solongonews
Нартаас буцчихсан ижийгээ санахын цагт
2015-12-28 18:21
Эхдээ гологдсон хурга өдөржин майлж харангадахад, өрөвдөхийн сэтгэлийг малд хүртэл ойлгуулж чаддаг малч монгол ухаанд яасан их баярладаг гээ.

Намар болохыг анзааралгүй өвсний толгойд хяруун шүүдэртэй зэрэгцэн бөнжийж хонодог цохноос тэсвэр тэвчээрийг, шатан урсаж байгаа лаанаас бусдын төлөө өөрийгөө зориулах гэрэл гэгээг би олж хардаг. Данхтай усанд унаад давчдан тэлчилж байгаа бяцхан дэвхрэгнээс амьдрах хүсэл тэмцлийн агууг олж нээдэг ээ.

Өвлийн цасан дор өвөлжин зүүдлэх борог өвсийг өрөвдөхдөө “Нарны шим нэмээсэй, тэгвэл энэ л борог өвс ирж яваа хаврын ногооны үндэс болж амилах болно доо” гэж аргаддагсан. Ганц нэгхээн нялх ногоо цухуйн алдахыг харахдаа гарцаагүй өнөөх л борог өвс ахин төрж байна гэж бодолдообас өөрийгөө итгүүлэхийг яана...

Намар оройн будант тэнгэр “Нас чинь нэгээр нэмэгдлээ шүү” гэдгийг надад сэмхээн шивнэдэг. Сүрэг шувуудын зураг сэтгэл шимшрүүлэх тэрхэн аясад нартаас буцчихсан ээжийгээ жигтэйхэн үгүйлээд явчихдаг. Эрх багын зангаар гомдоож л байсан тохиолуудаа хүн дэргэдээс нь биш, дэндүү холоос мэдэрдэг нь үнээн.

 Эхдээ гологдсон хурга өдөржин майлж харангадахад, өрөвдөхийн сэтгэлийг малд хүртэл ойлгуулж чаддаг малч монгол ухаанд яасан их баярладаг гээ. Маргааш нь гүйгээд гарахад малгай шиг жаахан хурга ээжтэй болчихсоон тонгочихыг хараад, магад ийм дотносол хайр, хүмүүст харин олон байгаасай гэж ерөөдөг өө.

Энгийн л энэ амьдралын үнэнийг эгэлгүйдээ би олж хараагүй. Нүдэнд өртөх бүхэнд далд чинад гэж бий. Нүдэнд харагдахгүй зүйлд бас эгээрэл учирлал гэж бий. Ямар нүдээр харах нь, бас ямархан сэтгэлээр хандах нь л чухал аа...
 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл