2018 онд Хятадын гадаад худалдаа тогтвортой өсөлтөө хадгалж, экспорт импортын хэмжээ түүхэн шинэ рекорд тогтоон, дэлхийн бараа худалдааны хамгийн том улсын байр сууриа хадгалсан бөгөөд 2019 онд гадаад худалдааны хөгжил тогтвортой сайжрах болно гэж өнөөдөр буюу 01-р сарын 14-ний өдөр Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэнь хэлсэн байна.
Мөн өдөр Хятадын албаны статистик мэдээллээс үзвэл, 2018 онд Хятадын гадаад худалдааны экспорт импортын нийт хэмжээ 30.51 их наяд юаньд хүрсэн бөгөөд энэ нь 2017 оны мөн үеэс 9.7 хувиар нэмэгдэж, шинэ рекорд тогтоожээ. Үүнд экспорт 16.42 их наяд юань, импорт 14.09 их наяд юаньд хүрч,тус бүр 7.1 хувь,12.9 хувь нэмэгдсэн байж, худалдааны ашиг 18.3 хувиар буурсан байна. 2005 онд Хятадын импорт, экспортын нийт хэмжээ 10 их наяд юаниас давж байсан бол 2010 онд 20 их наяд юань байж, 2018 онд 30 их наяд юань хүрч дээд амжилт тогтоосон байна.
Мөн Ли Күйвэнь,өнгөрсөн жил Хятад улс татварыг хөнгөлж, төлбөрийг багасгах, боомтын бизнесийн орчинг сайжруулах багц бодлого хэрэгжүүлсний улмаас худалдааг хялбарчлах үр дүн илэрхий дээшилсэн юм. Үүнээс гадна мөн онд Хятад улс зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлоход буцаах татварын хэмжээг хоёр удаа нэмж, экспортыг үр ашигтай дэмжсэн бөгөөд эм бэлдмэл, авто машин ба түүний эд анги, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн зэргийг импортлох гаалийн татварыг бууруулсны улмаас импортын хэмжээг үр ашигтай нэмэгдүүлсэн юм.
Саяхан болж өнгөрсөн Төвийн эдийн засгийн ажлын зөвлөгөөнд “Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах” зэргийг энэ оны эдийн засгийн ажлын гол чиглэл болгоно гэжээ. Энэ онд Хятад улс импортыг нэмэгдүүлэх талаар үргэлжлэн ахиц гаргаж, Гаалийн ерөнхий газар ч худалдааг хялбарчлах түвшнээ улам нэмэгдүүлэх зэрэг олон бодлого боловсруулна. 2019 онд Хятадын гадаад худалдаа тогтвортой байдлаа хадгалж, чанар чансааг сайжруулах чиглэлээр хөгжинө хэмээн төсөөлсөн байна.
