Цас хялмаалахад
Оддод асхарч байна гэж талимаарсан
Өвсний нүд шиг
Гол үерлэхэд
Сэлүүр ургаад умбаж байна гэж сэтгэсэн
Чулууны бодол шиг
Тийм
Цалин цагаан сэтгэлийг
Хун шувууны инээмсэглэл гэдэг
Үүл газардахад
Тэнгэрээ үнэсэж байна гэж зүүрмэглэсэн
Хүрэн булгийн зүүд шиг
Хайл урсахад
Газрын сүү мэлмэрч байна гэж мэдэрсэн
Халиун бугийн догдлол шиг
Тийм
Чин үнэнч итгэлийг
Хун шувууны инээмсэглэл гэдэг
Сар тэргэлшихэд
Мөнгөн болор нуур минь нүүгээд ирлээ гэж хөөрсөн
Шувууны хүсэл шиг
Нар мандахад
Гал улаан наадгай үүрээд аав минь ирлээ гэж хөгссөн
Хүүхдийн мөрөөдөл шиг
Тийм
Гэнэн хонгор араншныг
Хун шувууны инээмсэглэл гэдэг
Газрын тухай шүлэг сэтгэж гол мөрөн намуухан урсахад
Тэнгэрийн тухай дуу зохиож уулсын орой бууралтахад
Ертөнцийн тухай тарни бүтээж амьтан бүгэд залбирахад
Тэр л хун шувуу инээмсэглэж байдаг юм
Тийм
Хун шувууны инээмсэглэлийг
Хорвоо дэлхий санаад удсан юм
Тийм
Хун шувууны инээмсэглэлийг
Зун олон мартаад удсан юм
Хун шувууны инээмсэглэлээ гэж
Миний хурмастад өөрөө хүргэж очих захиа юм
Миний хорвоод унших сүүлчийн шүлэг юм
Хун шувууны инээмсэглэл минь ээ.
