solongonews
Түүндээ хаяглах захидал
2015-12-28 18:21
Сайн байна уу? Амьдрал тэр чигээрээ л гайхалтай хайрын түүх байдаг билээ. Миний дор бичих зүйл ч хайраас үүдсэн нэгэн тэмдэглэл хэдий ч хайрын түүх болж үлдэх нандин дурсамж учраас та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна.
 
Би түүнээсээ нэг ч удаа захидал авч үзээгүй ээ. Харин түүндээ зориулж тэмдэглэлийн дэвтэртээ олон ч захидал бичин үлдээсэн байна. Тэдгээр захидлыг тэр минь ч олж уншаагүй. Тэмдэглэл гэдэг миний хувьд өөрөө өөрийгөө аргадах, ухааруулах, тайтгаруулах зүйл. Тиймээс ч би ганцаардаж шаналсан үедээ Сайн байна уу тэмдэглэл минь гээд л өөртөө захидал бичиж байгаа юм шиг л дотор байгаа зүйлээ уудлан бичдэг болоод уджээ.
 
Харин түүнтэйгээ учирснаас хойш хайр сэтгэлийн адал явдал, ухаарал, гэмшлээ бичин тайтгарч, асуудлынхаа гарцыг өөртөө зориулсан тэмдэглэл, түүндээ зориулсан захидлаас олоод байх шиг, түүнийгээ гомдоочихоод түүндээ зориулаад бичихээр ухаарч тайтгарах шиг болдог юм. Ингээд түүндээ болон өөртөө зориулсан товчхон захидал-тэмдэглэлийг та бүхэнтэй хуваалцая.
 
“Амраглал өөрсдийн үзэмжээр хоёр биенийхээ сэтгэлийг булаах гэсэн улайрсан хүсэл байдаг. Харин гадаад төрх ямар байхаас үл хамааран нэгнийхээ гоо үзэсгэлэнг олж харахыг хайр гэнэ” Мажори Холмес, 1910
/Би түүндээ хаяглах захидал-тэмдэглэлийн өмнөтгөл болгож хайрын тухай гайхалтай үгсийг бичиж даджээ/
Маржори Холмес гэдэг хүний хэлсэн үгийг өнөөдөр олж уншаад нээрээ л хайр гэж бие биенээсээ сайн сайхан, гэрэл гэгээг тасралтгүй олж нээх аялал юмуу гэж бодоглоо.
 
Сайн байна уу? Энэ дулаахан үдшийн мэндийг хүргэе. Цаг яг 23:19 болж байна. Өнөөдөр хоёрдугаар сарын 3-ны өдөр. Өнөөдөр яагаад ч юм бичмээр санагдлаа.Хүн бүрт өөрөөсөө маш том зүйлийг золиосонд гарган байж амсах жаргалатй нулимс, зовлонтой инээд байдаг.Утсанд дуудлага ирсээр л...Миний өдөр, шөнө, өглөө, оройгүй залгадаг тэр л дугаараас дуудлага ирсээр...Өмнө нь би тэр л дугаарлуу байна байн залгадагсан. Заримдаа авахгүй тохиолдолд автал нь хэд бол хичнээн удаа дуудуулж ярьж байж санаа амардагсан. Өнөөдөр л би тэр дугаарлуу залгаж зүрхэлсэнгүй ээ.
 
Өнөөдөр л би тэр дуудлагыг аваад надад юу гэх бол гэхээс эмээсэн юм. Би өмнө нь их зоригтой байжээ. Харин одоо түүний ярих зүйл намайг айлгадаг болж. Түүнд минь надад хэлэх гэж буй үгнүүдээс нь өөр сонголт байхгүй учраас л надад түүний дуудлагыг авахгүй гэсэн цор ганц сонголт үлдсэн юмаа. Яг одоогоор бидэнд үүнээс өөр сонголт байхгүй. Харин цор ганц байх сонголтыг чи бид хоёр хийсэн. Чи миний сонголт., Хэдхээн өдрийн өмнө хайртынхаа завгүй ажилтай өдрүүдэд түүндээ тунирхсан сэтгэлээр энэ тэмдэглэлийг хоолой зангиралтай бичиж байсныг утсан дээрээсээ харж дахин бичлээ. Амьдрал сонголт хэдий ч хайрыг бид сонгодог гэж үү дээ. Хайр өөрөө биднийг зориод ирдэг шүү дээ.
 
Надад ирсэн хайр минь-чи минь. Би энэ хайрынхаа тухай нэмж зөндөө юм бичмээр байвч бичиж даанч дуусахгүй болохоор бичихээс илүү ирсэн хайраа хайрлая гэж шийдлээ (хэхэ). Орчлон хорвоо дээр хүмүүс бие биенээ хайрлаж л байвал бусад зүйл биднийг үргэлж ивээж байдаг гэдэгт би итгэдэг.
 
Хайр хэдий гайхалтай ч хайрын хүчит давалгаанд цохиулахгүйн тулд ухаан зарах нь амьдралын утга учир гэлтэй. Сэтгэл хөдлөл, догдлол, гомдол тунирхал, өмчирхөл, сэтгэлдээ хүчлэн хорих, дийлэх хүсэл, үл хүндлэл нь хайрын цэцгийг хатааж орхидог юм шиг. Эрх чөлөө хайр хоёр эн тэнцэж гэмээнэ хайрын цэцэг хагдрахгүй дэлгэрсээр л байна. Багахан зүйлийг тэвчиж, хүлцэж чадаагүйнхээ төлөө их шаналанд унах нь нэг ёсны өөрийнхөө өмөөрөх мунхаглал юм уу даа. Тэртээ тэргүй өөрийгөө өмөөрөх шалтаг, шалтгаан амьдралд бишгүй л гардаг шүү дээ.
 
Би түүндээ улам их татагдаж, сайн сайхан, гэрэл гэгээг нь олж харахын хэрээр нөгөө л нэг өмчирхөх, харамлах сэтгэлийн давалгаа нөмрөн авах вий гэхээс болгоомжлон ийн бичиж сууна. Үнэндээ хамгийн сайн хоргодох газар хайр хэдий ч хамгийн харгис хатуу нь ч болж хувирч чаддаг нь хайр байдаг учраас хоргодох газраа би хамгийн тухтай байгаасай гэж хүссэн юмаа.
 
Тийм ч учраас угийн ч бай цаг зуурынх ч бай араншин зан, мэдрэмжээ хайрласан хүнийхээ төлөө барьж сурах, хайрласан бол уучилж сурах хэрэгтэй юм гэдгийг ойлгож байна. Учир нь би түүнийгээ өнгөрсөн хугацаанд гомдоож, шархлуулсныгаа бодохоор л зүйрлэшгүй гуниг намайг нөмрөөд авах юм. Аргадаад тэврэхэд нь аашилж загнана, бууж өгөх тусам нь л хатуу үгээр зүрхийг нь зүсээд л...
Өөртөө тохирох хүнийг хайснаас өөрөө хүнд тохирч сур хэмээх ухаант хүний хэлсэн үг ямар дээд хайрыг бидэнд сануулаа вэ? Нэгэнт ирсэн бол буцах өдөр байх. Харин ганцаар буцах өдрийн төлөө бурхан хайртай хосыг учруулдаггүй байх гэдэгт итгэнэм.
Дараа уулзъя. Түр баяртай.
 
2015 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр. Ийн бичжээ.
Баяртай мэдээ дуулгахад бид хайрын бэлэг үр зулзагаа хорвоод ирэхийг тэсэн ядан хүлээж байна.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл