Бүгд найрамдах Болгар улсын ерөнхий сайд Бойко Бориссовийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, “Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын VII уулзалт”-д оролцохоор Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 07-р сарын 05-нд София хотод хүрэлцэн очсон байна.
Ли Кэчян: Хятад, Болгар уламжлалт гүн зузаан нөхөрлөлтэй. Болгар бол БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон улс орнуудын нэг, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж ирлээ. Би Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болсноос хойш анх удаа Болгар улсад айлчилж байна. Энэ нь Хятадын ерөнхий сайдын тус улсад 18 жилийн дараа хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, иж бүрэн найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлж, улам өндөр түвшинд гаргахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр: Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа Хятад-Төв, Зүүн Европын орнууд хоорондын харилцааг эрчимжүүлж, Европ тивийн интегралчлалд бүтээлч үүрэг гүйцэтгэсэн юм. Ивээх үзэл, ганц талт үзэл, даяаршлын эсрэг үзэл “толгой өндийж” байгаа нөхцөлд, Хятад, Төв, Зүүн Европын 16 орны удирдагч “16+1” хамтын ажиллагааг тогтвортой ахиулж, олон талт үзэл, эдийн засгийн даяаршлыг бодит үйл ажиллагаагаараа хамгаалж, чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжин, Хятад, Төв, Зүүн Европын ард түмэнд улам их үр ашиг хүртээн, бүс нутаг, дэлхийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийг шинэ эрч хүчээр сэлбэхийг хүсэж байна гэжээ.
БНболУ-д айлчлах хугацаандаа Ли Кэчян тус улсын ерөнхий сайд Бойко Бориссовтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулах арга хэмжээнд оролцон, хамтдаа сэтгүүлчидтэй уулзаж, тус улсын ерөнхийлөгчид бараалхах болно.
