Нээлтэд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Утга зохиолын шүүмжлэгч, судлаач, доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж, сэтгүүлч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор, профессор, Өвөр Монголын “Талын дуу хоолой” радиогийн мэргэжилтэн Лханаагийн Мөнхтөр нар урилгаар оролцож оюутан залуустай уран зохиол, яруу найргийн эргэн тойронд чөлөөт ярилцлага хийсэн юм. Тус арга хэмжээг "Хөх гудамныхан" бүлгэм, ”Солонго” мэдээллийн төв, Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбоо, ӨМИС-ийн “Уянга” нийгэмлэгийн хамт олон хамтран зохион байгууллаа.

“Намар цагийн нээлт”-ээр уулзалт ярилцлага өрнүүлсэн төдийгүй “Хөххотын өдрийн тэмдэглэл” сэдвээр таван минутын шүлгийн уралдаан зохион явуулж, шалгарсан оролцогчдыг Өвөр Монголын Солонго мэдээллийн төвөөс “Солонго аялал”-ын эрхээр шагналаа. Оюутан залуус хүндэт зочидтой яруу найраг, утга зохиолын тухай ярилцаж, хүндэт зочдоос сонирхсон асуултдаа хариулт авч, үнэтэй зөвлөгөөг нь сонсохоос гадна хүндэт найрагчдынхаа уран бүтээлээс хамтдаа дуулан уншиж, шүлгийг нь уншиж, зохиолч найрагчид маань ч өөрсдийн бүтээлээ сонирхуулсан юм. Үзэгч олны сайн мэдэх Өвөр Монголын Одон телевизийн Соёл шинжилгээ сувгийн "Үдшийн зоог" нэвтрүүлгийн нэрт хөтлөгч, "Хөх гудамныхан" бүлгэмийн гишүүн Амаржаргал тус арга хэмжээг хөтлөн явуулсан юм.

Энэхүү оюутан, залуусын сайн дурын бүлгэм яруу найргийн дугуйлан хичээллүүлэхээс гадна гишүүд нь хоорондоо бичсэн шүлэг зохиолоо ярилцах, харилцан ном солилцож унших, соёлын арга хэмжээ, уралдаан наадмуудад оролцохоос гадна өөрсдийн шилдэг шүлэг, өгүүллэгүүдийг нэгтгэж “Хөх гудамныхан” номоо уншигчдын гарт хүргэж байсан. Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хөххотын хавар” яруу найргийн наадам, “Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдааныг энэ онд зургаа дахь жилдээ зохион байгуулжээ. Яруу найраг, уран зохиолд дуртай хэсэг оюутан, залуу зохиолчид анх эвлэлдэн нэгдэж, харилцан бие биедээ тусалж, сайн зохиол бичихийн төлөө биеэ дайчлан өөрсдийгөө хөгжүүлж, ихийг уншиж мэдсэн, чадалтай уран бүтээлч болохын төлөө нэгдсэн юм байна.







