Хятадын Хэрэглэгчийн нийгэмлэг 22-нд Бээжинд зохион явуулсан Цахим худалдааны хуулийн төсөл, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай тусгай сэдэвт хурлын үеэр, эрдэмтэн мэргэжилтэн, судлаачид цахим худалдааны эрхлэлт, үйл ажиллагааны менежмент, шударга бус өрсөлдөөн, цахим худалдааны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд авч хэлэлцжээ. Уг хуулийн төсөл цахим худалдаа эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг нарийн тодорхойлж, хэрэглэгчдийн эрх ашгийг илүү сайн баталгаажуулж чадна хэмээн мэргэжилтнүүд санал болгожээ.
Цахим худалдаа сүүлийн жилүүдэд Хятадад маш хурдтай хөгжлөө. Бүртгэлээс үзвэл, 2016 онд Хятадын цахим худалдааны бараа гүйлгээ 30 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 25.5 хувиар өсөн нэмэгдсэн байна. Цахим худалдаа хятадуудын амьдралын хэлбэр, хэрэглээний дадлыг байнга өөрчилж, улам сайжруулж чадсан гэж хэлж болно. Гэвч цахим худалдааны хурдтай хөгжил, арга хэлбэр олон янз болохын хэрээр, зарим асуудлыг дагуулсан тул зохицуулалт хийх шаардлагатай байна.
2013 онд, Хятад улс "Цахим худалдааны хууль"-ийн тухай хууль тогтоомжийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ оны 11-р сарын эхээр, Хятадын хууль тогтоох байгууллага цахим худалдааны хуулийн төслийг дахин авч хэлэлцсэн байна. 22-нд Бээжин хотноо Хятадын Улс төр, хууль зүйн их сургуулийн орлогч захирал Ши Жяньжүн хэлэхдээ: Уг хуулийн төсөл хуурамч бараа, эрх ашгаа хамгаалахад хэцүү зэрэг ард иргэдийн анхаарал хандуулж буй асуудалд чиглүүлэн дүрэм тогтоол боловсруулж, цахим худалдаа эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг улам эрчимжүүлэх зорилготой юм. Дараачийн шатанд "Цахим худалдааны хууль"-ийг цахим худалдааны интернетийн үйл ажиллагааны хуулийн цар хүрээнд хамруулж, цахим худалдааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах болно гэжээ.
Бээжин хотын Хүйжя Өмгөөллийн газрын өмгөөлөгч Чю Инчан хэлэхдээ: "Цахим худалдааны хууль" бараа борлуулсан сайтыг зохих хариуцлагад татах талаар цаашид журамлаж, хэрэглэгчдийн эрх ашгийг сайтар хамгаалж болно гэжээ.
Өнөөгийн хуулийн төсөлд сайт нь шалгах эрхтэй, оюуны өмчийн эрхэнд халдсан байвал хариуцлага хүлээнэ гэж тогтоосон байна. Хэрэв хуурамч бараа худалдан авч, эрх ашиг тань зөрчигдсөн бол цахим худалдаачин хариуцлага хүлээх ёстой. Энэ хууль батлагдсаны дараа оюуны өмчийн эрхийг хамгаалах төдийгүй, хуурамч бараа бүтээгдэхүүн боруулж, худлаа зар сурталчилгаа хийсэн бол заавал төлбөр төлж, үүрэг хариуцлага хүлээх ёстой. Ингэвэл сая хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ цахим худалдааны эрүүл хөгжилд тус дөхөм үзүүлж чадна гэжээ.
Бээжин хотын Хэрэглэгчдийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ян Шяожүнь: Вичаатын худалдааг ч энэ хуулийн хүрээнд хамруулах ёстой хэмээн санал болгов.
Вичаатаар хийж буй наймааны талаар албаны талаас өнөөг хүртэл тодорхой юм хэлээгүй байгаа. Таван жилийн өмнө цахим худалдаанд гарч байсан зарим асуудал одоо вичаатын наймаанд байнга гарч, хуурамч бараа, үйлдвэрлэсэн он сар, шошго тэмдэг, үйлдвэрийн нэр хаяг байхгүй бараа бүтээгдэхүүн борлуулж байна. Иймээс цахим худалдааны хуулинд энэ бүхнийг хамруулахыг бид санал болгож байна гэжээ.
Хятадын Улс төр хууль зүйн их сургуулийн Хэвлэл мэдээллийн хуулийн судалгааны төвийн дэд захирал Жү Вэй хэлэхдээ: Одоо хэрэгжүүлж буй хууль цахим худалдааны сүлжээнд мөнгө барьцаалж байгаа тухай тогтоол нь гүйцэд биш, энэ талын агуулга нэмж, хэрэглэгчдэд юуны өмнө мөнгийг нь буцааж өгөхийг баталгаажуулах хэрэгтэй хэмээн санал болгож байна гэжээ.
"Цахим худалдааны хууль”-д барьцааны мөнгө, урьдчилж төлөх мөнгөний тухай тусгай тогтоол гаргаж болох уу? Маш олон хүн ингэж хэрэггүй гэж үзэж байна. Учир нь барьцааны мөнгө нь аж ахуйн нэгжийн бус хувь хүний хөрөнгө юм. Дампуурвал, тооцоо хийхээс нь өмнө буцааж авах эрхтэй. Гэвч аж ахуйн нэгж дампуурсан үед хэрэглэгчдийн барьцааны мөнгийг шилжүүлэн хэрэглэсэнд тооцно. Иймээс хэрэглэгчдэд юугаа буцааж өгөх билээ. Иймээс “Цахим худалдааны хууль”-д ийм тогтоол байх хэрэгтэй: "Хэрэглэгчдийн урьдчилж төлсөн, барьцааны мөнгө нь дампуурлын эд хөрөнгө биш, үүнийг шилжүүлэн ашиглаж болохгүй. Юуны өмнө хэрэглэгчдэд буцааж өгөх хэрэгтэй” гэсэн болно.
Эх сурвалжаас үзвэл, Хятадын Хэрэглэгчдийн нийгэмлэг дээр дурдсан мэргэжилтний санал, цахим худалдааны асуудалд чиглүүлж, БХАТИХ-ын Хууль зүйн хороонд “Цахим худалдааны хууль төсөл”-нд засвар оруулах санал дэвшүүлэх болно.
