solongonews
Монгол Ардын Хувьсгалт Нам БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зориулан цагаан сарын хүлээн авалт зохион байгуулав
2016-02-19 09:58
Монгол Ардын Хувьсгалт Нам БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зориулан цагаан сарын хүлээн авалт зохион байгуулав

Хоёрдугаар сарын 16-ний өдөр Монгол Ардын Хувьсгалт Нам БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд зориулан цагаан сарын хүлээн авалт зохион байгуулав. Уг хүлээн авалтанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, мөн Элчин Сайдын Яамны Улс төрийн газрын дарга Гу Имин, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн мөн Батлан Хамгаалах Яамны сайд Ц.Цолмон, тус намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга С.Жаргал нар оролцлоо.

Хүлээн авалт Монгол үндэстний онцлогийг илтгэсэн Монгол гэрт зохион байгуулагдаж, эзэн зочид Монголын уламжлалт заншлын дагуу золголт хийж сар шинийн мэнд хүргэлээ. Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл зогсолтгүй нэмэгдэж буйгаас гадна өндөр, дээд хэмжээний уулзалт тогтмолжиж, эдийн засаг худалдааны бодит хамтын ажиллагаа улам өргөжин, хүмүүнлэгийн солилцоо илүү идэвхижиж байна. Монгол Улс Хятад, Монголын харилцааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ болгон, МАХН багтсан улс төрийн намууд Хятад, Монголын харилцааны хөгжлийг тууштай дэмжиж байгаад Хятадын тал сайшааж байгаа билээ. Хятадын тал Монголын Улс төрийн намуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байхад бэлэн байж, Хятад, Монголын харилцааг зогсолтгүй хөгжүүлэх болно гэлээ.

Н.Энхбаяр хэлэхдээ: - Монгол Улс зөвхөн хоёр хөрш улстай. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа зогсолтгүй гүнзгийрч хөгжиж буйд Монголын тал их баяртай байгаа. МАХН болон бусад улс төрийн намууд Хятад улстай хийх хамтын ажиллагааг бэхжүүлэхийг идэвхитэйгээр санаачлан, үүний төлөө үргэлжлүүлэн цуцалтгүй хүчин чармайлт гаргах болно.

Хүлээн авалтанд мөн Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Chinese Embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл