
Салхинд урагдсан эх газраа
Сэтгэл зүрхээрээ анагаах шиг зөөлөн зөөлөн намирна
Тоосонд хахсан шинэ навчсаа
Дом шившлэгээр арилах шиг шавшин шавшин угаана
Хөрсөнд цохилох судас шиг үндэс бүхэнд “Цус” нөхвөрлөн
Хурын шидэт “Эм” юүлж аяар аяархан шимтэнэ
Хөөрхөн цагаан бодол шиг яргуйн булбарай бөмбөлөгт
Хүслийн ягаан гэгээ татуулж сэм сэмхэн солонгорно
Сүүтэй бурхны энгэр чийгтэж саалийн үнэр ханхлах шиг
Сансрын цээлээс өршөөл гуйж өрөвчхөн сэтгэлээр уяранхан
Үзэсгэлэнт шүүхрийн дэлбээ задарч хөлтэй цэцэг гунхах шиг
Өндөр тэнгрээс ивээл хүртэж үнэнчхэн хайраар догдлонхон
Шувуудын далавч мөчир дамжин улирлын сайхныг дуулах шиг
Шиврэн шиврэх уянган бороо ухааны гүнд игтлэнхэн
Хөгжмийн эгшиг уянгарч сэтгэлийн ёнхорыг хөндөх шиг
Хөдөөд ирсэн тэнгэрийн айзам сонорын эчнээ яруухан
Хүүхдийн тавхай ус бутрааж өвстэйгээ хамт тоглох шиг
Хөгжилт эрний эрчим чангалж өнийн хязгаарт ялгуухан…
