solongonews
Хүн мал хамтдаа баясах тэнгэрлэг ухаан
2017-02-23 17:16
- Цагаан сараар малчин Эрдэнэбилэгийн малчны хотноо болсон мал шинэлүүлэх ёсыг сурвалжлаад

Шинийн арван дөрөвний өдөр бид шинэ жилийн сурвалжлагаар Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Ундараа багийн малчин Эрдэнэбилэгийнд 2 дугаар сарын 10-ны өдөр хүрэхэд малаа мялаан шинэлүүлэх гээд маш завгүй байлаа.

Малчин Эрдэнэбилэгийн 200 гаруй хонь, арваад ямаа, гучаад үхэр, дөч гаруй тэмээ, 30 гаруй адуу нийлсэн таван хошуу малаа тэгш маллаж яваа айлын нэг байлаа. Малчин Эрдэнэбилэг хөдөө нутагтаа малчин амьдралаа өөдлүүлж явахдаа “Бид чинь хэдэн малынхаа хишгээр өнгөтэй өөдтэй сайхан амьдарч яваа шүү” хэмээн мал сүргээ нүдний цөцгий мэт хайрлаж явдаг нэгэн. Тиймдээ тэр уламжлалт заншлаараа энэхүү өлзийт өдрийг тохиолдуулан малаа мялаан шинэлүүлж байгаа нь энэ аж. Монголчууд цагаан сард мал сүргээ мялаан ерөөх ёс заншилтай байж, үүнийгээ мал шинэлүүлэх гэдэг. Үзэмчинд ихэнхдээ шинийн зургаанаас арван тавны хооронд бүтэн сайн өдрийг сонгож малаа шинэлүүлдэг болохоор малчин Эрдэнэбилэг шинийн арван дөрөвний шар луу өдрийг өлзийт өдөр хэмээн өглөө эртлэн босож, мал унаагаа тэжээж, малын хашаа хороогоо цэвэрлэж, мал мялаах сүү цагаан идээ, шар тос зэргээ бэлтгэн, бэлчээрт байсан мал сүргээ гэрээсээ баруун хойно байрлах өвс бэлчээртэй, дулаан тохилог газрыг сонгож малаа мялааж эхэллээ. Мал мялаахад ердөө буур, бух, азарга, хуц, ухна хийгээд төл сайтай эх мал, сэтэртэй малуудаа нэгд нэгээр ерөөн мялаадаг болохоор малчин Эрдэнэбилэг энэ өдөр малаа мялаахдаа буураасаа эхлэн мялааж, буурын хамар өвдөг зогдрыг нь сүү шар тосоороо мялаахын хамт “Уул шиг өндөр биетэй бол!” хэмээн ерөөнө. Тэдний адуун сүрэг нь холын уулнаа бэлчээрлэн өвөлжсөн болохоор адуугаа хурааж чадаагүй тул дараа нь бухаа “Түмэн үхрийн түрүүнд мөөрч яв, төл малаараа талыг дүүргэ” хэмээн ерөөн мялаалаа. Бод малаа мялааж дууссаны дараа дахин хуц, ухнаа мялааж “Төл чинь түм болог! Түм бумаар үрж! Будаа шиг үржиж, бум бумаар өс!” гэж ерөөнө. Ингэж мал сүргээ мялааж дуусаад бүх мал сүргээ тойрон явж сүү цагаан идээгээ өргөн “Хондлой дүүрэн хурдан жороо адууны хишиг хурай хурай! Дэлэн дүүрэн үнээний хишиг хурай хурай! Халуун хошуут хонины хишиг хурай хурай! Хурдан цовоо ямааны хишиг хурай хурай! Хийморь сүлд мэнд! Хишиг буян ир, ир!” гэж хурайлан мал сүргээ бэлчээрт нь гаргаж билээ.

Малчин Эрдэнэбилэгийн цагаан сарын арван дөрөвний энэхүү өлзийт өдрийг тохиолдуулан мал сүргээ мялаан мал сүргийнхээ өнөр өсөлтийг бэлгэдсэн нь монголчуудын эрт дээрээс уламжилж ирсэн цагаан сараар хүн мал хамтдаа баясах тэнгэрлэг ухаанаа өвлөн уламжилсан нэгэн учиртай сайхан үйл ажиллагаа болсон ажээ. Таван хошуу малаа маллахдаа монголчууд эрт дээрээс шинэ жил цагаан сарын хугацаанд өөрсдөө шинэлэн баясдаг бөгөөд өлзийт өдрийг сонгон мал сүргээ мялаан шинэлүүлж баясгадаг сайхан уламжлалтай юм.

- Өмнө нь монголчууд мал сүргээ мялааж шинэлүүлэх ёсон байсан хэмээн ахмад хүн ярихыг сонсож байсан. Гэвч энэхүү сайхан заншил минь манай энд нэг үе гээгдэж орхигдсон юм. Малчин хүн таван хошуу малынхаа хишгийг түшин амьдарч яваа болохоор таван хошуу малаа мялаан шинэлүүлж баясгах нь зүйтэй хэмээн би боддог. Тэгээд энэ жилээс гээгдэж мартагдсан мал мялаан шинэлүүлэх ёсоо зориг шулуудан сэргээж хийсэн. Хойшдоо энэхүү ёс заншлаа уламжлан хөгжүүлж, үр хойчдоо уламжилж явна хэмээн малчин Эрдэнэбилэг ярьж билээ.

Зохиогч: Хад
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл