Үүрийн гэгээ манхайн цайхтай уралдан гэрийн эзэн Замбал босон морио эмээллээд хоттой хониндоо шинэ төлөө бүртгээд эргэж үзлээ. Урьд шөнө гурван хонь хургалсан байлаа. Нялх төлөө нэг нэгээр барьж им тамга хийнэ. Энэ зуур үрээ харамласан эх нь түүнийг тойрон гүйж, хааяа хөлөө цавчлан майлан зогсоно. Замбал гуайн өдрийн ажил ингээд л шинэ төлийн майлаанд эхэлдэг аж. Гэрийн эзэгтэй Өнөрцэцэг аргал зэрэглэн галаа асаана.

Замбал
Эрдэнэт сүргээ өсгөх гэж нар солонгорон мандах өглөөнөөс одод түгэх үдэш хүртэл амсхийх ч завгүй ажилладаг эгэл малчны нэг өдрийг та бүхэндээ хүргэхээр бэлдлээ. Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Цагааннуур багийн Замбалынх хошуунаасаа зүүн өмнө зүг 100 километрт хаваржиж байна.
Солонго, Сундар хоёр охин нь хошууны төв Улиастай сууриндаа сургуульд сууж байгаа болохоор Замбал, Өнөрцэцэг нарт гарын үзүүр туслах хүнгүй, гэрийн дотно гадна бүхий л ажлаа амжуулна.

Замбал шинэ төлдөө им тэмдэг тавина
Төлүүдийг хөрөв, дунд, нялх гэж ялган зориулан бэлдсэн байранд хашсан харагдана. Хамгийн зүүн талын саравчинд сайхан улаан алаг тугалууд хөлөө жийн тааваараа хэвтэх нь энэ хаврын тэнгэр малчдад гайгүй ээлтэй байгаа нь ажиглагдах аж.
Замбал нялх хургатай зуу гаруй хониндоо тэжээл өвс хаяж өгөөд, цайгаа уухаар гэртээ орлоо. Гэргийн чанасан сүүтэй цайны сайхан үнэр гэр дүүрэн үнэртэж, Залбалын ажлын алжаал ядаргаа тайлагдан, эрч хүч дахин сэргэнэ билээ. Замбал өглөөнийхөө ажлаасаа үзсэн харснаа эхнэртээ ярьж, хаврын хатаасан хонины махнаас том хавтгайгаар огтлон цайндаа хийж, цайнаасаа хэд оочлоо. Малчин хүнд хавар цаг сайн зүтгэснээр, нэг хургыг ч мэнд тоссоноор энэ бүтэн жилийн орлого нь тодорхой болно. Малчид мал төллөлтийн үед хэдэн хором ч малаасаа хөндийрч болохгүй. Хамгийн хариуцлагатай цаг. Хонин сүргээ бэлчээрт байсан ч салахгүй дагаж байх хэрэгтэй хатуу үе, ингэж цаг наргүй хөдөлмөрлөж байж бүтэн жил гадаа гандаж хөдөө хөхөрч, хэдэн мал хариулж байгаагийн үр шимийг хүртэнэ. Энэ жил мөн дөрвөн зуугаад төл тосохоос одоо хотонд нь байгаа тавь гаруй төллөх хонь л үлджээ. Амьсгаа авах цаг одоо л хаяанд нь ирсэн бололтой.

Хониндоо өвс тавьж өгнө
Нам Засгаас ногоо ургах хаврын цагаар нэг сарын хугацаанд малчдыг малаа бэлчээрлүүлэхийг хорьж, хашаалж тэжээх арга бодлого хэрэгжүүлж, ургалтын үед бэлчээрийг сэргээж байгаа аж. Замбалынх ч энэ бодлогод хамрагдан хоньд нь хашаастай. Бэлчээр сэргээх ажилд малчин хүн бүр хариуцлагатай хандана. Тэрээр өөрөө багийн орлогч даргын тушаалтай болохоор малчиддаа үлгэр дууриал болж хонио хашаална. Эртнээс таван эрдэнээ тал дүүрэн бэлчээж сурсан болохоор энэ арга бодлогод дасахгүй зарим нэг нь Замбалтай утсаар ярьж бухимдлаа илэрхийлнэ. Тэр бүрд нь уйгагүй нэг сар хашаалахын ач холбогдлыг тайлбарлан өгнө.

Цайны цагаар
Өглөөний цайгаа дуусаад Замбал хоньдоо услахаар худаг явлаа. Сүүлийн жилүүдэд малчдын худаг ихэнх нь автомат болсон болохоор нэг цаг хэртэй болоход хоньд нь усаа ууж ханасан бололтой өвсөндөө яарна. Хашаалж байгаа болохоор ажил арай бага. Өвс тэжээл усыг дутаахгүй байхад л хангалтай.

Хурганд им тэмдэг тавина

Эх малд вакцин хийнэ
Утас нь дуугарч Замбалын аавынх өнөөдөр хургаа имнэх ажилтай тул түүнийг ирж туслаач гэж байв. Аавынх нь Замбалынхаас гурав дөрвөн километрт өмнө энгэрт байрладаг. Замбал усалсан хонио дахин хашиж аавынхаа зүг явлаа. Тэнд хэдэн хүний хамт 400 гаруй хурганд им тэмдэг хийж, эх малд нь вакцин хийлээ. Аавын гэрийн ажилд тусалж дуусаад Замбал гэрийн зүг морьтойгоо шогшлоо.

Хашаа саравчаа цэвэрлэнэ
Төлийн ажил сүүл шувтарч, цаг агаар дулаарч, салхи багатай өдөр сайхан байхын дээр хашаа саравчаа цэвэрлэх ажил хийх хэрэгтэй болжээ. Гэртээ орж өдрийн цайгаа уучхаад хашаанд үлдсэн бодолсон өвсөө дээш хурааж цэгцлэв. Өнгөрсөн жил өвс сайн бэлдэж, өвлийн хүйтний үеэр малаа хашаа хорооноосоо гаргалгүй өвс тавьж өгсөөр урин цагтай золгожээ. Хашаалах хугацаанд малдаа өгөх хэсэг боодол өвсөө үлдээн бусдыг ирэх өвөл хэрэглэхээр нөөцөллөө. Дахин хашааны хогийг тээж эвдэрсэн замыг бөглөв. Олон жил явсан зам, эсвэл төмөр торын хаалга орчим хэсэг нь хүн малын хөлөөр халцгайран эвдэгдсэн байдаг. Үүнийг бага дээр нь хог зэрэг зүйлээр дэвсэхгүй бол халцгай хэсэг нь тэлж, манх болох аюултай. Ингэж гаднах ажлаа цэгцлээд гэрт ороход утас нь дуугарч, саахалтын ах ойр орчмын хэдэн айлаараа унааны морьд, даагаа уралдуулах урилга өгч байв. Багаасаа морь унаатай ноцолдож өссөн түүнд ажлын алжаал тайлах сайхан бас нэг арга нь морь уралдуулах, морины тухай ярилцан суух ажээ. Саахалтын хэд тогтсон газартаа болзсон ёсоор уулзлаа.

Өвсөө хураав
Төл тосож, олон хоног тав тухтай уулзаж учраагүй тэд өнөөдөр л нар нь гарч, хаврын салхинд борлосон царайнд нь инээд тодорно. Уралдаанд Замбалын унасан саарал даага гуравт ирж сэтгэл баясгалаа.
Нар баруун уул руу дөхсөн байна. Хөдөөгийн хаврын нэг өдөр шувтрах дөхсөн байна.
Малчдын амьдрал хөдөөгийн уул, талдаа ийм амгалан бас завгүй үргэлжилсээр. Уйгагүй сэтгэл зүтгэлийн үрээр эсэн мэнд бойжиж буй төлийн дуу цангинасаар. Цэнхэр яргуй нүдлэх хаврын сараа үдээд Замбалынх гэдэг айл цэцэг алагласан зүлгэн дээр зусах цаг айсуй.

Замбалын гэр бүл

Саахалтын хамт морь уралдуулж ядаргаа тайллаа
