Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Хятадын Ляонин мужийн Гадаадтай найрамдлаар харилцах ардын нийгэмлэгийн урилгаар 2024 оны зургаа дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Хятадын Ляонин мужид найрсаг айлчлал хийв.

2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ляонин мужийн Намын хорооны Байнгын гишүүн, нарийн бичгийн дарга Зян Ёувэй Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Ляонин муж-Монгол хоорондын найрсаг харилцааг улам бүр бэхжүүлж, соёл, аялал жуулчлал, өсвөр үе, залуучууд, тинк танк болон орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд Ляонин мужийн хувь нэмрийг оруулахыг хүсэж буйгаа илэрхийллээ.

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид Шэньяны хааны ордон, Хятадын аж үйлвэрийн музейг үзэн сонирхож, Ляонины Олон улсын мэдээллийн төв, Зүүн хойдын Их сургууль, Шэньяны Хими, технологийн сургуульд зочилж, хэвлэл мэдээлэл, тухайн сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийв.

Мөн Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, Монголын аялал жуулчлалын Мэргэжлийн холбоо, Ляонин мужийн Гадаадтай найрамдлаар харилцах ардын нийгэмлэг, Ляонин мужийн гэрэл зурагчдын нийгэмлэг хамтран Шэньян хотод зохион байгуулсан Монгол, Ляонины гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлтэнд оролцов. Энэхүү үзэсгэлэнд хоёр талын 60 ширхэг гэрэл зураг тавигдсан. Түүнчлэн Монгол-Хятадын харилцаа, Монгол-Ляонины байгалийн үзэмж, хөгжил дэвшил, соёл сэтгэлгээний талаар Ляонин мужийн ард иргэдэд сурталчилсан юм.
Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвтэй хамтран Монгол, Хятадын найрамдлын долоо хоног арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн 2023 онд зохион байгуулсан тус арга хэмжээнд Ляонин мужийн Ардын Засгийн газрын гадаад харилцааны газар, Гадаадтай найрамдлаар харилцах ардын нийгэмлэгийн албан ёсны төлөөлөл болон Ляонин мужийн Дуу бүжгийн хамтлаг, Калиграфийн уран бүтээлч оролцож, Монголын олон нийтэд урлагийн тоглолт үзүүлбэрээр бэлэг барьж байсан юм.

Түүнчлэн зургаадугаар сарын 18-ны өдөр Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, Ляонин мужийн Гадаадтай найрамдлаар харилцах ардын нийгэмлэг хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр талууд шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол, аялал жуулчлал, биеийн тамир, найрсаг хотуудын харилцаа зэрэг олон чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхээр болсон нь Хятад Монголын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлж, найрамдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
2024 оны зургаадугаар сарын 19-ний өдөр эгнээндээ 6300 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг нэгтгэсэн Ляонин мужийн Худалдааг дэмжих нийгэмлэгт зочилж, Монголын аж ахуйн нэгжүүдийн зүгээс хамтын ажиллагааны боломж, саналаа Ляонин мужийн аж ахуйн нэгжүүдэд танилцуулсан юм.
Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн энэ удаагийн Ляонин мужид хийсэн айлчлал хоёр талын харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн, найрамдлыг бэхжүүлсэн, цаашид зохион байгуулах хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон чухал үр дүнтэй айлчлал болсонд Монголын талын төлөөлөгчид сэтгэгдэл өндөр буцлаа.

