-Хоёулаа Таны төрсөн нутаг уснаас яриагаа эхлэх үү?
-Би Өвөр Монголын Жирэм аймаг одоогийн Тонляо нутаг, Хорчин зүүн гарын дунд хошууны Өлзийт суманд төрсөн. Эхээс зургуулаа. Дөрвөн хүү, хоёр охинтой айл. Би гурав дахь хүү нь болж төрсөн.
-Таныг үе дамжсан эмч гэж сонссон..?
-Манай аав том маарамба хүн байсан юм. Монголжин хошууны хүн л дээ. Тэр хошуунд хоёр том сүм байсан. “Гэгээн”, “Алтан ширээт” гэж. “Алтан ширээт” хийдэд миний аав долоон настайгаасаа төвд, манж, монгол гээд гурван хэлээр бурханы номд суралцсан. Одоо байсан бол 120 гаруй настай хүн байх байжээ. Миний эмчийн мэргэжил ааваасаа уламжлалтай. Би Тонляо-даа Анагаах ухаан сургуулийг дүүргэж эмч болсон. Сургууль төгсөөд нутагтаа эмч хийж байгаад Монголд ирсэн.
-Монголд яаж ирэв?
-Монголд 1990-ээд онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт гэж анх байгуулагдаж, тэр шугамаар урдаас багш нар урьж авчирч ажиллуулсан. Олон жил мэргэжлээрээ ажилласан, ажлын арга туршлагатай эмчийг урьж хичээл заалгах болж би сонгогдож ирсэн юм. Би ч тэр үед 40 гаран настай байсан. Тэгээд л Монголд ирж багшласан.
-Аавынхаа мэргэжлийг өөр өвлөсөн хүн бий юү?
-Би л өвлөж авсан. Миний том ах гэж их эрдэмтэй хүн бий. МУИС-ийг 1950-иад онд төгссөн. Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Д.Цэрэнсодном, академич Д.Төмөртогоо нартай нэг төгсөлтийнх. Би ахыгаа бараг л эмч хүн гэж боддог. Учир нь хэдийгээр өөр мэргэжилтэй ч аавын олон эмийг Төвд, Монгол хэл дээрх бичиж, найруулж өгдөг, аавын гол туслах байсан. Энэ тал дээр их авъяастай.
Д.Цэрэнсодном гуай хэл түүхийн талаар том эрдэмтэй хүн хэдий ч анагаах ухаан, эмийн ургамлыг их сонирхдог. Монголд хаягдаад гээгдсэн олон ном судрыг цэгцлээд улсаас зөвшөөрөгдсөн хувийн музейгээ нээчихсэн. Богд хааны музейн хажууд бий шүү дээ. Та нар мэдэх байх. Ийм эрдэмтэй хүн байж бидний хийгээгүй зүйлийг хийж ирсэн, монголдоо том гавъяатай хүн гэж бодож явдаг. Миний том ах ч гэсэн тийм л санаа оноотой хүн байдаг. Тиймдээ ч Монголд очиж багшилж, ажиллаж, амьдар гэж хэлсэн. Нарийн ярих юм бол би гэдэг хүн ахынхаа д зөвлөснөөр Монголд ирж ажилласан хүн шүү.
Багшлахыхаа хажуугаар эмчээ хийнэ. Өвчтөн ихтэй. 1995 онд миний багшлах ажлын гэрээ дуусч байсан үе л дээ. Тэр үед нутаг буцах уу, эндээ үлдэж эмнэлэг байгуулаад ажиллаж, амьдрах уу гээд шийдэх зүйл их байлаа. Өвчтөнүүд маань ч та эндээ ажиллахгүй юм уу гээд л, гэр бүлийнхэн маань ч Монголд байх сонирхолтой. Тэгээд л үлдэхээр шийдсэн дээ.
Намайг эмнэлэг байгуулж байхад уламжлалт анагаахын чиглэлээр хувийн гэх цөөхөн эмнэлэг байдаг байсан. “Мамба дацаг” эмнэлэг, “Элэгний” Хатанбаатарын эмнэлэг гэх мэт.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би дөрвөн хүүхэдтэй л дээ.
-Та Монголд багшлахаар ирэхдээ л гэр бүлийнхнийгээ аваад ирсэн үү?
-Би ганцаараа ирсэн. Ганцаараа нэг жил гаруй амьдарсан. Би цагаан хоолтон, насаараа мах идээгүй. Монголд тэр үед ногоо цагаа ховор, цайны газарт цагаан хоолтонд идчих хоол ховор байлаа шүү дээ. Тэрнээсээ болоод ч тэр үү Монголд удаан байж чадахгүй санагдаж байлаа. Тэр үед эхнэр маань монголд ирсэн. Хүүхдүүдээ ах, дүү нартаа тарааж өгчихөөд над дээр ирсэн дээ. Хөгшин маань ирэх тэр үе хичнээн сайхан. Хоол ундтай, хувцас цэвэрхэн болохоор би ч жаргана биз дээ.
-Хүүхдүүдээ үлдээдэг нь.?
-Хүүхдүүд маань нас бага, сургууль соёлд ид сурч байсан үе л дээ.
-Хүүхдүүдээ хэзээ авчирав?
-Эхлээд том хүү маань ирсэн. Хүү маань тэр үеийн Монголын Зах зээлийн коллеж гэж одоогийн Санхүү, эдийн засгийн сургуульд оюутан болоод ирсэн. Дараа нь Багшийн дээд сургуулийн Орос хэлний ангид үргэлжлүүлэн сурч төгссөн. Хүү маань Мөнхзул гээд эмч эхнэртэй болсон. Том ач маань ч гарч, монголдоо амьдрах болсон. Ач хүү маань одоо ч том эр болсоон. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр Хөх хотод дөрөвдүгээр дамжаанд сурч байна.
Миний том охин урлагийн хүн. Урлаг судлаач, уртын дуучин Т.нарантуяа гэж. Монголын СУИС-д суралцаж магистр болон доктороо хамгаалсан.
Дараагийн охин маань Т.Цэцэнгоо гэж энэ эмнэлгийн дарга, эмч бий. Шанхайн Уламжлалт анагаах ухааны их сургуулийг төгссөн, магистр. Одоо Шанхайд докторт сурч байгаа. Хамгийн бага хүү маань Т.Соёлт. Бас эмч мэргэжилтэй. Монголд ирээд мэргэжлээрээ ажиллаад 14 жил болж байна. Манай 30 ортой эмнэлгийг хариуцаж ажиллуулдаг. Монголд магистр хамгаалсан, одоо докторант.
-Монголд ирж амьдрах, эмнэлгээ байгуулахад хэцүү байв уу?
-Миний шавь нараас европт ажиллаж амьдарч байгаа нь олон. Жишээ нь, Польш, Герман, Чех гэх мэт олон оронд бий. Тэд багшийгаа авч явъя гэж олон удаа санал тавьсан. Би яваагүй. Надад гадаадын тэр дундаа европт хийх зүйл байхгүй. Хэл мэдэхгүй, дасах ч үгүй. Би Монголдоо л байх сонирхолтой, уламжлалт анагаахыг монголдоо хөгжүүлж, өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулахыг л хүсдэг. Манай хүүхдүүд ч гэсэн ааваа Америкт очиж амьдаръя, ажиллая гэж байсан удаатай. Би “Та нар Монголдоо л ажилла. Юу нь болохгүй байна. Мөнгө, сангийн тухай би нэг их ярих дургүй. Өөрийн хэрэгцээ, амьдралд хүрээд амьдарч болж байвал л боллоо. Түүнээс их мөнгө хийж баяжъя гэсэн санаа алга. Миний аав ч тийм хүн байсан. Өөрийнхөө хэмжээнд л ажиллаж амьдрахад болно.
-Анх та ямар байранд эмнэлгээ нээв?
-Би чинь одоо олон газарт түрээс төлөөд л ажилладаг байлаа. Нэг өрөө байснаа хоёр болгоод л аль болох чадахаараа ахиулж явна. Одоо энэ байр л гэхэд таван өрөөтэй, манай амболатор байрладаг. 30 ортой эмнэлэг маань Таван шард байрлаж байна. Бидэнд болж байна аа. Сэтгэл хангалуун байна.
-Монголчууд бид чинь ихэвчлэн юунаас болж, ямар өвчнөөр голдуу өвдөөд байна..?
-Хамгийн гол нь хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Буруу хооллож байна. Монгол орон хуурайдуу, гандуу, өвөлдөө хүйтэн, эрс тэс уур амьсгалтай шүү дээ. Их даарч хөрдөг. Иддэг хоол нь уураг ихтэй, мах голдуу. Дээрээс нь архи, дарс их уудаг. Энэ бүгд л өвдөх суурийг нь тавиад байна. Өөх тос, архи дарс гэдэг нь цусыг өтгөрүүлж, холестеринийг ихэсгэдэг. Ардаараа яривал шар борын өвчин үүсгэж байна. Ингэж хооллосноор элэг өөхөлдөг, цус өтгөрч, нойр булчихай, бөөр давсаг нь өвдөж хавддаг. Тэрнээсээ болоод зүрх судас, цусны даралт гээд л улбаалаад яваад өгнө дөө. Бас хөдөлгөөний хомсдол байна. Өглөө бараг л хоол идэхгүй гарч байгаа даа. Өдөр яарсан нэгэн нь чихэр, жигнэмэг идээд өнгөрчихнө. Өлсөж, өлсөж орой махтай хоол идэж аваад л зурагт хараад суучихна. Шингэхэд хэцүү биз дээ.
Уул нь бол өглөөдөө хөнгөн сайхан хоол хүнс идээд, өдөр нь аятай сайхан хооллоод, орой гэртээ ирэхэд өлсөх нь бага. Хөнгөн аятай хооллочихоод гараад хэдэн минут алхах хэрэгтэй. Тэгэх юм бол эрүүл байж чадна.
Дээр нь энэ агаарын бохирдол их нөлөөлж байна. Утаа тоосны асуудлаа шийдэж чадахгүй болохоор аргагүй дээ. Амьсгалын замын, тэр уушиг, зүрхний өвчлөлт их байна. Ханиад томуу ихэссэн. Уул нь томуу туслаа гэхэд 3-5 хоногт эдгэчихдэг ханиад 2-3 сарын дараа эдгэх жишээтэй. Энэ бүгд агаарын бохирдолтой холбоотой. Цанын бааз хотоос 3-4 км-ийн зайд байдаг. Тэнд очоод хот руу харахад юу ч үзэгдэхгүй шүү дээ. Тэнд очоод амьсгаа авахад цээж тэнийгээд ямар сайхан болдог билээ. Биесээ анхаарах хэрэгтэй.
-Сүүлийн үед хортой, хоргүй хавдар өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэх боллоо. Уламжлалт анагаахын аргаар энэ өвчнийг эмчлэх арга бий болов уу?
-Хавдар өвчин мөн л бидний идэж уух хүнстэй их холбоотой. Тэр дундаа энэ элэгний хорт хавдар өвчин архитай их холбоотой байна. Хавдраар өвчлөгсөд их залуужиж байгаад санаа зовж байна.
Хорт хавдарыг дэлхий нийтээрээ бүрэн төгс эмчлэж чадахгүй байна. Уламжлалт анагаах ухаанаар хавдрыг эрт оношлосон тохиолдолд амьдрах хугацааг нь уртасгаж чадна. Харин гурав, дөрөв, тав дахь үедээ орсон бол бууж өгөхөөс өөр аргагүй. Эхний хоёр шатанд нь оношлож чадвал учиртай. Залуучуудын цусны даралт их ихэсдэг болжээ. Цус харвалж их байна. 30 гарч буй залуучуудын цусны даралт 150, 160 хүрээд байна шүү дээ. Энэ асуудал шүү. Мөн амьсгалын замын өвчин их байна.
-Таны нүдээр энэ Монголын эмнэлгийн салбарт хөгжил дэвшил гарч байна уу?
-Гарч байна аа. Монголын эмнэлгийн салбар маш сайн хөгжиж байна. Хувийн эмнэлгүүд олноороо шинээр байгуулагдаж байна. Өрсөлдөөн ихтэй байна. Өрсөлдөөн байгаа газарт хариуцлага өндөр байна гэсэн үг. Үйлчилгээ, хариуцлага муутай газарт үйлчлүүлэгч очихгүй. Одоо хүмүүс дээр үеийнх шиг хаана бол хаана очиж эмчлүүлэхгүй. Эмнэлгээ бас эмчээ сонгож үйлчлүүлж байна. Тэгэхээр хөгжихөөс өөр арга байхгүй. Европ талын оношлогооны тоног төхөөрөмжүүд үнэхээр сайжирч байна. Монголд элэг, бөөр шилжүүлж суулгаж байна. Монголд зүрх нь өвдсөн хүн бараг үхэхгүй байна.
Судас тэлэх мэс заслыг манай III эмнэлэг маш сайн хийж байна. Тоног төхөөрөмж нь ч сайн байна. Намайг монголд ирж байсан үеийг бодоход европын анагаах ухаан үнэхээр сайн хөгжлөө. Уламжлалт эмчилгээ ч сайжирсан. Эм тангийн чанар сайжирлаа. Мэргэжлийн төвшин, үйлчилгээ ч дээшилсэн. Би 30 орчим жил Монголд ажиллаж амьдарч байна. Надад маш их мэдрэгдэж байгаа.
Зарим хүмүүс аливааг болохгүй байна энэ тэр гээд л ярьдаг. Тэгэхэд нь би “Юу нь болохгүй байна. Надад болж байна” гэж хэлдэг юм. Тэгэхдээ түүнд сэтгэл ханаж болохгүй ээ. Улам л цаашаа хичээж, сурч, мэргэжлээ дээшлүүлж, судалж, хүний чадахгүйг хийж сурах хэрэгтэй. Энэ талаар л бодож хичээх хэрэгтэй.
-Та эм тангаа яаж бэлдэж байна. Монголдоо тарьдаг уу?
-Би эм тангаа Монголоосоо голдуу авдаг. Улаанбаатар Эмийн үйлдвэрийн корпорациас авдаг. Шаардлагатай гэсэн зарим эмээ урдаас авдаг. Хүнд өвчтэй үйлчлүүлэгчдээ өөрсдөө нарийн жороор эм найруулж өгдөг.
-Шинэ эмийн жороо бүртгүүлж барина биз?
-Улсын бүртгэлд бүртгүүлэхээр шинэ эм бол хийгээгүй. Батлагдсан жорын дагуу найруулах хэрэг гардаг. Хүдрийн заар, баавгайн доньд ч гэдэг юм уу ховор нандин эмийг нэмэлтээр хийх жишээтэй.
-Танайх бусад эмнэлгээс юугаараа онцлог вэ?
-Манайх уламжлалт анагаах ухаанаар элэгний цероз, нойр булчирхай, ходоодны шарх, бөөрний архаг дутагдлыг эмчилж байна. Харшлын чанартай цусны өвчин байна. Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ, нүүрний саажилтыг эмчилж байна. Энэ тал дээр манай охин, хүү хоёр сайн. Нүүр нь муруйгаад нэг, хоёр жил болсон хүнийг ч л эдгээж байсан. Олон ч хүнийг эмчилсэн дээ.
Харшлын гаралтай янз бүрийн арьсны өвчнийг эмчилнэ. Зүү тавих, самнуур хийнэ. Сүүлийн үед хүмүүс “Могойн яр”-аар их өвдөх болсон. Түргэн эдгэрлээ ч урхаг ихтэй өвчин. Тиймээс энэ талын эмчилгээг бид хийдэг. Олон ч хүнийг эдгээсэн.
Уламжлалт анагаах ухааны сэтгүүлд би нэг илтгэлээ хэвлүүлж байлаа. Энэ нь эмэгтэйчүүдийн өвчинтэй холбоотой илтгэл л дээ. Эмэгтэйчүүдийн савны, өндгөвчний киста, хавдар, хөхний хавдар, жирэмслэдэггүй гэх мэт өвчнүүдийг бид эмчилдэг.
Саажилттай төрсөн хүүхдүүд байна. Ийм хүүхдүүдэд зүү тавьж, бариа хийнэ. Дотроос нь мөн эм уулгана. Мөн унадаг өвчин байна. Бид эдгээрийг эмчилж чаддагаараа давуу гэх үү дээ. Эдгээр нь тэр бүр эмчлэгддэггүй, урхагтай өвчин л дөө. Тэгэхдээ 100-ны 100 хувь гэж ам гарахгүй. Үе мөчний өвчнийг бид эмчилдэг.
Шулуун гэдэсний гемро, шамбарамтай иргэд хэдэн сая төгрөгөөр хагалгаа хийлгэдэг. Тийм мөнгөгүй нэгэн нь “Та эмчилж чадах уу” гэсээр ирдэг л дээ. Энэ өвчинд гурван сар эмчилгээг хэдэн зуун мянган төгрөгөөр хийж, тан уулгаад л эмчилчихнэ. Тэр их нууц жор оо.
-Эрэгтэйчүүдийн өвчний хувьд?
-Эрэгтэйчүүдийн түрүү булчирхай томорч байна. Энэ өвчин залуужих төлөвтэй. Чалх сулралт их байна. Бид эмчилнэ.
-Уламжлалт эмчилгээнд хугацаа их шаарддаг..?
-Хугацаа их шаардана. Тэр дундаа архаг өвчинд. Манай монголчууд их яаруу, тэвчээргүй шүү дээ. Олон жил европ эмчилгээгээр эмчлүүлж сурчихаад 7, 10 хоног эм тариагаар бөмбөгдүүлдэгтэйгээ адилхан санадаг. Тийм биш шүү. Би үзүүлсэн өвчтөндөө эхлээд тав хоног уух тан, эм өгдөг. Уугаад үр дүнг нь өөрөө мэдрэх хэрэгтэй. Надаар эмчлүүлсэн, орсон, гарсан хүмүүс мэднэ. Наад өвгөн чинь ирж үзүүлсэн болгонд тан өгөхгүй гэж ярьдаг гэсэн. Үнэхээр эмчлүүлье гэсэнд нь тангаа өгч, миний ид гэсэн юмыг идэж, уу гэсэн юмыг ууж байж эдгэнэ. Би ийм л хатуу зарчимтай. Тэгж байж л эдгэнэ шүү дээ.
Залуус бүгд л ямар нэг юмнаас харшилдаг болж. Энэ юунаас болдог юм бол..?
-Тухайн хүний биеийн дархлаагаас гадна энд орчин их нөлөөлж байна. Ургамал, цэцэг, тоос гээд... Бид харшлыг эмчилдэг. Эмчлүүлсэн нэгэн нь би ургамал ногоон дунд сууж, хонож үзсэн хөдлөөгүй гэж ярьсаар ирдэг. Биеэрээ ингэж тоглож болохгүй, аль болох хол байх хэрэгтэй гэж сануулдаг. Эргээд сэдрэхийг үгүйсгэхгүй, болгоомжтой хандаарай гэж сануулдаг. Харшилтай хүнд манай охин зүү тавьж, би тан өгч эмчилдэг. Тангаа чанаад хамраа утна. Тэр европын хамар руугаа цацдаг эмийг хэрэглэж хүчээр онгойлгож байна. Энэ сайн биш ээ. Танг буцалгаад уураар нь утаж зөөлрүүлэн хор нөлөөг нь гадагшилдаг. Мөн нунтаг эм өгч хамар руу нь татуулдаг. Үүний дараа учиргүй их найтаана. Ер нь олон жилийн арга туршлагаараа л эмчлэнэ дээ. Нарийн арга бий.
Шавь нар маань надаас “Багшаа та судас бариад оношлох аргаа заагаад өгөөч. Би гялс сураад Польшид очоод, ажилламаар байна” гэж ярьдаг. Судсаар оношилно гэдэг тийм ч амар биш. Мэдрэлийн төвшинөөс оюуны төвшинд хүргэж байж оношилно. Эхний ээлжинд халуун, хүйтэн судсаа ялгаж сурах хэрэгтэй. Үүний тулд 3 000 хүний судсыг барьж үзэх хэрэгтэй. Тэгж байж ялгадаг болно. Тиймээс маш их хугацаа, бясалгал, оюуны мэдрэмж шаарддаг. Судас барьж олон төрлийн шинж тэмдэг, биед ямар дохио илэрч буйг мэднэ гэдэг их агуу төвшин шүү.
-Ингэж ажиллахад их ядардаг байх даа..?
-Өдрийн ажлаа тараад гэртээ орсон л бол бүгдийг мартах хэрэгтэй. Өвчтөнөө бодоод хонох юм бол толгой амарч чадахгүй. Өглөө эрт босоод өчигдрийнхөө ажлаа нөхөн бодоход л болно. Тэгж л ядаргаагаа тайлж байх хэрэгтэй.
Би өдөр бүр оройн хоолоо идсэний дараа 45 минут алхдаг. Өвлийн хүйтэнд ч алхана. Ханиад ч хүрэхгүй. Хэрэв бүр гарч алхаж болохгүй бол 9 давхар байшингийн шатаар дээш, доош арван удаа өгсөж уруудахад болно. Би одоо 70 гаруй настай. Надад сул унжсан мах, өөх байхгүй. Бүгд булчин. Нэг согтуу хүн ирвэл надтай үзэх хэрэггүй, явсан нь дээр. Харин хоёр хүн ирчихвэл аргагүйдэх байх. Нэг нь ардаас тэвэрчихнэ/ инээв/.
-Та Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм байна. Энэ хэдэн онд бэ?
-2009 онд шагнуулсан. Би “Алтан гадас” одон авахдаа “Надад уламжлалт анагаах ухааны чиглэлээр хийх зүйл их байна. Би хүүхдүүддээ энэ арга ухаанаа өвлүүлж үлдээнэ” гэдгээ хэлсэн. Надад шавь орсон хүмүүс мэдэх байх. Намайг багш гээд хүндэлсэн бүхэнд аль мэдэхээ зааж өгдөг, өгнө. Сурсан эрдмээ Монгол нутагтаа үлдээж, бүр олон хүнд буян үлдээнэ гэж бодож явдаг.
-Ирээдүйд юу хийж бүтээхээр төлөвлөж байна даа?
-Ирээдүйд ач, зээгээ эмч болгох бодолтой байна. Энэ бол миний хүсэл шүү. Уламжлалт анагаахын сургууль байгуулж, залуусыг сургах хүсэлтэй. Зүү болон бариа засал, эмийн бус эмчилгээ их чухал шүү. Энэ талаар бодож төлөвлөж л сууна. Цэцэнгоо охин маань юутай ч доктороо хамгаалаад ирэг дээ.
-30 ортой эмнэлгээ өргөтгөх үү?
-Санаа байна, “унаа” нь хүрэхгүй байна. Юунд яарах вэ дээ. Чанартай эмчилгээ чухал.
-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүн агрономч, эм зүйч мэргэжилтэй. Хөгшний маань тарьдаг хүнсний ногоог бид, манай эмнэлгийн үйлчлүүлэгчид жилийн дөрвөн улиралд хэрэглэж байна. Өвөлдөө хэрэглэх ногоогоо зооринд хадгалчихна. Миний сайхан дөрвөн хүүхдийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн том гавъяатай хүн дээ. Хүүхдүүдийн маань гурав нь доктор, нэг нь магистр гэхээр бахархмаар байгаа биз. Бид хүүхдүүдээрээ бахархдаг. Энэ гэр бүлийн хамгийн том ажлыг нугалж яваа хөгшиндөө их баярлаж явдаг даа. Ач, зээ нарыг минь харна. Тэднийг хооллоно, сургуульд нь хүргэж өгч, авна. Ажил нь их шүү. Бүгдийг зохицуулж байна.
-Та нутгаа санаж байна уу?
-Гайгүй дээ. Би жилдээ хэд хэдэн удаа чөлөөтэй явж байгаад ирдэг болохоор асуудалгүй. Нэг явахдаа доод тал нь 14 хоног явна шүү дээ. Цагаан сараар бас явна. Бүр 40 гаран хоногоор явна гээч.
Бид ийнхүү хөөрөлдөв. Би та бүхнийг мэргэжилдээ үнэнч, чадварлаг эмч Тогтохтой уулзууллаа. Хэрэв та үзүүлэхийг хүсвэл “Нууц увидас” эмнэлгийг зориход л болно.
