Энэ оны 05-р сарын 05-нд Марксын мэндэлсний 200 жилийн ой тохиож байна. Саяхан Марксын хоёр дахь өлгий нутаг болох Лондонгийн Марксын дурсгалын номын санд нээлттэй арга хэмжээ зохион байгуулж, түүний үзэл санааг хүн төрөлхтөнд өвлүүлж, түүхийг өөрчилсөн энэ хүнд хүндэтгэл илэрхийлсэн юм. Энэ тухай ХОУР-гаас Их Британид суугаа сэтгүүлч Лян Тао, Дуань Шюелянь нар мэдээлж байна.

Лондон дахь Марксын дурсгалын номын сан 80 гаруй жилийн түүхтэй бөгөөд байгуулагдсан цагаасаа Марксын үзлийг Их Британид дэлгэрүүлэх үүргийг биелүүлсээр иржээ. Тус номын сангийн захирал Мериан Жамп: Энэ номын санг анх байгуулах үеэс өнөөг хүртэл “Марксыг дурсах номын сан ба ажилтны сургууль” хэмээн нэрлэж байгаа нь дурсан санах, сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой юм гэжээ.
“Энэ номын санг байгуулсан цагаас Марксын үзлийг сурталчилж, ажилтны хөдөлгөөний түүх, социалист үзэл суртлыг Их Британи болон дэлхийн дахинд түгээхийн төлөө хичээсээр ирлээ. Номын санд байгаа 60 мянган орчим ном, сэтгүүл бүгд Марксын үзэл, энх тайвны хөдөлгөөн, Испанийн дотоодын дайн, Оросын Октябрийн хувьсгалын тухай агуулгатай юм.”

“Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулж, номын сан “Маркс 200” цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Олон улсын хөдөлмөрчдийн баярын үеэр нээлттэй өдөрлөг зохион байгуулсан” гэж тус номын сангийн захирал Мериан Жамп ярьж байлаа.
Тэрээр: Номын санд миний бие захирал, өөр нэг давхар ажилтай ажилтан бий. Номын сангийн өдөр тутмын ажлын ихэнхийг сайн дурын 30 ажилтан нугалдаг. Санхүүгийн талаар засгийн газраас ямар ч дэмжлэггүй. Ажлын болон ном сэтгүүлийн зардал дэмжигчдийн хандив, гишүүдийн татвараас бүрддэг гэжээ.

Сайн дурынхан бол оюутан, лекц уншиж, хичээл заах профессор, түүхийн ухааны эрдэмтэд юм. Тэд итгэл үнэмшлээрээ, Маркстай холбоотой түүхэн материалыг хамгаалж, Марксын үзлийг дэлгэрүүлэхийн төлөө ажилладаг. Лондонгийн их сургуулийн Роял Холловей дээд сургуулийн профессор, түүхч Мари Давис бол сайн дурынхны нэг нь юм:
“Номын санд хадгалж буй түүхэн сурвалжууд их үнэ цэнэтэй. Тухайлбал Оросын Октябрийн хувьсгалын асуудлыг судлахад интернетээс материал олоход их хязгаартай. Номын сангийн ном дэвтэр, түүхэн сурвалжуудыг уншин, олон зүйлийг ойлгож, түүхийг шинэ өнцгөөс харах боломж олдог.”

Сүүлийн хэдэн жил Их Британийн иргэд ялангуяа оюутан залуус Марксын үзлийг их сонирхох болж, ойрын хэдэн сард номын санд ирж, ном уншин, материал хайж, лекц сонсох хүн олширч байна гэж Мариан ярьж байлаа.
21 настай Даниел Саваге тус номын санд анх ирж байгаа тухай сэтгэгдлээ хуваалцсан юм:
“Их сонирхолтой санагдаж байна. Энд олон сонин сайхан ном бий. Ленин 1902-1903 онд энд социализмын тухай сонин сэтгүүл гаргаж байсныг сая мэдээд их гайхаж, баярлалаа. Урьд нь би мэдээгүй байсан юм.”
Тус номын сан энэ 5-р сард Лондонгийн их сургуулийн Ази Африкийн дээд сургуульд Марксыг дурсах олон улсын хурал зохион байгуулж, Марксын үзлийг судалж буй дэлхийн олон орны судлаачдыг урьж оролцуулах юм. Марксын улс төр, эдийн засгийн ухаанд оруулсан хувь нэмэр, түүний өнөө цагийн ач холбогдол, хүн төрөлхтөн XXI зуунд орсноос хойш Марксын үзэл өнөөгийн ертөнцийг өөрчлөх хүчинтэй байгаа тухай сэдвийг хурлаар авч хэлэлцэх юм байна.
