solongonews
Мөрөөдлийн цэцэг тэмцэл дундаас дэлгэрнэ
2022-07-27 17:03
Мөрөөдлийн цэцэг тэмцэл дундаас дэлгэрнэ.

Үүдний хажууд дахь гурван хүрдтэй цахилгаан унадаг дугуйг намхан сандалд суурилуулан хоёр хөлөө болгосон хөгжлийн бэрхшээлтэй нэгэн бүсгүй:

- Тао эгчээ, өмнөх өдрийн авсан захиалга чинь бүрэн болсон шүү гэж хэлэнгээ бууж байв. Сайтар нягтлан харвал түүний хоёр хөл нь бүр хатангиршжээ.

Тао Шиньхуа таяг тулж гэрээсээ угтан гарч, түүнд машинаас нь бэлэн бүтээгдэхүүнийг өргөхөд нь туслав. Тоолж шалгаж дуусаад хүлээлгэн өгөхдөө:

- Нийт 60 ширхэг, төлбөр нь 120 юань боллоо гээд тооцоогоо хийлээ.

 Ачаа хүргэж буй бүсгүйг Ян Шяньфэн гэдэг. Энэ жил 58 настай, бага байхдаа саа өвчин туссанаас болж хөл нь гэмтжээ. Түүний ар гэр нь тогтвортой мөнгөний орлогогүй, нөхөр нь ч олон жил эрүүл мэндийн хувьд барагтай, удаан хугацаанд эм уусны улмаас тэдний амьдрал маш хэцүүдэж байв.

Тао Шиньхуа үүнийг сонсоод Ян Шяньфэнгийн гэрт хүрэхэд ердөө ганц пийшин, нэг л ортой байхыг хараад:

- Чи гар урлалын ажил оролдоод үз, амьдрал чинь сайжрах байхаа гэж Ян Шяньфэнд хэлэв.

Эхэндээ толгойн гоёл нэхэж, уут оёж эхлээд өдөрт 20-30 юаний л орлого үүдэж байлаа. Аажмаар чадвар нь сайжирч өдөрт 70-80 юаний орлоготой болжээ. Ян Шяньфэн:

- Одоо нэг сардаа дээд тал нь 3000 гаруй юаний орлого олдог. Над шиг хөгжлийн бэрхшээлтэй хүнд үүнээс илүү ажил олдохгүй гэж нүүрэндээ мишээл тодруулан ярина.

Тао Шиньхуа Жэжян мужийн Панань шяний Лэншүй сууринд төрж өссөн. Тэрээр хоёр настай байхдаа полиомиелитээр өвчилж, алхаж чадахгүй болжээ. Сургуулийн насанд хүрэхэд ар гэр нь ядуу, сургалтын төлбөр төлөх мөнгөгүйгээс сурч чадаагүй. Арван зургаан настай байхад нь ээж нь нас барж, аавынх нь биеийн байдал тааруу, газар тариалангийн ажил хийх боломжгүй, бас дөрвөн дүүгээ харж харгалзах хэрэгтэй учир амьдралын ачаа бүхэлдээ Тао Шиньхуагийн мөрөн дээр тулж ирэв. Эмийн ургамал ухах, цайны навч түүх, жижиг сажиг ажил хийдэг тэрээр хөгжлийн бэрхшээлтэй болохоороо энгийн ажилтны өдрийн цалингийн тал хагаст ч хүрэхгүй цалин авдаг.

