарынхаа төлөө зориулах эгэлгүй сэтгэл, үнэтэй цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл цаашид улам том амжилтуудыг гаргах нь дамжиггүй ээ.




Э.ҮРЖИНХАНД
