solongonews
Нэгэн үеийн алдарт бөх Нүцгэн Самданы тухай
2017-07-04 10:09
Авга Урианхайн нэгэн үеийн алдарт бөх Нүцгэн Самданы дуртгалд

Монголчууд гэж найр наадмаар бөхөө барилдуулж, аль нутгаас ямар сайн бөх тодорлоо гэж үе дамжин бахархан ярилцдаг улс. Нутаг нутгаас тодрон гарсан тэр олон нэрт бөхчүүдийн дундаас энэ өдөр аваргын индэр дээр зогсон, алтан медаль аваагүй ч алдар нэрээ Авга Авганарын дөрвөн хошуугаар мөнхөлсөн, ар Урианхайн алдарт бөх Нүцгэн Самданг дурдахад үнэхээр урамтай байна.

Алдарт бөх Самдан өнгөрсөн зууны 40-өөд оны үеэр Авга Уриайнхайн уудам нутгийн найр наадам гэлтгүй ердийн сорио боловсролд хүртэл адуун шантай, алга ташилтын урамтай гялалзтал барилдаж явсан нэгэн. Нутгийн буурлын хуучлахаар Нүцгэн Самдан уулын Зүүн Авга хошууны Говийн Зүүн сум, одоогийн Ихгол сумын Дэлгэр багийн Онгон хавиар нутаглаж байсан гэдэг. Бага насандаа Ииндув сүмд шавилж байжээ. Ааг омогтоо багтаж ядсан 18 насандаа өөрийн дээдлэн дахидаг Хултын овоон тахилгад одтой сайн барилдсанаар бөхийн аян эхэлж, ховорхон тохиох наадам болгоноор шалгах найм, шангийн дөрөвт үлддэг байсан гэнэ лээ.

Нүцгэн Самданы онгон эрдэм нь гүйлгээ татаа, түүний онгон эрдэмд тогтож үлдсэн хүн ховор гэдэг. Харин насны бөгсөнд хамт барилдаж явсан Урианхайн бас нэгэн сайн бөх Хөрөнхүү л тогтож гэнэ. Энэ тухай хууч дэлгэвэл, нэгэн удаагийн наадмын үзүүр түрүүнд Нүцгэн Самдан, Хүч Хөрөнхүү хоёр таараад Нүцгэн Самдан алдартай мэх гүйлгээ татаагаа хийчхээд шангаа авахаар дэвсэн гэдэг. Ердөө л Самданы гүйлгээ татаанд тогтох хүн байдаггүйгээс хойш. Шангаа авахаар очиход нь шан өгч байсан бөхийн даамал “Хөрөнхүү унаагүй” гэдэг байна. Самдан эргэж харахад Хөрөнхүү нь харин хоёр гутлынхаа түрийнд гараа хийчхээд өцөгнөж байсан гэдэг. Самдан давхиж очоод унагаах зав байсан боловч хэчнээн жил хамт барилдаж явсан нөхрөө хараад өрөвдсөн юм уу буу мэд, унагаасангүй болохоор тэр найрт Хөрөнхүү тэргүүлж, “Нүцгэн Самданы гүйлгээ татаанд унасангүй ганцхан үлдсэн Хөрөнхүү” гэдэг сайхан алдар ар Урианхайн атрын салхийг хөлөглөн, адуун бэлчээрээс үнээн зэл хүртэл яригдаж явлаа гэдэг.

Авга Урианхайн алдарт бөх Нүцгэн Самданы барилдаж явсан гайхамшигт түүх нь даанч олдохгүй байгаа нь харамсалтай боловч Нүцгэн Самданы зангиа гэж долоон хүрэл шигтгэж, догшин буурны шүлсээр шүгэлсэн, дийлэгдэшгүй шидэт зангиа байсан бөгөөд зангиан цацагтаа тэргүүлсэн тоогоороо нутгийнхаа чулууг баглан уядгаас магшин дэвэхэд зангиа нь шажигнан дуугарч бүр сүртэй байдаг гэсэн. Нүцгэн Самдан энэхүү зангиагаа Авга Урианхайн нэрт бөх Гэндэндамбаа гэгч хүнд өвлүүлсэн байна. Зарим судлаачид Нүцгэн Самданыг 1959 оны Шилийнгол аймгийн наадамд дархалсан гэдэг.

Нүцгэн Самдан дундын биетэй, өргөн мөртэй, ааш зан зөөлөн, хүүхдэд ээлтэй хүн байжээ. Миндув сүмийн цогчин жасын нярав байсан Түвдэнсалжид, Жамъянцойдор нарын хамт Миндув сүмийн гурван бөх хэмээн Авга Авганарын дөрвөн хошуунд алдаршсан юм.

Залуу бага наснаасаа зав цаг гарвал ноцолдсоор байгаад хүрэм цамцаа байн байн урж, хувцас хунар тэсдэггүй байснаас сүүлдээ цээжин биеэ нүцгэлэн сорио боловсрол, ажил хөдөлмөрт оролцдог болсноос хүмүүс түүнийг “Нүцгэн Самдан” хэмээн хочлох болжээ. Нүцгэн Самдан тухайн үеийн бөхийн хатуу журмаар гялалзтал барилдан, олноос онц тэргүүлснээр таван өнгийн зангиа зүүх хэргэмтэй болсон юм. Одоо хэдий түүний залуу насных нь гайхамшигт барилдааныг харж явсан хүнгүй болсон ч гүйлгээ татаагаараа олон бөхийг шороодуулж явсан үлгэрийн юм шиг домогт үйлийг нь дурсан хүүрнэж, бахархан баярлаж яваа хойч үеийнхэн нь зөндөө олон байгаа билээ.

Зохиогч: Ц.Болд
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл