solongonews
Анхны хайрт чинь яг одоо залгавал...
2015-12-28 18:21
Тэртээх он жилүүдийн уртад гээгдэж, мартагдаагүй тэр нэгэн яг одоо тан руу залгавал яах вэ. Учрал, тохиолын алинд ч гэсэн эргээд уулзах юмсан гэж олон олон жилийг ардаа үдээд, эцэстээ найдлагын гал мартагдсан дууль болон замхарч, шинэ амьдрал, шинэ хайр дурлалаар солигдсон энэ өдрүүдэд тэр таныг гэнэт санасан байвал яах вэ.
 
Нэг гэрт орно гэж мөрөөдөн хоёул хайрын завиндаа сууж байсан тэр өдрийг санаж байна уу. Анхны хайр бүтдэггүй гэж олны хэлэлцэхийг атаархлын сүүдэр гэж буруутгаад энэ л хайраараа хэчнээн ч зуныг үдэж чадна хэмээн итгэж байсан уу. Гэтэл нэг л өдөр нуураа орхин нисэх шувууд шиг тэр таны зүрхийг зүсэн одсон уу. Эзгүй хайрын толин мандалд хэчнээн ч өвлийг үдсэн өчигдрүүд тань ээдэх шахаж байхад тэр тан руу залгавал яах вэ. 
 
Хайраа илчилж, хэчнээн удаа уйлж, шаналж, тосч гүйгээд ч хумсын толион чинээ ч хайр энэрлийг танд мэдрүүлэлгүй ихэмсэг бардмаар анхны хайрын романсыг тань гишгэлэн гарсан тэр нэгнийг та одоо ч санадаг л байх. Сормуусаа чийгттэл, дэрээ нортол уйлаад ч эргэж ганц удаа хараагүй тэр нэгнийг өнгөрсний харанхуй ширэнгэндээ хаа нэгтээ гээгээд удаж байна уу. Хааяахан зүүдэнд ирээд хэл чимээгүй нүүр буруулан оддог байсан тэр нэгэн яг одоо утас цохин тан руу залгавал та юу гэж хэлэх бол. Энэ тухай хэзээ нэгэн цагт бодож байв уу.
 
Олон жилийн өмнө бол ганц удаа л тан руу залгахад нь харайлгаж гараад, гал усыг ч тоолгүй учран золгоно гэж бодож байсан уу. 
Харин өнөөдөр таны бодол хэрхэн өөрчлөгдсөн бол. Дуунд гардаг шиг ариухнаараа үлдсэн чигээр нь дурсамжийн харгуйдаа салхинд хийсгээд, юу ч бодолгүй өнөөдрөөрөө амьдрах уу. Эсвэл энэ л миний учрал гэж зүрхэндээ итгэл сийлээд хаалга саван гарч гүйх үү. Яг одоо л түүнтэй уулзчихвал бүх юм болох гээд байгаа юм шиг мэдрэгдэж байна уу.
 
Эсвэл яг одоо л түүний дуудлагыг авчихвал өнөөдрийг хүртэл босгосон бүхэн тань нуран унаж, яг одоо л босго даван гарчихвал эргэж орж ирж чадахгүй юм шиг санагдаж байна уу. 
Яг одоо тэр тан руу залгавал та яах вэ. Асуулт бүхэн хариултаа нэхэж, учрал бүхэн эзнээ хүлээж, өнгөрсөн бүхэн өнөөдрийг эрдэг бөөрөнхий орчлонг яалтай вэ. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл