Дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдааны сайт alibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма Монгол улсад Асашёорү Д.Дагвадоржийн урилгаар очихөөр болсон байна. Тодруулбал, энэ сарын 24-27-ны өдрүүдэд очих тэрбумтан маань “Хаан жимс” амралтын газар байрших бөгөөд Монгол оронтой танилцах аяллынхаа хажуугаар технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад лекц унших магадлалтай аж.

1999 онд 60,000 ам.доллараар байгуулж байсан Хятадын электрон арилжааны Alibaba компани өдгөө 167 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж байна. Компани нийт хувьцааныхаа 12 орчим хувийг зах зээлд арилжаалж 21.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Энэ нь нэгж хувьцааг 66-68 ам.доллараар, нийт 320.1 сая ширхэг хувьцаа арилжаална гэсэн үг юм.
Өдгөө 49 настай Жек Ма буюу Ма Юн Хятадын Жэ Жян мужийн Хан Жөү хотод төржээ. Тэрээр Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятадын хувиараа бизнес эрхлэгч. Жэ Жян мужийн их сургуулийг 1988 онд Англи хэлний бакалаврын зэрэгтэй төгссөн Ма сургуульдаа Англи хэлний багшаар ажиллаж байгаад 1995 онд Хятадын анхны интернэтэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ.
1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм. Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлжээ.
