solongonews
Зуныг чимсэн зуун унага
2019-06-13 16:43
Зуныг чимсэн зуун унага

Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Эрээнбулаг багийн залуу адуучин Мөнхөө энэ жил 100 гаруй унага тосоод сэтгэл тэнүүн зуншиж байна. Энэ жил  адуу унагатайгаа нийлээд 400 гаруй болжээ. 100 унага тоссон баяраа тэмдэглэхээр айл саахалтаа урьж, адуу уургалах, адуу дэллэх зэрэг эрийн шандас шалгасан үйл ажиллагаа зохион байгуулж, нэг өдрийг аргамаг хүлгийнхээ тоосонд баяр хөртэй өнгөрүүллээ.
Мөнхөөгийнх голцуу адуугаа өсгөж байна. Хоёр хүүхэд нь сургуульд сурч, эхнэр Нарс нь үнээ тугалаа додомдож, сүү сааль гэсэн нутаг усныхаа алдрыг өргөсөн чинээлэг амьдралтай, шилдэг адуучин алдартай айл билээ. Мөнхөө ажлынхаа зав чөлөөгөөр морь уяна. Түүний уясан морь нь найр наадамд айрагдахад нь сэтгэл бүр ч тэнүүн болно.
Хөдөлмөрч хүний амьдрал өөдөө байдаг. Мөнхөөгийнх хөдөлмөр хүчиндээ хөлсний хүн авдаггүй. Адуу, үхрээ гээд эртэлж оройтон хөдөө суух сайхан байна. Уур амьсгал таатай, биед ч сайн гэж Мөнхөө, Нарс нар дуу нэгтэй ярьж байсан юм.

Зохиогч: Нийтлэл, зургийг: Барс
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл