solongonews
Ачит залуугийн азтай хүсэл
2017-07-03 16:27
Оюутан залуу Ачитын үйлс бүтээсэн зам

Хувиараа бизнес эрхэлнэ гэдэг маш их хичээл зүтгэл шаарддаг аж. Ингэхэд дуртай ажлаа хийхэд хэчнээн их ядарч зүдэрсэн ч жаргалтай санагдаж, түүнийхээ төлөө тэмцэх итгэл хүсэл дүүрэн байдаг нь гарцаагүй. Шилийнхотын Шян Я Да уран зургийн оюутан зураач Ачит яг л сонирхолтой ажилдаа хүчин зүтгэж яваа нэгэн билээ. Сэтгүүлч миний бие түүнийг зорин хүрэхэд тэрээр ханын зураг урлаж байсан юм.

Бидний сурвалжилга ханын зурагнаас эхэллээ.

- Ханын зураг нь сүүлийн жилүүдээс хэрэм ханын чимэглэлийн салбарт хамрагдаж, гэр, өрөөг чимэглэхэд ашиглагдаж байгаагаар барахгүй найр наадмын талбай, засмал замын хажуугийн хана хэрэм, талбай зэрэг газарт ч хэрэглэдэг болсон. Би уламжлалт зургийн суурин дээрээ орчин үеийн элементийг уялдуулж, тухайн талбайгаараа гол болгон дизайн хийдгээс цааснаас өвөрмөц, нэгэн зүйлийн ханын чимэглэл болсон гэж Ачит ярилаа.

Ачит хар багаасаа уран зурагт сонирхолтой байсан бол 2008 онд Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургуулийн Уран зургийн салбарт элсэн орж, чөлөөт цагаараа уран зургийн сургалтын төвд багшаар ажиллан, бага хэлбэрийн ханын зураг зурдаг байжээ.

2014 онд Ачит уран зургийн газар ажиллуулах санаагаа аав ээждээ хэлэхэд аав ээж нь түүнийг дэмжсэнгүй. Хүсэл мөрөөдөл хүнд итгэл зориг олгодог бол тэрээр өөрийнхөө сонирхолтой ажлаа хийх санаа бодлоо ахин дахин ярин байж аав ээжийгээ толгой дохиулжээ. Ийнхүү аав ээж, найз нөхдийнхөө дэмжлэгээр Шилийнхотод Шян Я Да уран зургийн газраа нээж өнөөдрийг хүрчээ.

Эхэндээ ханын зургийг мэддэг хүн цөөн байснаар ханын зургийг хүмүүст таниулах гэж тэрээр олон удаа үзэсгэлэн зохиож, ухуулан сурталчилснаар ханын зураг зуруулахаар түүнийг хайж ирэх хүн аажмаар нэмэгдэж, түүний зураг ч зочдын таашаалд хүрсээр байлаа. Үйлсийн зам урагштай болоход тэр мөн 5 наснаас дээших хүүхдийн уран зургийн сургалтын анги нээн ажиллуулах болсон бөгөөд одоо байнга суралцдаг хүүхэд арав гаруй болж, зун өвлийн амралт болоход бүр олон сурагчтай болдог байна.

- Би саяхан Рашаанд очиж 500 гаруй квадрат метр ханын зураг зурсан. Сүүлийн жилүүдээс ханын зураг олон хүний таашаалд хүрэх болсноор гадагшаа явж зураг зурах боломж их. Ердийн үед өдөр нь зургаа зурж, орой гэртээ хариад хүүхдүүдийн хичээл бэлтгээд шөнө дунд болдог. Ажил маань хэдий цаг зав багатай ачаалал ихтэй ч өөрөө дуртай болохоор ядардаггүй гэж Ачит ярьж байлаа.

Дараагийн алхамд “Шилийнхотын өдрийн тэмдэглэл” нэртэй үргэлжилсэн зураг бүтээж, өөрийн хэв загвараар өсөж төрсөн өлгий нутагтаа нэгэн урлагийн том бүтээл өргөхөөр бэлтгэж байгаа аж.

Орь залуу нас гэж хүсэл тэмүүллийнхээ төлөө тэмүүлж явдаг нандин сайхан цаг мөч юм. Оюутан Ачит энэхүү сайхан хүслээ сэтгэлдээ ургуулж үйлсийнхээ төлөө зүтгэсээр.

Зохиогч: Солонго
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл