Газар шороогоо алттай зүйрлэж байдаг нь газар шорооны үнэ өртөг ба хэрэглээний өртгийг аль эртнээс ухаарч таньсан үндэстэн байжээ гэдгийг тодорхой нотолно.
Монголчуудын мал маллах соёлын суурь бол газар шороо, өөрөөр хэлбэл нутаг бэлчээр юм. Монголчууд нутаг бэлчээртэй бол мал сүрэгтэй, мал сүрэгтэй бол амин тэжээлтэй гэж үздэг. Тэгэхдээ нутаг бэлчээрээ хамгаалахыг тэргүүнд тавьж, мал сүргээ өсгөхийг дээдэлдэг. Үүний нэгэн жишээ нь, нүүдэллэн мал маллах арга ухаан юм. Бид өмнөх нүүдэл амьдралынхаа ул мөрийг улам цааш ажиглан шинжихэд, амьдралын ба үйлдвэрлэлийн хэрэгсэл нь бүгд газар нутаг, бэлчээр усаа хамгаалахад суурь нөхцөл болгосон дээд хэмжээний шинжлэх ухаанлаг, дөхөм авсаархан эдлэл хэрэгсэл хэрэглэдэг нь үнэхээр бишрэлтэй. Эдгээр үйлдвэрлэл, амьдралын хэрэгсэл нь өөрийн өртгөөр бага, хэрэглээний өртгөөр өндөр бөгөөд улирлын онцлогт тохируулан зарж хэрэглэж болдог. Монгол гэр бол мэдээж шавар чулуу хэрэглэдэггүй, нутгийнхаа мод бургас, малынхаа ноос хялгасаар бүтээжээ. Монгол гэр хүйтэнд дулаахан, халуунд сэрүүхэн, салхи борооноос ажирдаггүй, авч явахад хөнгөн, барьж босгож буулгахад хялбар дөхөм байдгаараа одоо ч гэсэн дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсаар. Малынхаа хашаа саравчинд шороо хэрэглэхгүй, уд бургасаар замбаа сүлжиж нүүхдээ аваад явчихна. Улаа тэргээ уулын бэлийн модоор хийчихнэ. Хүрдийг нь хүртэл газар нутагт халгүй гэж модоор шаадаг. Нүүдэл буудал хийхдээ хуучин мөрөөрөө явдаггүй билээ.
Монголчууд эрт дээр үеэсээ өөрийнхөө нутаг усаа амь голтой, эзэн сахиустай гэдэгт итгэдэг. Өндөр сүрлэг уул хайрхан, цэнгэг урсгалт ус гол, булаг шанд, байгалийн ой тайга зэргээ тахидаг уламжлалтай. Нутаг усныхаа хамгийн сайхан өнгө үзэмжтэй, өвөрмөц онцлогтой, бэлгэ дэмбэрэлтэй зүйлээ сонгон овоо босгож, есөн эрдэнийн зүйлс, таван тарианы үр, цаашлаад өөрийн хайр сүсэглэл, итгэл бишрэлээ онголж, дэлгэр зуны хамгийн сайн өдрийг сонгож тахидаг. Тахилгынхаа өдөр, настан томоотон тэргүүтэй нийгэм нийт, үй олноороо өнгөлөг сайхан дээл хувцсаараа чимж, ганган сайн агт хөлгөө унаж, овоондоо гаран улаан, цагаан идээ зэрэг идээний дээжээ өргөн, ном уншиж, ерөөл магтаал өргөн, хур бороо элбэг, өвс бэлчээр өндөр сахлаг, мал сүрэг тарган цатгалан, өвчин тахалгүй, гэм хижиггүй, өдөр бүр баяр жаргалтай байхаа хүсэн даатгахад нутгийн сахиулсан ч гэсэн уяран зөөлөн хур зүсрэн зүсрэн буудаг билээ.
Буурлуудын минь ухаан гэдэг бурхан ухаан буюу!