Зарим хүмүүс хөгжлийн бэрхшээлийг буулт хийх шалтгаан гэж үздэг бол Тао Шиньхуа үүнийг амьдралд хүрэх, өөрийгөө даван туулах хөдөлгөгч хүч гэж үздэг. Хорин нэгэн настайдаа гэрлэхэд нөхөр нь ч хөгжлийн бэрхшээлтэй байв. Гэрлээд хоёр дахь жилдээ хүүтэй болж, тэд мөөг тариалах ферм байгуулж, бас нэг нэхмэлийн машин худалдан авч өрх гэрээ өөд татаж эхлэв. Тао Шиньхуа И-Ү жижиг барааны захаас бараа худалдан авч байхдаа санамсаргүй тохиолдлоор гар утасны уут боловсруулах анхны бизнесийг хүлээн авчээ. Гэртээ буцаж ирээд тэр даруйдаа нэг тосгоны 11 эгч дүүсээ дайчилж гар аргын ур чадвараа зааж, хагас сарын дараа гэхэд хуваарийн дагуу хүргэлтээ хийжээ. Худалдан авагчид чанар сайтай, цаг тухайд нь хүргэж чадсанд нь сэтгэл хангалуун байж боловсруулах бизнесээр түүнтэй гэрээ байгуулав. Анхны захиалгаа амжилттай хүлээлгэн өгч чадсандаа тэрээр маш их баярлаж бизнес байгаа л бол миний амьдрал өөдөлж чадна гэдэгтээ итгэл дүүрэн болов. Дүн өвлийн шөнөөр хүйтэн салхи исгэрч, цасан шуурга шуурч байсан ч тэрээр гурван хүрдтэй цахилгаан унадаг дугуйгаа унаад, И-Ү дэлгүүрт бараагаа хүргэж явснаа Тао Шиньхуа өнөөг хүртэл тодхон санана. Замын хагаст цахилгаан дугуй нь эвдэрч, утас нь тасарснаар замын хажууд ганцаараа зогсоод шөнийн гурван цаг хүртэл хүлээв. Өвлийн хүйтэн салхи хутга шиг ширүүн байсан ч ачаагаа цагт нь хүргэхийг бодож шүдээ зууж тэсвэрлэжээ. Тэр үед тэсэшгүй их хүйтний улмаас хөл нь хөлдсөн учир эдгэртэл гурван жил зарцуулж сорви нь одоо хүртэл тод үлджээ. Гэвч Тао Шиньхуа харамсах зүйлгүйгээр:

- Гарын үсэг зурсан тэр цаг бол амлалт байсан. Хичнээн хэцүү байсан ч би цагт нь биелүүлэх хэрэгтэй гэж дурсаж байлаа.

Гар утас дуугарч тэрээр бас нэгэн шинэ захиалга хүлээж авлаа. Захиалга өгсөн хүнийг Чэнь Шяодүн гэдэг. Жянши мужийн Дэшин хотод нутагтай. Тэрээр сонин дээрх мэдээллийг хараад Жяншигаас Лэншүйд тусгай аялал хийж, Тао Шиньхуагаас Дэшинд боловсруулах цэг байгуулахыг хүсчээ. Тао Шиньхуа энэ зорилгоор Дэшин хотод тусгай аялал хийж, тэнд нэмэлт хөдөлмөр байгааг ойлгож, нийлүүлсэн материалаар боловсруулалт хийн гэрийнхээ үүдэнд ажиллаж, чөлөөтэй ирж очих боломжтой байдал нь нутгийн иргэдэд бизнес эрхэлж баяжихад хамгийн тохиромжтой боломжийг олж харав. Ингээд Тао Шиньхуа 186 хавтгай ачааны машин худалдан авч, орон нутгийн ажилтнуудад үнэ төлбөргүй техникийн сургалт хийн, Дэшин хотын бизнесээ эхлүүлэв.

Дэшинд хамт очсон дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны дарга Шы Иншя:

- Тао эгчээ, та үнэхээр мундаг байна. Боловсруулах бизнесээ тосгоноос хот руу, хотоос шяньд өргөжүүлж, одоо мужаас гадуур хийж эхэллээ гэж Тао Шиньхуаг бишрэн хэлэв. Тао Шиньхуа:

- Нийлүүлсэн материалаар боловсруулалт хийх нь энгийн, сурахад хялбар мөртлөө хөдөлмөрийн эрч хүч өндөр биш, боловсролын түвшин ч өндөр шаардлага тавигддаггүй. Гэрийн ажил, хөдөлмөрийг аль алиныг нь харгалзан үзэх боломжтой. Өндөр настан, эмэгтэйчүүд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохирно гэж баяртайхан ярьж гарлаа. Шы Иншя:

- Та хөл муутай, арав гаруй боловсруулах цэгийг яаж арчлах вэ? гэж санаа тавин асуухад:

- Ихэнх боловсруулах цэгүүд өдөр бүр бараагаа хүргэж өгөхдөө л анхаарахад хангалттай. Одоо би "хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл"-д гол анхаарлаа хандуулж байна. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүний​хувьд зовлонг нь илүү мэднэ. Миний таньдаг хөгжлийн бэрхшээлтэй хүн л бол би бүх чадлараа тусална гэж ярьж байлаа.

- Ачаалал чинь хэт хүнд болохоос айхгүй юу? гэж Шы Иншя санаа зовнин асуухад:

- Би ч гэсэн багаасаа бусдаас тусламж авдаг байсан. Одоо нөхөр маань асрамжийн газарт амьдардаг, хүү минь цэргийн эмч, охин маань надтай хамт ажилладаг. Надад нөхцөл боломж байгаа учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах хэрэгтэй. Тэдэнд тусалж чадах нь намайг сэтгэл хангалуун, аз жаргалтай болгодог гэж сэтгэл хөдлөм хариулт өглөө.

2018 онд Тао Шиньхуа Лэншүй суурингаас гудамж нүүрлэсэн хоёр байшин худалдан авч, "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл"-ийг байгуулжээ. Нэгдүгээр давхарт боловсруулах цэг, хоёр давхарт гал тогоо, хоолны өрөө, гурав, дөрвөн давхарт сургалтын өрөө ба эрүүлжих өрөө байрлуулав. Энд 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гар хийцийн ажил хийж, үнэ төлбөргүй хоол идэж, долоо хоногт хоёр удаа эрүүлжих сургалтад хамрагддаг. Тао Шиньхуа бол боловсруулах цэгийн эрхлэгч төдийгүй, энэхүү "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл"-ийн ахлагч юм.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл "-ийн номын тавиур дээр "Улсын хамгийн сайхан гэр бүл", "Жэжянгийн сайн хүмүүс" гэх олон сайхан ном болон одон медаль, гэрчилгээнүүд тавьсан байдаг.

Зигао, Зикүй ах дүү хоёрын нэг нь далан нэгэн настай сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй, нөгөө нь мөн тавин найман настай хөгжлийн бэрхшээлтэй. Тосгондоо хамаатан садангүй, тэтгэврийн орон сууцанд амьдарч өрөө нь эмх замбараагүй байдаг тул хэн ч ордоггүй байв. Тао Шиньхуа хогийг цэвэрлэхэд нь тусалж, шинэ даавуу, хөнжил, хувцас, хийн зуух, хоол хийх сав суулга нэмснээр айлын гэр шиг төрхтэй болов. Тао Шиньхуа өглөө бүрийн 07:30 -д тэр ах дүү хоёрыг тосохоор очиж хотын "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл"-дээ авчирдаг.

- Эхэндээ тэр хоёр явахыг хүсээгүй. Би өдөр бүр тосохоор ирж дахин дахин ятгадаг байсны дүнд тэр хоёр надтай хамт явдаг болсон. Одоо тэд амттай хоол идэж, шинэ хувцас өмсөн царайд нь гэрэл гийж, гунигтай харц нь алга болсон гэж Тао Шиньхуа хүмүүст сонирхуулан ярьлаа. Үдээс хойш 16:30-д ах дүү хоёрыг гэрт нь хүргэж өгдөг нь Тао Шиньхуагийн өдөр тутмын ажил болжээ.

Хожим нь тус хот болон ойр хавийн хэд хэдэн тосгоны эмэгтэйчүүд, өндөр настнууд мөн "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл"-д ирж ажиллах хүсэлтэй болсноор Тао Шиньхуа боловсруулах цар хүрээг өргөжүүлэхээр гудамжны эсрэг талд дахин гурван өрөө түрээслэв. Жил хүрэхгүй хугацаанд ирсэн хүмүүсээ багтааж чадахгүй болсонд Тао Шиньхуа дахин боловсруулах цэгээ өргөжүүлэх арга эрэлхийлжээ.

- Жижиг үйлдвэрүүд хүн бүрийг баян болгож чадна. Энэ бол миний хамгийн аз жаргалтай бас тэсэн ядан хүлээж байгаа зүйл гэж тэрээр итгэл дүүрэн хэллээ.

Энэ үед бэлтгэн нийлүүлсэн материалаар нь боловсруулах газар байгуулсны урамшуулал олгох, хөдөөгийн арилжааны банкаар дамжин үйлчилгээ үзүүлж, гарааны зээлийг олгох, шяны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооныхон очиход 80 хувийн татвар өгөх ба зээлийн хүүг жил бүр, орон нутгийн засаг захиргаа газрын асуудлыг шийдвэрлэхийг чухалчлах зэрэг эмэгтэйчүүдийн холбооны бодлого гарч ирсэн нь Тао Шиньхуад зүйрлэшгүй их итгэлийн хүч нэмжээ.

Хоёр жилийн дараа тус шяньд 2.8 сая гаруй юаний хөрөнгө оруулалттай, 1000 шахам метр квадрат талбай бүхий "Хамтдаа баяжих барилга" баригдаж, шяны хамгийн том боловсруулах цэг болжээ.

 "Хамтдаа баяжих барилга" гэж нэрлэсний учрыг асуухад Тао Шиньхуа:

- Материалаар боловсруулснаар баяжих гэсэн хувийн мөрөөдөл минь биеллээ. Би ч бас энэ замаар тосгоны олон хүнийг хамтын хөгжил цэцэглэлтийн эгнээнд нэгтгэх болно гэж хариулсан юм.

Тэрээр одоо материал боловсруулах 13 цэгтэй, 300 гаруй ажилтантай, жилийн хураамж нь дөрвөн сая юаньд хүрч, бизнесийн төлөвлөгөө нь өргөжин, ар араасаа цуварч байгаа боловсон хүчин олширсоор байна.

Шилэмдэг цэцэг цэцэглэх цагаар Тао Шиньхуа хөгжлийн бэрхшээлтэй ах, эгч, дүүсээ дагуулан хаврын жуулчлал хийв.

Хурдны зам дээр тэр жижиг машин жолоодож, тосгоны зам дээр цахилгаан гурван дугуйтаа унан, гудамжинд алхахдаа харин таяг тулж явдаг.

Аяны замдаа тэрээр сэтгэлээ нээн хамтрагч нартайгаа илэн далангүй ярилцдаг. Тао Шиньхуа:

- Өмнө нь би ганцаараа таягаа тулаад Бээжингийн фермийн сургалтад хамрагдахаар явж, янз бүрийн газраар бие даан ажил хэлэлцээр хийж байсан юм. Бид өөртөө итгэлтэй байж, шаргуу хөдөлмөрлөж л байвал өдрийг сайхан өнгөрүүлж чадна гэдэгт итгэдэг гэж тэрээр ярина.

Эцэс төгсгөлгүй хаврын алтан цэцэгсийн дундуур аялж байгаа галт тэрэг, гар утасны дэлгэц дээр илэрч байгаа инээмсэглэсэн царай нь хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүмүүст хавар цагийн сайхныг мэдрүүлж байлаа. 

Зохиогч: ЧЭНЬ ШИНЬСЭНЬ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл