ХБНГУ-ын Ловерсаксони хотод хятадын уламжлалт анагаах ухааны цусны эргэлт сайжруулах эмчилгээг танилцуулдаг Пензел дээд сургууль бий. Вилли Пензел хэмээх герман хүний байгуулсан энэ дээд сургууль хагас зууны турш Хятадын уламжлалт анагаах ухааны цусны эргэлт сайжруулах эмчилгээг дэлгэрүүлэн сурталчсан бөгөөд өнөөг хүртэл энэ эмчилгээний арга барилыг эзэмшсэн 65 мянган эмч бэлтгэжээ. Энэ тухай ХОУР-гаас Германд суугаа сэтгүүлч Шюй Дүөгийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Тус сургуулийг ХХ зууны 70-аад онд Вилли Пензел хэмээх герман хүн байгуулжээ. Түүнийг сургуулиа байгуулахаас өмнө сүйт бүсгүй нь элэгний хүнд өвчинд нэрвэгдсэн байна. Вилли Пензел тэр үед хятадын уламжлалт анагаах ухааны иллэг хийх нь дотор эрхтнийг эмчилдэг тухай танилцуулсан номыг санамсаргүй олж уншаад сүйт бүсгүйгээ эмчлэх хүсэл өвөрлөн иллэгээр эмчилж эхэлжээ. Үүний үр дүнд сүйт бүсгүй нь бүрмөсөн эдгэсэн гэдэг. Вилли Пензел түүнээс хойш цусны эргэлт сайжруулах онол, зүү тавих тулгуур бичгийг олон жил судлан, Германчууд төдийгүй бүх Европт зохицох эмчилгээний иллэг, Вилли Пензелийн цусны эргэлт сайжруулах эмчилгээний аргыг судлан нээж, дээд сургууль байгуулан олон эмч бэлтгэсэн юм.
“Германы нийгэм Хятадын уламжлалт анагаах ухааны зүү тавих эмчилгээг хүлээж авахгүй, эмчилгээ хийхэд олон хязгаартай байлаа. Пензел зүүний онолд үндэслэн төмөрлөг даруулгаар зүүг орлон, мэдрэлийн цэгт сэдэл өгөх арга сэджээ. Зүүтэй харьцуулбал энэ аргаар эмчлэхэд цус гардаггүй болохоор өвчтөнд айдас төрөхгүй, амархан хүлээж авдаг. Үүнийгээ цусны эргэлтийг сайжруулах Пензелийн эмчилгээний арга гэж нэрлэсэн байна.”

Өрнө дорнын соёлын зөрөө их учраас өрнө дахины хүмүүс хятадын уламжлалт анагаах ухаанд таван цулыг төмөр, мод, ус, гал, шороон махбодтой зүйрлэн тайлбарлахыг ойлгодоггүй юм. Пензел дээд сургууль зургийн хэлбэрээр энэ тавыг нарийвчлан тайлбарлажээ. Тухайлбал “гал” гэдэг ханзны дээр “гашуун”, “халуун” гэсэн үг наасан байна. Герман дахь Хятадын уламжлалт анагаах ухааны дээд сургуулийн захирал Лю Жинь: Энэ эмчилгээ амархан, олон нутгийн хүмүүс өөрийн нөхцөлдөө үндэслэн зааж болно. Энэ бол Пензел дээд сургуулийн амжилтад хүрсэн гол хүчин зүйлсийн нэг мөн гэжээ.
“Вилли Пензелийн нээсэн эмчилгээний энэ арга маш амархан, аюулгүй бөгөөд өвчинд тустай юм. Судас, мэдрэлийн системийг ойлгосны дараа зургийн хэлбэрээр заавал цээжлэхэд амар, ашиглах боломжтой бөгөөд өвчнийг эдгээдэг. Вилли Пензел энэ аргыг нээснээс гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 100 гаруй ном бичиж, хэвлүүлсэн юм.”
Өнгөрсөн 30 жилийн турш Пензел дээд сургууль Австри, Швейцарь, Итали зэрэг 25 оронд салбар сургууль байгуулж, жил бүр дунджаар 2100 хүнийг бэлтгэл дамжаанд хамруулж байна.
“Хятадын уламжлалт анагаах ухааны онолыг сурахдаа үл тоож болохгүй, сайн ойлгохоосоо өмнө дүгнэж болохгүй. Учир нь олон хүмүүс бэлтгэлд оролцохоос өмнө хятад уламжлалт анагаах ухааны тухай ямар ч ойлголт байхгүй, зарим нь сонсоод шоолж инээдэг. Гэвч эмчилгээний бодит үр дүн гарсны дараа тэд инээхээ больдог юм.”
Пензелийн цусны эргэлт сайжруулах эмчилгээний аргыг одоохондоо Германы эмчилгээний даатгалд бүртгэж аваагүй байгаа тул энэ аргаар эмчлүүлэх хүмүүс эмчилгээний зардлаа өөрөө гаргана. Зарим эмч, сувилагч ашиг олохын тулд өвчтөний эмчилгээнд нөлөөлөхөөс зайлсхийж, тус сургууль “гурван удаа үнэгүй эмчлэх” зарчим боловсруулжээ.
“Сургуулилтад оролцох бүх хүнд бид нэг зүйлийг анхааруулж, шаардсаар ирсэн. Энэ юу вэ гэхээр мөнгө олохын тулд эмчлэхгүй, эхлээд гурван удаа үнэ төлбөргүй эмчилж үзээд өвчин нь эдгэрч байвал үргэлжлэн эмчилнэ. Хэрэв тус болохгүй бол даруй зогсооно. Өвчнийг нь эмчилж буй эмч бол найдвартай гэдэг итгэлийг олох хэрэгтэй. Энэ нь мөн хятадын уламжлалт анагаах ухааны онолын агуулга юм.”


