solongonews
Ц.Оюунбадам: Хий хардалт, хэрүүл өдөх, үглэх нь үл ойлголцлын үндэс болно
2015-12-28 18:21
- Өнөөгийн "Миний хайраа, хайраа" гээд хэдийд ч хэнийг ч халчихдэг хайр нь зөвхөн хариу нэхсэн, эд хөрөнгө харсан, харилцсан бие биенээ хуурсан, зан төрхөө, зан заншил, ёс журмаа эвдсэн, явуургүй харьцаа байгаад харамсч явдаг. Сайхан залуу нас, сайхан эрчүүд, хүүхнүүдээ зөв тордож, хамгаалбал Монголын ирээдүй ч бас хамгаалагдах учиртай юм даа.
Ц.Оюунбадам:Хий хардалт, хэрүүл өдөх, үглэх нь үл ойлголцлын үндэс болно
 
Амьдрах ухаан сэтгэлзүйн "Энерги ариусахуй" төвийн тэргүүн, гэр бүл судлаач сэтгэл зүйч, АБТА, ЭХТА Ц.Оюунбадамтай ярилцлаа. "Энерги ариусахуй" төв 2008  оны  арваннэгдүгээр сарын 1-нд байгуулагдаж, өөртөө итгэх итгэл, урмаар дутсан олон хүнд зөвлөгөө өгч байна.
 
Ц.Оюунбадамтай зарим гэр бүлийн өмнө тулгамдсан үл ойлголцол, цөхрөл, цаашлаад салалтад хүргэдэг шалтгаан, үүнээс хэрхэн сэрэмжлэх тухайд ярилцлаа. Уншигч та сэтгэл зүйч Ц.Оюунбадамтай 91192135 дугаарын утсаар холбогдоорой. 
 
-Танд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь ямар шалтгаантай байдаг вэ. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?
-Ер нь гэр бүлийн харилцаа, хувь хүний ганцаардал, бусдын сэтгэл зүйн болон биеийн хүчирхийлэлд цөхөрсөн, эд мөнгөний хэрэглээнээс үүдэлтэй хүмүүсийн ёс зүй, зан байдалд нөлөөлөлтэй муу үр дагавар, үл ойлголцлоос үүдэлтэй сөрөг зүйлсийн тухайд бий. 
 
Бас архинаас үүдэлтай эмгэг, эрсдэл, үр хүүхэд, эцэг эхийн болон залуучуудын хайр сэтгэлийн асуудал зонхилдог. 2005 оноос хойш 300 гаруй хүнд 970 цагийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч 60 гаруй байгууллага, 6000 гаруй хүнд 400 шахам цагийн сургалт явуулж байна.
 
-Танд ханддаг хүмүүсийн цөөнгүй нь бие биедээ итгэл алдарснаас цөхөрдөг гэлээ. Үүний шалтгаан нь юу вэ?
-Гэр бүлийн гишүүдийн харилцааны олон зөрчил нь эцэг эх, үр хүүхэд, эхнэр, нөхөр аль аль нь бие биенээ үл хүндэтгэх, аль нэг нь хүслээ тулгаж, бусдыг сонсохгүй, давуу талаа хэтрүүлж сэтгэл зүйн болон биеийн хүчирхийллээр дарамтлах нь үл ойлголцох, сэтгэл алдрахын шалтгаан.
 
Эхнэр, нөхрийн хувьд гэр бүлийн оршин тогтнох боломжгүй болгодог гурван зүйл нь хий хардалт, үг өдөж хэрүүл үүсгэх, үргэлж үглэн янших юм. Энэ нь хэнийг ч цөхрөөж, амьдралын итгэлийг алдуулдаг.
 
-Гэр бүлийн хүмүүс нэгнийгээ хардах эрхтэй гэдэг шүү дээ. Бас хааяа үглэх нь зөв гэж үздэг гэрийн эзэгтэй нар ч бий. Ер нь ингэхийн цаад сөрөг үр дагавар нь юу вэ?
-Эхнэр, нөхөр аль нь ч гэр бүлийн гадуурх асуудалтай болох, салах, үр хүүхэд орон гэрээс дайжих, эцэг эхээ үл сонсоход хүрдэг. Үүн дээр архины хор хөнөөлийг нэмбэл даанч хэцүү.
 
Эдгээр нь гэр бүлийн бүх гишүүнд нөлөөлж, сэтгэцийн эрүүл мэндэд муугаар тусч бухимдал, эмгэг, айдас, уур бухимдал, түгшүүр, үл ойлголцох зөрчил бий болдог.
 
-Тэгэхээр эхнээсээ л ийм үр дагаварт хүрэхгүйн тулд хүмүүс яавал зохих бол?
-Ханиа зөв оношлохын тулд удам угийг, амьдралын хэв загвар, журам горим, хэрэгцээ сонирхол ямар болох, өөртөө тохирох эсэхийг үерхэж, нөхөрлөж, дүгнэж байж хайрлаж, дурлаж, амьдралаа зохиох нь чухал юм.
 
Сүүлийн үед насны ханиа сонгох нь хэтэрхий өнгөцхөн, өнгө мөнгө харсан, зугаа цэнгэлийн үед нэг учирсан учралаа насны юм шиг эндүүрч алдах нь их байна. Монгол ёс заншилд эцэг эх нь айл гэрийг зөв төвхнүүлж ёс жаягтай хандсанаар балчир залуу насны олон эндэгдэл, эрсдэлээс хамгаалсан байдаг.
 
-Тэгвэл эрчүүдийн хувьд та юу хэлэх вэ?
-"Хүүхнүүдээ, эрчүүдээ хайрлая" гэж уриалах байна. Монгол эрчүүд бол амьдралын өмөг түшиг, хос хоёр баганын нэг нь юм. Амьдралын болон байгалийн гамшиг, болзошгүй эрсдэлээс улс орон, орон гэр, гэр бүлээ хамгаалах үүрэг, хариуцлагатай.
 
Гэр бүлээ тэжээх тэтгэх чадвартай, тэнгэр заяат эр хүн юм даа. Гэтэл өнөөдрийн нийгмийн сөрөг үр дагавар, нөлөөллөөс сайхан Монгол эрчүүд маань архинд донтон, эмгэгшиж, архагшсан нь цөөнгүй болжээ.
 
Амьдралаа авч явах нь байтугай, биеэ авч явж чадахгүй, эхнэрийн буюу өрөөл бусдын хамгаалал, өмгөөлөл горьдсон арчаагүй байдалд нэлээд өртжээ.
 
Байгалиас заяасан үүрэг, хариуцлагыг нь үгүйсгэж, амьдралын хамаг ачааг үүрч, бухимдсан эхнэрүүд, бүр олох хийх нь миний л гавъяа гаж омогшиж, эрэмшсэн зарим нь эр нөхрөө дарангуйлан, тохуурхаж адгийн доройд тооцож, сэтгэлзүйн болон эдийн засаг, биеийн хүчирхийллээр дарангуйлагч болсон нь зүйд нийцэхгүй.
 
-Зарим гэр бүлийн хувьд таны хэлсэн шиг эмгэнэлт жишээ амьдрал болон хэрэгжсэн байх нь элбэг. Тэгвэл тэдэнд та юу гэж зөвлөх вэ?
-Хайр хүндэтгэл, харилцааны эв ухаан нь таны бусадтай ойлголцох үндэс юм шүү. Хайрлахын тулд хайрлах нь танд хэмжээлшгүй хайр, аз жаргал өгдөг. Хайрлуулахын тулд хайрлах нь төдий л сайхан амьдрал болдоггүй юм билээ.
 
Өнөөгийн "Миний хайраа, хайраа" гээд хэдийд ч хэнийг ч халчихдэг хайр нь зөвхөн хариу нэхсэн, эд хөрөнгө харсан, харилцсан бие биенээ хуурсан, зан төрхөө, зан заншил, ёс журмаа эвдсэн, явуургүй харьцаа байгаад харамсч явдаг. Сайхан залуу нас, сайхан эрчүүд, хүүхнүүдээ зөв тордож, хамгаалбал Монголын ирээдүй ч бас хамгаалагдах учиртай юм даа.
 
-Ер нь ханиа хэрхэн зөв сонгох вэ?
-Монгол уламжлал, зан заншлаа бодолцох хэрэгтэй. Үүнд, багаас нь сүй тавих, гэр бүлийн зурхайг баримтлах, хүнээ од гаригсийн нөлөөлөлтай заяа төөргөөр нь шинж гэсэн үг л дээ. Удам угсааг нь харгалзах гэх мэт сайхан уламжлал, ёс бий. "Уулзангуут уруул шүд, удалгүй гал, ус" гэж сэрэмжлүүлэн хэлсэн сайхан үг байна.
 
Амьдралын ханиа сонгох нь харанхуй шөнө зүү олохтой адил гэсэн үг. Ямар ч байсан харан тус алдарсан шохоорхлын харцаар хал алдсанаас хамт ажиллаж, сурч үерхэж, нөхөрлөж, ахуй амьдрал, зан байдал, сонирхол хэрэгцээ нь юу болох, бидэнд адил төстэй,зохицох юу их байна, зөрчилтэй ялгаатай нь юу байна гэдгийг тунгаан анхаарах хэрэгтэй.
 
-Зарим хүн "Би ханиа буруу сонгожээ" гаж ярьдаг. Ингэснээр цөөнгүй нь амьдралдаа сонирхолгүй болдог гэх юм?
-Өмнөх асуултаар ерөнхийд нь хариулсан. Ханиа таних нь байтугай хүнийг бүрэн мэдэж, таних нь тийм амар асуудал биш.
 
Иймд эхлээд өөрийгөө таньж, өөрийгөө нээж, зөв тооцон өөрийнхөө давуу, сул талыг зөв тооцон хөгжүүлэх, төлөвших чиг баримтлалаа олж үүн дээрээ үндэслэн бусадтай зохицох чадвараа сорин, ханиа ч олон талаас нь судалж зөв дүгнэлт гаргаарай.
Хожим нь амьдрал утгагүй, сонирхолгүй болдог нь бие биенээ ойлголцох, зохицох чадвар дутсантай л холбоотой шүү дээ.
 
-Үр хүүхэдтэй ч эхнэр, нөхрийн сэтгэл хөрч, ойлголцохгүй болсон гэр бүлүүд ч байна. Амьдралаа халуун дотноор үргэлжлүүлэх зөв зам нь юу вэ?
-Гэр бүлийн харилцааны тодорхой асуудлаар яаж зөрчилдсөнөөс шалтгаалах байх. Ойлголцох боломжгүй нөхцөл бүрдсэн, нэгэнт итгэл алдарч цөхөрсөн үед дагөө нь хүчээр барих нь хагарсан, эвдэрсэн зүйлийг анхны байдалд нь оруулах гэсэн үр дүн муутай оролдлого болов уу. Биеийг нь дэргэдээ авсан ч сэтгэлийг нь тогтоох амаргүй.
 
Зөрчил үүсгэдэг орчин, зан байдал, үйл явдал нь үргэлжилсээр (хардалт, үглэн янших, хэрүүл өдөх нь үргэлжилбэл) бүр ч боломжгүй л дээ. Харин ч тэр гэр бүлийн ойр орчмын үр хүүхэд, эцэг эх, эхнэр, нөхөр өөрсдөө байнга бухимдал, түгшүүр, хэрүүл, маргаанаас сэтгэцийн эрүүл мэнд доройтож, эмгэг өвчин болох нь бий.
 
Ийм тохиолдолд хоёр талаасаа ухаарч, тайвширч, амьдралаа эерэг, балж бүтэх талаас нь харж, хамтын зөв шийдвэр гаргаж, зөвшилцөлд хүрэх гарцыг олж шийдэх нь чухал. Хэн хэн нь зөвхөн өөрийгөө зөвтгөөд байвал үр дүнд хүрэхгүй. Хайртай л бол харилцан буулт хийж, уучилж, тэвчиж сурах нь чухал. Амьдралдаа аль ч талаасаа гуравдагч хүнийг оролцуулахгүйгээр асуудлаа шийдвэрлэж байгаарай.
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл