solongonews
Хайрын хүлэмж
2015-12-28 18:21
Эхнэр нөхөр хоёр хайр, дасалцлаар тоонот гэрийн амьдралаа бадрааж, үр хүүхдийн эцэг эх болцгоодог. Хэдийгээр хайр, халамж хамгаас чухал ч гэр бүлийн нөхөрлөлгүй бол зөвхөн эхнэр нөхөр ч биш үр хүүхдүүдийн хүмүүжил, хандлага тавилгагүй хөндий хандай гэр шиг л байдаг.
Амьдрах ухааны арга дүй, ажилсгаараа ус нутагтаа танигдсан Төгс-Очирын Баярхүү  хэмээх бүсгүй хүлэмжиндээ “мөнгө үржүүлдэг” нэгэн. Эхлээд ийм бодол төрснийг нуух юун. Гэсэн ч хүлэмжиндээ өнжиж, жимс ногоогоо хүүхэд шиг энхрийлөн бөөцийлж, хаанаас ч авшгүй таашаалаа энд л эдэлдэгийн учир тэд мөнгийг биш, хайрыг үржүүлдэг гэр бүлсэнж ээ.  Өвлийн хүлэмж, тур дундаа гүзээлзгэний тариалан гэдэг манайдаа шинэ сэргэг. Тэр шанг анхлан татсан хүн бол Баярхүү агрономич. Энэ бүсгүй хуримтлуулсан туршлага, бүтээлч үйлсээрээ олон залуусыг араасаа дагуулж, өөрийн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцдагийн учир хүлэмжийн тариалан цэцэглэн хөгжих таатай гарц нээхэд бодит гүүр болон зүтгэж яваа нэгэн.
 
-Газар тариалангийн мэргэжил гэдэг, эзэмшсэн хүнд бахархууштай сайхан, чадаагүй хүнд даахад хүнд ачаа байдаг. Манай орны эрс тэс уур амьсгал, хүнд ширүүн нөхцөл тариалангийн аж ахуй эрхлэхэд  хүндхэнд тооцогддог бүс нутаг болохыг өөрийн биеэр төмс хүнсний ногоо тариалдаг нэгэн эрхэм өгүүлж байсан...
Т.Баярхүү: Хөх тэнгэрийн сувдан бороог хүсэмжлэн хүлээж, ширүүн мөндөрийн бараан үүлийг холуур тойроосой хэмээн далдхан залбирч, налгар намрын шаргал өдрүүдийг аргадан хурайлж, мөнчиг олон жилийн хавар намрыг ээлтэй энэ л тариан талбайдаа угтаж үдэж дээ. Өрөмтсөн шаргал намрыг  мартуулан нэг л өдөр дарайтал унах хүйтэн хярууг эрт битгий унаасай гэж, эхийн сэтгэлээр бөөцийлөн ургуулсан тариа ногоогоо бээрч хөлдөж байгаа болуу гэж салхи эрчилсэн жаварлаг шөнүүдэд нойргүй хононо. Хүлэмжийн ногоо бол таван одтой зочид буудалд байгаа эрхэмсэг зочидтой адил. Харин ил задгай талбайд ургаж байгаа тариа ногоо бол хөрвийн аргаар бойжиж, хүйтэн ширүүнийг туулж өсч өндийдөг хар нялхаасаа бие даасан хэрсүү хүүхэдтэй л адил. 
 
-Хичнээн төрлийн ногоо, жимс ургуулж байна?
Т.Баярхүү: Энэ жилээс өвлийн хүлэмжээ иж бүрэн босгож, гүзээлзгэнэ ургуулсан. Өвлийн хүйтэнд хүлэмж барих хэцүү байсан ч шантрааагүй ээ. Дүн өвлийн 12-р сард л гүзээлзгэнэ хураана гээд бод доо. Гадаа цас малгайлж байхад л хүлэмжинд ид зунаараа, нов ногоон ямар сайхан гээ. Би ямар сайндаа залуустаа хэлдэг юм. “Хүүхдүүдээ хараач гадаа хэддүгээр сар билээ? Гэтэл бид энэ сайхан ногоон ертөнцөд сууцгааж байдаг... “ гэж. Бид цаг ямагт хүчилтөрөгчтэй эрүүл орчинд ажилладаг азтай хүмүүс шүү дээ. За тэгээд нарийн ногоо гэвэл бараг 20-оод төрлийн. Манай тарвасны амт үнэхээр гоё. Гадаадын албаны нэг хүн манайд зочлоод хэлж байсан юм. “Би тарвастай нутгийн хүн. Гэтэл танай тарвас гайхалтай өөр байна. Энэ монгол хөрсний шим үү?” гэж. Найз нөхөд, зочид гийчдээ тарвасаараа дайлах дуртай. Тэгээд “За хонио гаргалаа шүү” гэж хошигнодог юм.
 
- Газар амьтай энэ сэтгэл, өдөр тутмын нөр их хөдөлмөрт ажлын хамт олноос гадна гэр бүлийн тань оролцоо бас их бололтой. 
Т.Баярхүү: Тийм шүү, Ханийг маань Хүрэлбаатар гэдэг. Нөхрийн маань дэмжлэг бол ерөөсөө л миний амжилтын дийлэнх нь юм шүү. Гэр бүлээрээ энэ ажилд сэтгэл зүрхээ өгсөнийг гэрчлэх нэг хөгжилтэй жишээ ярих уу? Манай зээ хүү 4 настайдаа эмээ, өвөө хоёртойгоо “муудангуут” -аа “Би том болоод тэр хүлэмжинд чинь ажиллахгүй шүү. Баска ахыг л ажиллуулаарай” гэж хэлээд бид бөөн инээдэм болж байсан юм. Тэр чинь энэ ажил салшгүй хэрэгтэйг дотроо ихэд ойлгоод хэрэндээ өвөө эмээгээ айлгаж байгаа нь тэр байхгүй юу...  /инээв/
 
-Үүрэг хариуцлага, оноолт ажлаа ял болгочихоод л үргэлж хөмсгөө зангидаж, зовлон тоочиж явдаг хүн бас байдаг. Харин ажил хөдөлмөр, мэргэжлээ аз жаргал болгоно гэдэг сайхан. Та жаргалтай  байна уу?
Т.Баярхүү:  Тэгэлгүй яахав ээ. Би ер нь эгэл жирийнийг шүтэж, өдөр бүхнээс сэтгэлийн баяр баясал, таашаал мэдрэх дуртай хүн. Гээд ямар дуртай гээд л хүн чинь баяр хөөртэй учраад байх биш дээ. Тэр аз жаргал чинь хаана байдаг юм бэ тэгвэл? Энэ бол хүний сэтгэлд л байдаг зүйл. Яасан муухай хар шуурга вэ? гэхээс илүү хавар ийм л байдгийг хүлээн зөвшөөрч, цагийн юм цагтаа сайхныг хүлээж, их шуурганы дараа нар ээсэн тогтуун өдөр ирдэгийг санахын төдийд л сэтгэл цэлмээд сайхан байдаг шүү дээ.  Би эгэл хөдөөдөө, төрсөн нутагтаа ажиллаж, нутгаа түшин амьдарч суугаадаа, бас өдөр тутмын ажил үйлсээ хүн ардын эрүүл  хэрэглээнд зориулж яваадаа жаргалтай.  
 -Амьдрал, сайхан сэтгэл хоёр түмэн өнгөөр дүүрэн. Хийж байгаа ажлаа баяр баясгалан болгохын утга учир,  тордож ургуулсан нөр их хөдөлмөрийнхөө шимийг  сэтгэлийн догдлол болгон урамшихын баяр жаргал, хүн хүнээ хайрлаж, хэн хэндээ дэм болж амьдрахын нөмөр нөөлгийг хамт олон, бас гэр бүлийнхнээсээ авдаг байж таарна.  Таны хань бас газар тариалангийн мэргэжилтэй хүн үү? Гэр бүлээ танилцуулахгүй юу?
Т.Баярхүү:  Бид хоёр хоёулаа Төв аймгийн Хөшигийн хөндийн унаган хүүхдүүд.   1-р ангиасаа нэг ангид хамт суралцсан. Манайх хүү охин хоёртой. Охин маань эмч, хүү Солонгост аялал жуулчлалын мэргэжлээр магистр хамгаалсан, давхар эдийн засагч мэргэжилтэй. Тэгсэн хэрнээ хүү маань түрүүн өөрийн чинь асуусан шиг яг л энэ газар тариалангийн ажилд бас амь нэгтэй. Тэгээд ХААИС-ийг агрономич мэргэжлээр дүүргэсэн. Миний мэргэжлийг өвлөж явах залгамж маань юм даа. Миний хань цэргийн хүн. Цэргийн хүн нүүдлийн шувуу шиг нутаг сольдог нь хууль. Бид гэр бүлээрээ Өвөрхангайд 4 жил ажиллаж амьдрахад би мөн л мэргэжлийн ажлаа хийсэн, эргэж нутагтаа ирээд мөн л үргэлжлүүлж ажилласан.  Өдгөө харин өвгөн бид хоёр хүлэмжиндээ өглөөний нарыг тосож, жаргах нарыг үдэн, бүрий болтол ажиллаж байна. Бид үр хүүхдүүдээ яаж хайрлан бөөцийлж энхрийлэн нандигнаж өсгөдөг билээ. Тэднийхээ төлөө өөрийгөө мартан яаж зүтгэдэг билээ. Ургамал ногоо мөн л тийм сэтгэл, тийм хайр хүсдэг. Ургуулж байгаа эзэн нь ууртай догшин бол, сөрөг бодолтой, алмай залхуу  бол эд чинь төлжиж боловсрохдоо ийм гайхалтай байж чадахгүй. Сайхан ургуулахыг биш, мөнгө бодоод байваас эзнийхээ сэтгэлийг мэдэрдэг амьд байгаль- жимс ногоо маань уруу гундуу болчихно. Энэ хүлэмж хайраар бялхаж, халамж арчилгаагаар үл дутаж гэмээнэ амт шимт нь ч өөр, хачин сайхан ургаж боловсроно шүү дээ  (инээд алдав)
 
-Цэцэг ч бас эзнийхээ сэтгэлийг мэдэрдэг. Тэр айлд алив зовлон тохиолдох, эзэд нь өвдөх үед цэцэг яаж ч тордсон дагаад гандаж хатдаг гэж ярьдаг юм билээ. Түүнтэй л адил судлаар нь чандмань эрдэнэ болсон ус гүйж, наранд навчаа хандуулан тэмүүлж  ургадаг ургамал ногоо ч хайрыг тосон авдаг байх нь. Хайр гэснээс та гэр бүлийн нөхөрлөл, харилцаа хандлага, эхнэр нөхрийн эе эвийн талаар бодлоо хуваалцахгүй юу? 
Т.Баярхүү: Тиймээ, эхнэр нөхөр хоёр хайр, дасалцлаар тоонот гэрийн амьдралаа бадрааж, үр хүүхдийн эцэг эх болцгоодог. Хэдийгээр хайр, халамж хамгаас чухал ч гэр бүлийн нөхөрлөлгүй бол зөвхөн эхнэр нөхөр ч биш үр хүүхдүүдийн хүмүүжил, хандлага тавилгагүй хөндий хандай гэр шиг л байдаг. Нэг тийм халуун дулаан таатай уур амьсгал, ямар ч үед биесээ ойлгох сэтгэлийг гэр бүлийн нөхөрлөл л өгдөг юм билээ. Нөхөрлөнө гэдэг чинь хэн хэнийхээ дуртай зүйлийг дэмжинэ, тусална, сэтгэлийг нь ойр мэдэрч хуваалцана гэсэн үг. Ээж аав нь хүүхдүүдийнхээ асуудал, бэрхшээл, гуниг зовлон, нууцыг хуваалцахуйц тийм л итгэлийг нь хүлээх элэгсэг сэтгэлийг өгч чадахын нэр гэж би боддог. 
-Таныхаар, ийм нөхцөлийг гэр бүлдээ яаж бий болгож бүрдүлэх учиртай вэ? 
Т.Баярхүү: Хамтын зорилготой, бас хамтарч хийдэг ажил хөдөлмөртэй, хамтдаа өнгөрөөх цаг хугацаа гаргадаг байх л хэрэгтэй юм билээ. 
 
-Нээрээ тийм шүү. Цагаан сарын бууз банш, дээхнэ үедээ бол хэвийн боовыг айл саахалт, ахан дүүсээрээ цуглаж хамтын хүчээр хөгжилдөж байгаад л дор нь амжуулдаг шүү дээ.
Т.Баярхүү: Энэ чинь л өнөө цагийн гэр бүлүүдэд дутагдаж үгүйлэгдээд байгаа юм. Өрөө өрөөндөө ажин түжин, компьютерээ ширтээд, зурагтаа үзээд сууцгаах юм. Сэтгэл сэтгэлээ дэлгэх нөхцөлийг л ээжүүд маань эвлэгхэн зохион санаачилдаг байвал сайнсан. Гэр бүлээрээ аялах, аав нь хүүтэйгээ загасанд явах, гэр бүлийн ажилдаа хүүхдээрээ туслуулах гээд. Хамтдаа хийсэн юм үгүй ээ мөн сайхан байдаг шүү дээ. Хэцүү байхын хэрээр ард нь гарсан хойноо дурсамж үлдээж, сэтгэлд хоногшдог. Намрын ажилд оюутнууд дээхнэ үедээ явдаг байсан. Би оюутны намраа ер мартдаггүй. Зүүнхараагийн Ширхэнцэг гэдэг газар хүнсний ногоо хураалтаар ажилласан юмдаг. Өглөө хяруу дарайтал унаад хононо. Хураах байцаа маань тэс хөлдүү. Нар ээхийн хэрээр хөлдүү байцаа гэсэж ус даасан хүнд болно. Хөвөнтэй бээлий нэвт норж, тохойноос урагш нэл ус... ийм л үеийг туулдаг оюутны намар хэцүүгийн хэрээр ажил сурч, тэсвэр даах тэнхээ даалгадаг даа.  Даарч хөрч, өлсөж цангаж, гэрээ санаж, хөгжилдөн дуулалдаж, өдөржин үтрэм дээр будаа нуруулдан, төмс хураан ядарч байсан тэр л ахуйд бид бие биедээ дотно сайхан хандаж, таньж, нөхөрлөдөг  байсан. Биднийг холбож, ойртуулж, ойлгуулдаг тэр зүйл өнөөгийн оюутнуудад алга. Хань бид хоёр энэ л хүлэмж, тариа ногооныхоо талбайд өдрийг барна. Хэмжиж үздэг бол мөн ч их явна даа, талбайдаа. Гэр бүлийн амьдрал л юм хойно маргах зөрөх, түр тархийх юм хааяа гаралгүй яахав. Тийм үед хэн нэг нь гараад явчихдаг юм. Хаачихав гэхээр хүлэмж талбайгаа хэд тойроод ирэхэд өнөө таагүй сэтгэл, уцаар бухимдал ор мөргүй хийсчихнэ шүү дээ. Гэр бүлийн амьдралд итгэл их чухал. Итгэлгүй сэтгэлээс л хардалт, туйлдалт, үзэн ядалт гуйвалт, урвалт гардаг байх.
- Байгал дэлхий, газрын ариун хөрсөө шүтэж амьдардаг хайрын хүлэмжийн эзэн чухамдаа ямар улиралд дуртай юм бол? 
Т.Баярхүү: Би намарт дуртай. Дурлахгүй байхын ч аргагүй цаг. Будан бургисан тэнгэр хангай, буцах шувуудын сүрэг, троктор комбайны нүргээн, хадланчдын дуу шуу,  цөм л талын энгээр түгэн дамжин цуурайтах шиг үнэхээр гоё. Тариа будаа, айраг цагаа, сэтгэл санаа  цөм л цалгих шиг тийм сайхан цаг.  
-Аргагүй л тариаланч хүний сэтгэл тээсэн хариулт байна.  Та өвлийн хүлэмжийн тариалалтын арга ухааныг өөр бусад олон хүнд зааж сургадаг биз дээ?
Т.Баярхүү: Олон хүн асууж, утасдаж, зарим нь бүр хаа холоос ч зорьж ирнэ. Би дуртай ажлаа бусдад хэлж туслах үнэхээр дуртай. Гэхдээ зааж сургана гэдэг чинь биетээр үлгэрлэн харуулахын цагт л илүү үр өгөөжтэй тусдаг юм шүү дээ. Тиймээс хаврын тариалалтын үеэр ирж, арчилгаа их шаарддаг цагуудыг товлож тодорхой хэлж өгөөд, яг л тэр үеэр харж, лавлаж сурахыг зөвлөдөг дөө. Нэлээдгүй залуусыг энэ арга ухааны замд чадахын хэрээр замчилсан. Манайхан арчилгаан дээр л алддаг тал их байдаг юм.  
 
-Баярлалаа танд. Хайрын хүлэмж тань дэлгэр баян байх болтугай.
Монголд алс холын сонсогддог байсан өвлийн хүлэмжийн анхны шанг татан, араасаа олон залуусыг мэргэжлийн дадал туршлагад зүгшрүүлэн дагуулж, газрын шимийг өөрийн хөдөлмөрөөр тэтгэн, баялаг бүтээж яваа “Атрын шим” компаний захирал, агрономич  Төгс-Очирын Баярхүүгийн ажил үйлс, сэтгэл бодлынх нь ертөнцийг  ийн хуваалцлаа. Монгол орон нэгэн цагт амтат жимсний орон болно. Баярхүү агрономич түүнийг түүчээлээлэгчдийн нэг нь байх болно оо.   
 
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл