Зөөлөн бороо шивэрсэн дэлгэр зуны долоодугаар сард манай сурвалжлах багийнхан өндгөн чулуун дээр монгол амьдралаа амилуулан зурж хол ойрдоо нэр алдаршиж яваа Улаанхад хотын Ар Хорчин хошууны Шуугин суурингийн Алшаа гацааны монгол бүсгүй Жиньжүнийд рчсон юм.
Оюун ухаан уран гараараа монгол урлагийн гоо сайхныг илэрхийлж яваа энэ монголжин гоо бүсгүй хэдийгээр зөвхөн бага сургуулийн тавдугаар анги хүртэл бичиг соёлын мөр хөөсөн ч гэсэн, түүний амьдралын тухай нарийн ажиглалт, ухаан билгээс нь бойжсон уран зураг нь харсан бүхний нүдийг хужирлаж гайхаш алдуулна.

Тэрээр балчир багаасаа зураг зурах, цэцэг хатгахад онцгой сонирхолтой, авьяастай хүүхэд байв. Зургийн мэргэжил нэг ч өдөр сурч байгаагүйн дээр уран сэтгэхүй, ухаан, хичээл зүтгэлээрээ 4 жилийн турш 400 гаруй нарийн хийцтэй урлал бүтээл зурж бүтээсэн нь гайхалтай. Түүний чулуун зурагт найман шарга хатируулан айсуй. Түүний чулуун зурагт мартагдах шахсан монгол амьдрал дахин амилна … Тэрээр зургаа зурж эхлэхээр идэж уух, өвдөж зовохоо ч мартаж орхидог нэгэн.

Эцэг тэнгэрээс түүнд олноос онцгойрсон авьяас билэг соёрхсон ч, амьдралын замд нь өвчин зовлонг эрт мэдрүүлсэн нь энэхүү монгол бүсгүйн зориг тэвчээрийг шалгах гэсэн ч юм уу гэлтэй. 15 жилийн өмнө Жиньжү лимф булчирхайн өвчнөөс болж үг хэлэхэд хэцүү болж, нэг үе дуугүй амьдрал өнгөрүүлсэн байна.

Гэхдээ бие сэтгэлээ аргадахын тулд, эсвэл үр ач нараа санаж мөрөөдөж зурсан зургаа дурсамж болгон үлдээх үүднээс, монгол амьдрал ба монголчуудын өнгөрсөн амьдралыг чулуун дээр зурж амилуулахаар удаан жил хаясан үзэг бийрээ дөрвөн жилийн өмнө дахин барьж эхэлсэн гэдэг.

Зураг зурах гэдэг үнэндээ тэсвэр тэвчээр, ухаан билэг шалгах нарийн ажил юм. Түүнчлэн хүнд өвчинд нэрвэгдсэн хүн чулуун дээр зураг зурах нь тийм ч хялбар биш гэдэг нь тодорхой. Амьдралд хайртай хүн л амьдралыг ойлгож, амьдралыг урлаж, амьдралын утга агуулгыг нэн сайн тод үзүүлж чаддаг болов уу!







