solongonews
Нэрт зураач Б.Билэг “Нахиа” сэтгүүлийн 2016 оны бүх хэвлэлийн нүүр зургийг зуржээ
2017-01-17 17:10
Тамчийн шар талаасаа дайчин ухааныг өвлөж, таанын цагаан цэцэгтэйгээ баяр гунигаа хуваалцаж, унаган нутгийнхаа орчих зайнаас уран зургийнхаа онгод билгийн хэлээр орчлонгийн түмний харааг баясгаж яваа Б.Билэг гуайн алдрыг эртнээс сонсож байсан ч түүнд уулзахын учрал маань саяхан тохиосон билээ.

      Б.Билэг зураач 1965 онд ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Хонгор сумын Том-Ялалт багийн буйд говь дахь таван хүүхэдтэй жирийн малчин айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн.

Авьяас билгийг тээж төрнө гэдэг. Түүнийгээ өөрийн биеэрээ дамжуулан хүний сэтгэл зүрхэнд хоногшуулна гэдэг ховор тохиох аз билээ. Үнэнийг үнэнд, үзэж харж буй зүйлээ өөрийн оюун ухаанаараа сийлэн, тансаг сэтгэлгээний онгод билгээрээ уран зургийн гайхамшгийг бүтээж буй энэ хүн төлөв даруу, гүндүүгүй монгол эрийн зантай нэгэн. Б.Билэгийн бүтээсэн шог зураг Өвөр Монголд төдийгүй Хятад орон, цаашилбал дэлхий дахинд аль хэдийн танил болжээ.

Тэрээр шог зураг зурж эхэлсэн арав гаруйхан жилийн хугацаанд Олон улсын хэмжээний 150 гаруй шагнал урамшууллыг хүртээд байгаа бөгөөд 40 гаруй улс орны уран зургийн үзэсгэлэнд бүтээлээ оролцуулж, хэн хүний санаанд багтамгүй амжилтад хүрээд байгаа билээ. 2006 онд Б.Билэг гуай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хувь хүний бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан, мөн 2007 онд болсон олон улсын шог зургийн тэмцээнээс Хятадын арван шилдэг зураачийн нэгээр өргөмжлөгдсөн байна. Тийм ээ, тэрбээр эд мөнгө эрх зэрэгт горилж явсангүй, харин өөрийн уран бүтээлээ цаг үргэлж хийж бүтээн, оюуныхаа охь шимээр бүтээсэн шог зургаараа олныг бишрүүлж, нэр хүнд нь алдаршин түгж, жирийн нэгэн багшийн адил шавь нараа хүмүүжүүлсээр байгаа байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл