
Монголчууд дээр үеэс соёлын үүх түүхээ үүрэн хамгаалсаар өнөөдрийг хүргэсэн билээ. Энэ бүхнээс бид түүхээ олж хардаг, үндэстэн ястнаа таньдаг, баян өв, соёл боловсролоо бахархан мэдэрдэг. Эдгээр соёлын өв соёлд ардын дуу, уртын дуу, морин хуур, хөөмий, монгол бүжиг гэх мэт маш олон зүйл байдаг төдийгүй дэлхийд ганцхан Монголд л байдаг цоор дуу ч багтах учиртай. Эрт үедээ цоор дуу нь монгол үндэстний ордны дуугаар хаад ноёдод зориулж дуулагдаж байсан бол цаг үе хувьсан өөрчлөгдөхийг дагаад өнөөдөр болоход маш цөөн дуулагдах болж, гол төлөв Шилийнгол аймгийн Авга хошуу, Авханар суурингаар өвлөгдөн үлдсэн ул мөртэй аж.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны биет бус соёлын өвийн цоор дууны төлөөлөгч Үндэс нь 2014 онд уламжлагчаар нэрлэгджээ. Жирийн нэгэн малчин үндэстнийхээ өв соёлыг хайрлан уламжилж яваа нь бахархам. Үндэсийн аав нь хоёр их эрдэм ухаантай хүн байсан гэдэг. Нутаг усныхаа хийморийг өргөсөн нэртэй бөх, мөн цоор дууны дуучин явсан байна. Үндэс аавын хоёр эрдэм ухаанаас цоор дууг өвлөн уламжилж, Өвөр Монголын зэрэглэлийн цоор дууны биет бус соёлын өвийн уламжлагч болсон юм. Үндэс аавыгаа овоо тахилга, хурим найрын цуглаанд цоор дуу дуулахыг нь сонсон бахархаж, сурахаар шийдсэн байна. Эцгийн удам залгаж хоолой сайтай төрсөн нь Үндэст сурах боломж бүрэн байгааг илтгэнэ. Аав нь ч түүний цоор дуу сонирхдогийг анзаарч, дуулах арга барилыг зааж өгсөн байна. Үндэс Өвөр Монголын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагчаар нэрлэгдсэний дараа Өвөр Монголын Хөххотод ардын урлагийг өвлөн уламжлах зорилготой зохион байгуулагдсан чуулганы үеэр хорин хэдэн бадаг цоор дуу дуулан бичүүлжээ. Мөн дараа жил нь цоор дууны тайлан тоглолтоо Авга хошууны Билгүүдэй сууринд зохион байгуулж, нутаг усны зон олондоо урлагийн хүртээл болгосон юм.

Цоор дуу нь тансаг эрхэмсгийн илэрхийлэл бөгөөд хаад ноёд, ихэс дээдсүүдэд зориулж дуулагддаг, харц ардын дунд дуулахыг цээрлэх буюу маш цөөн дуулдаг байжээ. Харин сүүлийн үед малчид хурим найр, овоо тахилгаар бага багаар дуулсаар өнөөдөр болоход нийт монголчуудын дунд өргөнөөр тархсан юм. Том жижиг хурим найран дээр “Эртийн цагаан буян” дуугаар найр эхэлж, “Хөдөө шил”-ээр найраа өндөрлүүлдэг. Энгийн үед дуулах, цоордох нь нэг хүн, түрлэгийг бол түрж чадах хүн бүгд түрж болно гэж Үндэс цоор дууны талаар тайлбар өглөө.
Дууны онцлогийн хувьд цоор дуу нь уртын дуутай адилхан урт амьсгалж дуулдаг бол аман цоор хавсаргадгаараа ялгаатай. Төрийн ордны дуу байсных ч юм уу өмнө нь эмэгтэй хүн цоор дууг дуулж цоордож болохгүй, түрлэгд ч орж болохгүй хатуу цээртэй байв. Тайзны урлаг хөгжиж, ардын урлаг хүлээн зөвшөөрөгдсөн цаг үе ирж эмэгтэй хүн түрлэгт орж байгаа тохиолдол хаяа харагдах болсон юм. Өргөнөөр дуулагддаг цоор дуунд “Эртийн цагаан буян”, “Хан дэлхий”, “Алтан аруур”, “Тунгалаг гэгээн”, “Хөдөө шил” зэрэг байдаг.

Үндэсний эрэлхийлж явдаг нэгэн зүйл нь ааваасаа өвлөн сурсан цоор дуугаа үрийн үрд өвлөн үлдээх болно. Тэрээр бодолдоо хөтлөгдөн хоёр хүүдээ цоор дуу дуулахыг зааж өгснөөр хоёр хүү нь сайхан дуулдаг болжээ. Мөн Мөнхбаатар, Тулгуур гэдэг нутгийн хоёр дүү нь түүнд гарын шавь орж цоор дуу сурсан байна. Энэ мэтчилэн “суръя, мэдье” гээд зориод ирсэн хэн нэгний өөдөөс Үндэс “Чадахгүй” гэж хэлж байсангүй. Энэ онд Авга хошууны Монгол Дунд сургууль цоор дууны сургалтын анги нээж, Үндэс цоор дууны багшаар уригдан ажиллав.

“Цоор дууны өлгий” хэмээгдсэн Авга хошуунд цоор дууны нийгэмлэг байдаг. Одоогоор 60-аад хүний бүрэлдхүүнтэй бөгөөд үндэстний уламжлалт соёл урлагийн нэг болсон цоор дуугаа өвлөн хамгаалах ажилд хамтдаа зүтгэж явна.
