Бид Б.Лхагвасүрэн гуайнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр очсон юм. Биднийг гэргий С.Баасан нь уриалгахнаар угтан авч орууллаа. Б.Лхагвасүрэн гуай гэрийнхээ хойморт тамхиа нэрэн сууж, гэрийн эзэгтэйн гарын цай, амтат сайхан буузаар дайллаа. Сайхан айраг ч амслаа. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе. 
- Та сайхан шинэлэв үү. Тахиа жилийн босгон дээр “Хөдөлмөрийн баатар” болсонд тань баяр хүргэе. Та Монгол төрийнхөө хамгийн том, нэр хүндтэй шагналуудыг авлаа. Сэтгэл тань их хөдөлсөн байх даа. Энэ талаар сэтгэгдлээсээ хаваалцахгүй юу?
- Энэ нь Монгол Төрийн хамгийн оргил шагнал. Хүн болж төрснийх, Монгол төрийн дор амьдарсных, хийж бүтээснийх, Монголын ард түмний хайр хүндэтгэлийн хүчээр ийм өндөр шагнал хүртлээ хэмээн бодож байна. Үүнийг би Монгол төрийн хишиг гэхээс гадна Монголын ард түмний их хайр юм гэж баярлаж байгаа.
Ардын уран зохиолч гэдэг бол зохиолчдын хамгийн дээд шагнал. Бусад шагналуудыг авсандаа баярлалгүй яахав. Ялгагдахын хувьд бол энэхүү Хөдөлмөрийн баатар хэмээх шагнал нь ховорхон тохиох, төрийн дээд шагнал юм. Урьд урьдынхаас илүү их үүрэг, зорилго, их юм хийх шаардлага надад ирж байгаа юм болов уу даа хэмээн бодож байгаа. Түүгээрээ л ялгагдана даа.

- Шагнал авах тусам танд улам их юм бүтээх эрч хүч нэмэгдэж байгаа байх даа?
- Их юм бүтээх юмсан, өдий насанд үймж шуугихаас илүү үлдэх юмаа их бодох болдог. Би Монголын ард түмэнд юу үлдээх вэ, Монголын ард түмний олгосон энэ их хайрын ард би юу орхих вэ, цаашид юу хийх вэ, магадгүй миний бүтээсэн, хийсэнд ахдаж байгаа шагнал байх. Тийм болохоор би нэмж их юм хийх хэрэгтэй болж байна гэж л бодож сууна. Төр бол намайг хайрлахаас гадна бас их юм хийгээрэй хэмээн ташуурдаж байна даа л гэж ойлгож байгаа.
- Та залуу байхдаа худалдааны чиглэлээр сургууль төгссөн байх аа?
- Худалдааны сургуульд суралцсан. Мөн киноны сургууль төгссөн.
- Та худалдааны сургуульд суралцсан хүн яагаад уран зохиол, урлаг руу орсон юм бол?
- Худалдааны техникум төгсөөд л би театрт орчихсон. Тэр үед 16, 17 настай байлаа. Ингээд л миний бүх амьдрал Монголын соёл, урлагийн амьдрал дунд өнгөрсөн. Би 50 гаруй жил Монголын соёл, урлагт зүтгэсэн.
- Та сургуульд сурч байсан, залуу үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?
- Би зүггүй ч хичээлдээ сайн хүүхэд байсан. Өөр юуг дурсах билээ? Зүггүй хүүхэд юуг ч л хийнэ. Тэгэхдээ хүн хуурах, хулгай зэлгий хийх, балиар бүдүүлэг зан гаргах зэрэг муу муухай зүйл хийж байгаагүй. Ном их уншдаг, зүггүй л хүүхэд байсан даа.
Би долоодугаар анги төгсөхдөө Хятадын уран зохиолч Лү Шюнь, Гуо Морү, Ба Жинг уншчихсан байсан. Дунд сургуулийн хүүхдүүд их юм уншина шүү. Лю Фү, Ли Бо нарын монгол хэл дээр хэвлэгдсэн болгоныг бүгдийг нь уншина шүү дээ. Мао Дүний “Үнэгэн харанхуйд” гэдэг романыг долоодугаар ангид байхдаа буюу худалдааны сургуульд ороогүй байхдаа уншиж байсан. Лү Шюний “Галзуу хүний өдрийн тэмдэглэл” байна. Хятад хэлнээс цөөхөн ном орчуулагдсан байдаг. Тухайлбал, Ч Юй Бөгийн “Битүү шугуйн цасан талд” бас Ба Жин, Го Мо Жогийн ном байна. Мөн Оросын сонгодгуудыг уншина шүү дээ. Тэр үед ном их ховор байлаа, хүүхдүүд ч их уншдаг байсаан.
Би чинь уг нь зураач хүн шүү дээ. Миний зохиолч болох амьдрал зургаар эхэлсэн юм. Театрт зураач болоод жүжгийн зохиол бичдэг болсон. Би амьдралынхаа 20 жилийг зураг зурахад зориулсан. Номын, театрын тайзны зураг болон бусад зургуудыг зурдаг. Магадгүй би зураачаа хийсэн бол яруу найрагчаасаа арай ч илүү байх байсан болов уу гэж боддог. Яагаад гэвэл миний дөрвөн хүүхэд зураач. Энэ нь ч бас удмын нэг юм байна аа даа. Надад өгсөн бурхны өгөгдөл буюу энэхүү авьяас удамшиж байна аа даа.
- Та 1962 оноос анхны шүлгийн номоо хэвлүүлсэн. Анхны шүлэг нь юун тухай шүлэг байсан бол, хэн нэгэн хүнд зориулж бичсэн үү?
- 1962 онд анхны шүлгээ л хэвлүүлсэн. Харин номоо хэвлүүлж чадахгүй явсаар 20 жилийн дараа 1982 онд хэвлүүлсэн. Хоёр жилийн дараа нь 1984 онд шүлгийн жижигхэн ном гаргаад Төрийн шагнал хүртсэн дээ. Ерөөсөө хоёрхон ном гаргаад Төрийн шагнал хүртсэн тохиолдол маш цөөхөн. Ер нь бол би Монголын уран зохиолд нилээд ширүүн орж ирсэн. Зоригтой ч гэх юм уу, тэнэг л байсан байх даа. Гэхдээ их зоригтой, их шинэ, сэргэг ер нь хүмүүсийн анхаарал татсан хүн орж ирсэн.
Анхны шүлгээ хэн нэгэнд зориулаагүй. Зүгээр л байгалийн тухай шүлэг байсан. Тэр үедээ л их шинэ сэргэг байсан байх. “Миний хэлний зөв”, “Намар цагийн сар”, “Багын шархнаас асгарсан дурьдатгал” гэдэг шүлэг байсан. Эдгээр шүлгүүд нь тэр үедээ л арай л өвөрмөц байсан юм шиг байгаа юм. Хүмүүс маш өөрөөр хүлээж авсан. Монголын буурал зохиолчид, залуучууд ч гэсэн маш сэрдхийж хүлээж авсан. Уран зохиолд тэсрэлт хийсэн хүн гэж ярьдаг. Энэ бол бусдын үг шүү. Харин өөрийн хувьд тэсэрсэн, унтарснаа мэдэхгүй. Тэр тухайгаа би ярих ч хэрэг байхгүй шүү дээ.
- Мэдээж ханийнхаа тухай зөндөө шүлэг бичсэн байх даа?
- Ханьдаа зориулсан, үр хүүхэддээ зориулсан шүлгүүд сүүлийн номнуудад орсон байгаа. Эхний номонд ханийн тухай шүлэг нэлээд бий. Мөн сүүлийнх нь номонд үр хүүхдүүддээ зориулсан шүлгүүд байгаа. Монголын нэрт яруу найрагч, Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуай телевизээр хань болон үр хүүхэддээ хамгийн олон шүлэг бичсэн яруу найрагч бол Б.Лхагвасүрэн гэж ярьж байдаг юм.
- Би саяхан хуримаа хийгээд амьдралын босго алхаж байгаа хүн. Таны амьдрал надад сайхан санагдаж байна. Та залуу насныхаа, амьдралынхаа тухай дурсан яриач?
- Хүний залуу нас гэдэг бол алаг эрээнтэй. Хүний залуу насанд ээж, ааваа хүндэтгэх, бусад хүнийг хүндэтгэх мөн гоо сайхныг хүндэтгэх зэрэг элдвийн зүйлээр дүүрэн байна. Би бол хар нялхдаа гэрлээд, 17 насандаа хүний эцэг болж, анхны хүүхдээ тосч авсан хүн. Тэгэхээр би нэг л гэрт, нэг л зорилгын дор амьдарсан даа. Ахуй амьдралын хувьд шүү дээ. Энэ хооронд амьдрахын тулд их зүтгэсэн. Миний амьдрал амьдрах, бүтээх гэсэн ерөөсөө хоёр зорилготой л байсан. Төмөр замын царигтай зам шиг хоёр шугамаар л явсан хүн.
- Та нэг ярилцлага өгөхдөө “Би энэ айлын үүдээр нэг ч удаа согтуу орж үзээгүй” гэж ярьсан байсан. Би нөхөртэйгөө хамт их сонссон. Үлгэр дууриал авах зүйл их байсан. Та их сайн хань, сайн аав шиг санагдсан?
- Би нэлээд олон удаа ярилцлага өгч байсан. Ямар ч ааштай, ямар ч хүн байсан хүүхэддээ муу аав, ээж гэж байхгүй. Гэхдээ би хүүхдүүдээ зандарч загнадаггүй, ер нь л бол би мөрөөр аав. Тийм мундаг захирч, захиргааддаг аав биш. Би бол хүүхдүүдээ төрүүлж үүсгэсэн мөртлөө хамтарч амьдардаг аав.
- Та “Би залуу байхдаа хүүхэддээ хувцсаа өмсгөөд, одоо хүүхдийнхээ хувцсыг өмсдөг” гэсэн байсан?
- Залуу байхдаа арай том байсан байх, өтлөхөөр жижигхэн болдог юм байна. Миний багадсан хувцсыг өмсөөд л миний хүүхдүүд хүн болж байсан. Аан, харин одоо бол хүүхдүүдийнхээ багадсан хувцас өмсдөг өвгөн болж байгаа байхгүй юу. Тийм үг хэлж байсан. Ер нь бол жам тийм юм. Хүн бол ер нь өтлөхөөрөө жаахан болдог юм байна. Амьдрал намайг их хороосон байх л даа. Амьдрал чинь тоглоом биш шоглоом шүү дээ. Амьдрал гэдэг бол маш тохуутай, эгдүүтэй бас хатуу.
- Амьдралын явцад хамгийн түшиг тулгуур болсон найзынхаа тухай ярихгүй юу?
- Надад хар багаас үерхсэн, бага, дунд сургуулийн маш олон найз бий. Би тэднээсээ салж чаддаггүй. Үргэлж л тэднийгээ дурсдаг. Тэд нар шиг минь үнэнч, үнэн хүн байхгүй. Уран зохиолд орж ирснээс хойш найзалсан олон сайхан “том” найзтай. Жишээлбэл, Урианхай байна. Ж.Лхагваа нас барчихсан, Дарамын Батбаяр гээд жүжгийн зохиолч, Дашням гэдэг доктор зэрэг найз нар бий. Бид тавыг Монголын уран зохиолын гарын таван хуруу гэж ярьдаг. Эдгээр найзууд маань байна. Би хорвоо дээр сайхан нөхөдтэй. Миний нөхдүүд бол бурханд чамлагдахааргүй сайхан найзууд.
- Улаанбаатар хот өвөлдөө утаа ихтэй байх юм. Энэ үед өөрийнхөө төрсөн нутгийг их санадаг байх даа?
- Саналгүй яах вэ, хүн чинь нутгаа л бодож байгаа юм чинь. Утаанаас болж санаж байгаа юм биш л дээ. Угтаа бол өдөр тутам нутгаа санадаг. Улаанбаатарын утаанаас гадна би өөрөө их утаа гаргадаг хүн шүү дээ. Маш их тамхи татдаг. Улаанбаатарынхаа утаатай зэрэгцээд л утаа гаргана даа. Гэрээ бол би утааддаг, гадаахыг Улаанбаатарын утаа утааддаг.
- Таны шүлгүүд дотор нутгийнхаа тухай бичсэн шүлэг их олон байдаг. Та нутгийнхаа уулыг үр хүүхэд, ач зээ нараа дагуулаад гурван удаа тойрдог гэсэн байсан?
- Тойрно шүү дээ. Би бол Цагаан сар өнгөрөөгөөд л шинийн 15-ндаа багтаагаад уул ус, нутагтаа очно доо. Сая би Хөдөлмөрийн баатар цол аваад “Нутгийнхаа чулуу болгонд баярлалаа” гэж Монголын радио, телевизүүдээр хэлсэн. Хүмүүс шагнал аваад төрдөө, ерөнхийлөгчдөө баярлалаа гэдэг. Би “Нэгдүгээрт өвөг дээдэсдээ баярлалаа, хоёрдугаарт Монголынхоо ард түмэнд баярлалаа, нутаг усныхаа чулуу бүхэнд баярлалаа” гэж хэлсэн. Энэ тухай олон сайтууд дээр тавигдаж, хүмүүс их хүндлэлтэй хандсан даа. Би бол нутагтаа хязгааргүй хайртай хүн.
- Одоогийн залуус ном унших нь багасжээ. Би ч гэсэн ялгаагүй. Залуусыг яавал ном унших дуртай болгох вэ. Таны хүүхдүүд хэр их ном уншдаг вэ?
- Залуу нас бол их асч, шатаж байдаг их завгүй нас. Хүн хайрлаад завгүй, орчлонг таних гээд завгүй, юм сурах гээд завгүй байдаг. Орчлонг хайрлаж, сонирхох нас нь залуу наснаас арай сүүл рүү, ид насанд ирдэг. Тийм болохоор бага уншдаг байх л даа. Тэрнээс залуучууд дургүйдээ ч уншихгүй байгаа биш. Күнз “Дөч хүрч сая бие тогтмуй” гэж хэлсэн байдаг. Дорнын том философич хэлсэн болохоор учиртай л үг байх. Тиймээс би залуучуудыг уншихгүй байгаад нь зэмлэдэггүй. Залуу нас бол орчлонг таньж ядсан, аагаа багтааж ядаж байгаа хугацаа шүү дээ. Манай хүүхдүүд сайн уншдаг. Гэхдээ би хүүхдүүдээ чи уншсангүй гэж шахдаггүй. Гэхдээ уншина доо. Номгүйгээр хүн амьдарч чадахгүй шүү дээ.
- Та бол Өвөр Монголчуудын сэтгэлд хүрсэн яруу найрагч, зохиолч?
- Би үүнийг миний шүлгийг монгол хүн, монгол тулгатан, монгол цусны хүмүүс уншиж байнаа гэж боддог. Миний монголчууд л уншиж байна гэж боддог. Энд хэвлэгдсэн “Уянгын тойрог”, “Гашуун өвс” гээд ном маань кирил үсгээс монгол бичиг рүү хөрвүүлэгдэн Өвөр Монголд гарсан. Одоо “Зовсон сүү” ном маань удахгүй хэвлэгдэн гарна. Эдгээр номнууд маань Бээжинд хятад хэлээр бас хэвлэгдсэн байгаа.
- Таны номыг Хятад хэл рүү хэн гэж орчуулагч хөрвүүлсэн бэ?
- Хасан гэдэг хүн байгаа. Орчуулгын зөвлөлийн орчуулагч. Тэр жилээ орчуулгын шагнал хүртсэн. Номын зургийг Төвдийн зураач зурсан.
- Та Өвөр Монголд очоод яруу найрагчидтай нь уулзаж байсан. Өвөр Монгол, Монголын яруу найрагчдыг харьцуулаад үзвэл?
- Ахуй, сэтгэлгээний хувьд ялгаа гардаггүй. Ганцхан хийц, хэлбэрийн хувьд л... Бид нар чинь тодруулбал, Өвөр Монголын яруу найрагчид бол агуу их Дорно дахины яруу найргийг хэл дээр нь хөхөж байгаа хүмүүс. Бид бол Өрнийн, Оросын яруу найргийг уншиж байгаа хүмүүс. Өөрөөр хэлбэл хоёр газраас шимээ авсан хүмүүс юм. Ялгаа байхгүй гадаадын хоёр том үнээний сүү хөхөж байгаа улс шүү дээ. “Оюуны сүү”-г хөхөж байгаа гэсэн үг. Блицийн хувьд жаахан ялгаа байгаа л даа. Өөр ялгаа байхгүй.
Би Өвөр Монголын яруу найрагчдыг үнэлдэг. Буянхишигийн яруу найргийг их уншдаг, их хүндэтгэлтэй ханддаг. Яагаад гэвэл 1988 онд Бээжинд болсон уулзалтаар Буянхишиг маань жаахан хүүхэд байсан. Тэр үедээ л шүлэг бичдэг байсан. Японд боловсролоо дээшлүүлээд сайн яруу найрагч болсон. Одоо бол Өвөр Монголын яруу найрагт Буянхишиг том яруу найрагч мөн. Мөн Одсэр, Сэцэнцогт, Эрдэнэтогтох зэрэг олон яруу найрагчдыг мэднэ. Мөн Алшаагийн яруу найрагчдыг бүгдийг нь мэднэ дээ. Тодруулбал, манай Буянбат бол их сайн яруу найрагч.
- Та бид нараас ч илүү сайн мэдэх юм байна?
- Би их сайн мэднэ ээ. Яагаад гэвэл миний мах, цусны тасархай учраас. Тэдний шүлгийг Монголынхоо яруу найргийг уншиж байгаа гэдэг сэтгэлээр л уншина. Монгол хүн бичсэн юм шүү гэж бахархаж уншдаг. Хэдийгээр дундуураа хилтэй, хол амьдардаг ч гэсэн миний л монголчууд.
- Та манай “Солонго” сэтгүүлийг уншиж байв уу. Танд ямар санагддаг вэ. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
- Их цэмцгэр сэтгүүл болж байгаа. Сайхан сэтгүүл кирил үсгээр гарч байгаа. Ингэж хэвлэгддэг нь бидэнд Өвөр Монголын тухай мэдээлэл авах, хүмүүсийн зохиол бүтээлийг уншихад их дөхөм болдог. Гэхдээ уран зохиолын материал их бага нийтлэх юм. Би “Хятадын сонгодог өгүүллэгүүдээс энэ сэтгүүлд гаргадаг байгаасай, Хятадын сонгодог шүлгээс тавьдаг байгаасай гэж боддог. Их Дорно дахины буюу Хятадын яруу найраггүйгээр дэлхийн яруу найрагтай гэж хэлэх үндэс байхгүй шүү дээ. Хятадын яруу найраг бол агуу их эртнийх учраас Хятадын эртний яруу найргаас тавьж байгаасай. Хятадын өнөө цагийн яруу найрагчдын бүтээл, зохиолчдын бүтээлээс ядахдаа гурван хуудас зориулж тавьж байгаасай гэж боддог. “Солонго” сэтгүүлийнхнээс хүсэхэд ийм байна.
Түүнээс улс төрийн бусад үйл явдлын болон Монголоос ярилцсан зарчмын ярилцлага, мэдээ мэдээллийг та нар хангалттай тавьдаг. Би үүнд баярладаг. Ганцхан миний хүсч байгаа зүйл ийм л байна. Миний хүсэлтийг сэтгүүлийнхээ ажилтнууд, эрхлэгч нартаа дамжуулаарай гэж хүсч байна.
Би танай сэтгүүлээс Хятадын сонгодог зургуудыг хармаар байна. Жишээлбэл, Чи Бай Шигийн, Цү Бэй Жюны зургийг хармаар байна. Гоё Хятадын сонгодог зургаар чимэглэж баймаар байна. Энэ монголчууд Хятадын соёлтой танилцах ёстой шүү дээ. Энд “Солонго” сэтгүүл нэг гүүр нь байх ёстой. Та нар хөрөг гэж хэлдэг. Мөн орчин үеийн яруу найраг, Өвөр Монгол зохиолчдынхоо яруу найргаас хэсэгчлэн тавьдаг байгаасай гэж хүсч байна. Монголчууд Алшаагийн яруу найрагчид болон Эрдэнэтогтохыг монголчууд сайн мэднэ шүү дээ. Монголд сая кирил үсгээр ном нь гарсан. Яруу найраг бол дандаа шинэ байдаг учраас шинэ юм л авчирна. Тэр болгон Хятадын зохиол, яруу найраг Монголд орчуулагдаад, гараад байдаггүй. Саяхан Хятадын орчин үеийн яруу найргийн ном гарсан. Хүмүүс маш их шимтэж уншсан. Эртний Хятадын уран зохиол, яруу найргаас Лу Синийг би унших юмсан гэж боддог.
- Та Өвөр Монголын уншигчдад хандаж юу хэлмээр байна?
- Айл саахалт, хил хязгаараар зааглагдан амьдарч байгаа ч гэсэн энх амрын, хийж бүтээсний, аз жаргалын чимээтэй сайн сайхан амьдраасай л гэж Өвөр Монголчууддаа хүсмээр байна. Өвөр Монгол хүн бүхэн эрүүл байгаасай гэж хүсч байна. Шинээр төрж байгаа хүүхдүүд, настан буурлууд, амьдарч байгаа бүх хүмүүст их аз жаргал хүсье.
- Танд баярлалаа. Та ч бас эрүүл энх, урт наслаарай!
Буянтай буурлын үгийг сонсох сайхан байлаа. Та бүхэнд ч гэсэн нэгийг эрэгцүүлж, хоёрыг ухааруулсан сайхан мэдээлэл болж хүрсэн гэдэгт итгэлтэй байна.
