Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын Баянцагаан баг нь 38884 бог мал, 2700 бод малтай баг болно. Тал нутгийн байгаль орчны хамгаалалтын үүрэг хүнд, малын зах зээлийн үнэ ханш бага малчдын орлогын эх үүсвэр явцуу байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас малчдаа Шилийнгол аймгийн үзэмчин хонины нийгэмлэгийн гишүүн өрх болгож, өнгөрсөн жил 8700 эртийн хурга борлуулах захиалгын гэрээ байгуулж, газар орныхоо онцлогт зохицуулан эртийн төл тосож, нийгэмлэгээр дамжуулан малын гаргалтыг хурдасгаж, малчдын орлогыг нэмэгдүүлж байна.
Эртийн хурга борлуулах захиалгын гэрээний тоо хязгаартай болохоор манай багийн ихэнх өрх өнгөрсөн жил 100-150 эртийн төл тосож борлуулах гэрээ байгуулсан. 6 дугаар сарын 30-ны өдөр манай баг гэрээ ёсоор малчдаа зохион байгуулан Шилийнгол аймгийн үзэмчин хонины нийгэмлэгээр дамжиж, аймгийн Да Жуанюань мах махан бүтээгдэхүүний компанид 19 өрхийн 1310 хургыг худалдан борлуулжээ. Хурга бүр нь 10-16 кг хүрч, хамгийн өндөртөө 710 юаньд хүрч, хамгийн багадаа 560 юань хүрсэн байна. Компаниас малчдын тээврийн зардлыг багасгахын тулд хурга бүрийн борлуулсан үнэ дээр 8 юанийн тээврийн мөнгө нэмж өгснөөр малчдын зардлыг зохих хэмжээгээр хэмнэж өгсөн юм гэж Баянцагаан багийн дарга Г.Алтангэрэл хурга борлуулсан тухайгаа ярилаа. Малчин Түмэннаст хэлэхдээ:
- Би энэ жил 145 хурга худалдсан. Нэг хурга дунджаар 699 юаньд хүрч, 100 мянга гаруй юанийн орлого олж, хурганы арьс ч 23 юань хүрсэн. Өнгөрсөн жил манай хурга дунджаар 240 юань л хүрч, арьсыг нь 17.5 юаниар арай гэж зарсныг бодвол энэ жилийн хурганы үнэ ханш өндөр байна. Энэ жилийн нэг хурга өнгөрсөн жилээс хоёр хурганаас ч илүү үнэ хүрсэн гэж хургаа өндөр үнээр эрт борлуулсандаа маш сэтгэл өндөр байв.
- Гантай байхад хургаа эрт борлуулсан нь нэг талаар нутаг бэлчээрийн дарамтыг зохих хэмжээгээр хөнгөлж, нөгөө талаар эх мал эрт тарга хүч авахад ашигтай. Аймгийн үзэмчин хонины нийгэмлэг малчдад үнэхээр үр ашигтай сайн ажил хийж өглөө. Одоо манай багийн малчид хошууныхаа хүйтэн агуулахад гэрээ ёсоор 3000 гаруй хурга борлуулж, борлуулалтын ажил өдөр бүр үргэлжилж байна. Энэ жил манай баг 15000 хурга, 2000 хонь худалдан борлуулахаар төлөвлөж байна гэж малчин Г.Алтангэрэл бидэнд ярилаа.
Энэ жил Баянцагаан багт эртийн төлөө эрт борлуулж байгаа малчид олширч байгаа нь нэг талаар нийгэмлэгтэй хоршиж захиалгын гэрээ байгуулах ашигтай талыг мэдсэн, нөгөө талаар мал аж ахуйн тухай данс бодож мал маллахыг эрхэмлэх болсныг харуулж байна.
