solongonews
“Арван сум”-ын хуримын ёсон
2018-06-25 16:09
“Арван сум” гэдэг нь одоогийн Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны хойд захад байрлах Хахир болон Сүжийн гол дагуух мал аж ахуйн орныг ярьж байна.

200 гаруй жилийн өмнө Ар Хорчин аймгийн нэгэн тайж Хөлөнбуйр аймгаас нүүдэллэн ирж, Ар Хорчин хошуу засгаас нутаг гуйсанд Их Хянган давааны ар өврийн энэхүү нутгийг зааж өгсөн байна. Засаг захиргааны хуваарилалт тэр хүмүүсийг Арван сум хувааж суулгажээ. Арван сумын ноён хожим нь туслах зэрэгт хүрч, хүмүүс ердөө “Ар туслагч” гэж нэрийдэг юм. Тэдний байгуулсан сүмийг “Ганжуур” сүм мөн “Туслагчийн сүм” гэдэг. 1947 оны мал аж ахуйн орны ардчилсан өөрчлөлтийн үед Ганжуур сүмийн лам хуврагийг нь тараажээ. Сүм сангийн гэр байшинг нь албанд хэрэглэж байснаа, хожим нь мод чулууг нь бусад барилгад хэрэглэхээр гэр байшинг нураажээ. 1949 онд Ар Хорчин хошууны Арван сумд багтаж байсан Улаандаваа нутгийг Байран зүүн хошуунд өгсөн юм. Иймээс Ар Хорчины одоогийн Арван сум нутаг нь угийн Баян-Өндөр, Баянбулаг хоёр сумын хэсэг газрыг хэлж байна.

Арван сумын малчид уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлээ эрхлэн амьдарч, монгол гэр, модон тэрэг болон морь унаагаа 90-өөд онд хүртэл хэрэглэж байлаа. Иймээс ураг хуримын ёсонд ч уламжлалт монгол амьдралын ул мөр хадгалагдаж иржээ.

“Арван сум”-ын хуримын ёсонд хүргэний тал болон хүүхний талын хуримын ёсоо монгол гэрт тавьж, ирсэн зочдоо сүүтэй цай, цагаан идээ, саалийн архи болон улаан идээ зэргээр зочилж, заримдаа халуун тогоо гаргадаг. Хоёр талын “Шөнийн суудал”-ын хуримд хүмүүс шөнөжин найрлаж, хуримын дуучид “Төрийн дөрвөн дуу”-г дуулдаг байна. Энэхүү дуунууд нь эзэн богд Чингис хаанаас эхэлж, засаг төр, шашин төр болон хурим төрийн агуулгатай бөгөөд хурим ёслолын хуулийн баталгааны шинж чанартай юм.

Дуучид төрийн дөрвөн дууг дуулж дуусахад хуримын түрүүнээс шагнал өгч, дуучид дахин “Шангийн найман дуу”-г өргөдөг. Эдгээр нь бүр ураг хуримд холбоотой дуу бөгөөд садан төрлөөрөө эв найртай хожмын сайн саяхныг зөгнөн бэлгэдсэн агуулгатай байдаг.

Хуримын өдөр шинэ хүргэн, хүргэн дагагч, хуримын түрүү, ерөөлч, дууч зэрэг тав буюу долоо зэрэг сондгой тоо бүхий хүмүүс “Саадаг”-т морддог. Саадгийн хүмүүс морь унаж, шинэ хүргэн биедээ хоромсого саадаг агсаж явдаг болохоор “Саадагт явах” гэдэг. Майхан хөсөг болон мах архи тээсэн үхэр тэрэг ч саадгийн хүмүүстэй хамт явдаг. Хүүхний талд хүрээд хөсөг майхнаа хүүхний талын гол монгол гэрийн баруун өмнө босгож, дотор нь хүүхний талд хэрэглэх мах, архи, бэлгээ тавина.

Хүүхний талын хуримд хадам аав нь хүргэнээ сумаар шагнана. Хүргэн нэг сумыг нь хүүхний бэргэнд үлдээн өгдөг. Бүхэл шүүсний дайллагад хүргэн шаант чөмгийн шагайг мултлан авч, торгон алчуураар боож баруун түрийнийхээ дотор талд нь хийнэ. Шаантыг хүүхний нэг бэргэнд өгч, хүргэлтийн тэргэнд хамт явна. Хүргэний гэр ойрдоход, хүргэн, хүргэн дагагч урьдаар довтлон очиж, хүргэлтийн хүмүүс удалгүй ирэхийг мэдэгдэнэ. Хүргэний талаас хүргэлтийн тэрэгний тоогоор үхэр хөтлөн ирж, хүүхний талын тэрэгний үхрийг солино.

Үүнээс гадна бүх хуримын явцад хүргэний талаас хүүхний талд морины бэлэгтэй очих, мэндийн элч томилох, хүргэн амдах, тамхи асаах, хүүхэн мордох цаг ойртвол бэргэд хүргэний талын майхныг унагаах, майханд дарагдсан хүний гутлыг авах, хүүхэн мордохоос өмнө унах морины дэл сүүлд сам хатгах, хүүхний даллагыг авах, мордуулах тэргэнд алтан мэлхийн зураг наах, өөхөөр гэр торлох зэрэг нь бүгд “Арван сум”-ын хуримын ёсны онцлог юм.

Зохиогч: Багаболд
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл