Өвөр Монголын Дэдмаа урлагийн ажил мэргэжлийн дээд сургууль, Өвөр Монголын Дэдмаа урлагийн сургуулийн соёл зуучийн хязгаарт компаниас зохион байгуулсан “Хайр шингэсэн тоорой” дуулалт жүжиг тавдугаар сарын 19-нд Хөххотод тавигдаж үзэгчдийн таашаалд хүрлээ.
Өвөр Монголын нэрт дуучин Дэдмаа анх энэхүү жүжгийг тайзнаа амилуулах тухай санаачилсан байна. Хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, урлаг судлалын ухааны доктор, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Н.Жанцанноров, хөгжмийн найруулагчаар Монгол Улсын “Анир” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг, найруулагч н.Лхагважаргал, Рашиням нар ажилласан байна.
Жүжгийг Хятадын цаг эриний үлгэр жишээч болсон торгууд монгол угсаатан, Өвөр Монголын Алша аймгийн улс төрийн зөвлөлгөөний тэргүүлэгч Сүхээ хэмээх бодит хүний амьдралаас сэдэвлэжээ. Тэрээр урьдчилан тэтгэвэрт гарч, Эзнээ хошуундаа буцан заг мод тарьсан ба элсэн шуургатай тэмцэж нутаг усаа ойжуулах ажилд хүчин зүтгэлээ зориулсан хүн юм.
Хоёр орны уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Хайр шингэсэн тоорой” дуулалт жүжиг үзэгчдэд байгаль эхээ хайрлах хайрыг мэдрүүлснээр барахгүй мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдгээрээ олны сайшаалыг хүртэж байлаа.
