solongonews
Танил дотно Өвөр Монгол - 10
2017-10-19 17:56
Дэлхийжиж яваа дэгдээхэй дүү нартаа

       Намираа зөөлөн салхи навчит моддыг ганхуулсан налгар сайхан улиралд “Намаржаа сайхан уу” хэмээн амны билиг, ашдын ерөөлтэй мэндлэн золгосон эрхэм зочин маань Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, доктор, профессор, Оросын Холбооны Улсын Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Л.Дашням юм. Олон сайхан ном зохиол, яруу найраг, эрдэм шинжилгээний бүтээлүүдээр нь уншигч та энэ эрхэм хүмүүнийг хэрхэн эс андах билээ. Одоогоос 16 жилийн өмнө “Далай чи нүд минь юм уу” нэртэй шүлгийн ном нь монгол бичиг, хятад хэлээр хэвлэгдэж, Өвөр Монгол, хятад улсын уншигч олноо хүрч байсан бол энэ удаад гурван ч бүтээл нь монгол бичгээр гарч, Өвөр Монголчууд төдийгүй монгол туургатны уншигч олны гар дээр очлоо. Хэвлэлийн хорооноос “Бор дэвтэр”, “Үйсэн дэвтэр”, “Дэлхийжиж яваа дэгдээхэй дүү нартаа” номнуудыг нь хэвлүүлье гэсэн зөвшөөрлийг зохиогчоос авч албан ёсоор хэвлэн түгээсэн нь олны талархлыг хүлээсэн юм. “Бор дэвтэр” нь зохиолчийн олон жилийн турш бичсэн мэргэн цэцэг үг, оноч мэргэн үгийн түүвэр ном.

“Бор дэвтэр - I, II” энэ хоёр дэвтрийг монгол бичгээр нэгтгээд нэг ном болгож гаргасан аж. Энэ нь үгийн дэс дарааллаар оруулсан оночтой хэллэгийн ном юм. Л.Дашням:

- “Үйсэн дэвтэр” бол гурван мөрт хайку шүлгийн маягаар бичигдсэн. Яг хайкуг нь бид бичиж чадахгүй л дээ. 17 үет шүлэг болохоор монгол хэл тийм шүлэг бичих боломж олгохгүй. Харин хайку шүлгийн тэр онцлогийг гаргасан мянга нэгэн мөрт шүлгийн ном саяхан уншигчдынхаа гарт хүрсэн тухай сонирхуулсан юм.

   “Дэлхийжиж байгаа дэгдээхэй дүү нартаа” ном ерөнхийдөө монголын түүх соёлыг агуулсан. Өдгөө дэлхийжихийн хэрээр монголчууд түүх соёлоо зарим нь мэдэж, зарим нь орхигдуулж буй энэ үед залуучууддаа хандаж соёлоо мэдүүлэх зорилготойгоор гаргасан байна. Тийнхүү Хөххотноо энэ гурван номныхоо албан ёсны нээлт, уншигчид зохиолчдын уулзалт хийсэн билээ. Уулзалтыг зохион байгуулсан “Монгол элемент” компаний Наранхуар, Монголын Нууц Товчоог олон жилээр цуглуулж байгаа Чонос Цогтнаран зэрэг номонд элэгтэй залуусын тусламжтайгаар өргөн сайхан уулзалт болсонд зохиогч маань маш баяртай буйгаа илэрхийлсэн юм. "Танил дотно Өвөр Монгол" булангийн энэ удаагийн хүндэт зочин бол зохиолч, яруу найрагчаас гадна, эрдэмтэн хүн билээ. Оросын Холбооны Тува улсаас хоёр орны шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, түүнийг “Тува улсын шинжлэх ухааны гавьяат” цолоор шагнасан байдаг.

Л.Дашням:

- Би сүүлийн хориод жилд зөвхөн Өвөр Монголчууддаа төдийгүй Тува, Якут, Буриад, их ховорхон боловч Халимагуудад, сүүлийн үед мөн Хакас руу очиж байна. Ерөнхийдөө хойд нутагт сууж байгаа хүмүүстэй олон хүрээнд маш ойр ажилладаг. Тэр дундаа Тувачууд намайг онцгой өндөр үнэлсэнд нь баярлаж явдаг даа. Тувагийн гурван ч хүн миний удирдлага дор эрдмийн зэрэг хамгаалсан. Бид жил бүр шахуу Эрдэм шинжилгээний хамтарсан хурал, залуу судлаачдад зориулсан зуны семинар явуулж байна. Зөвхөн шинжлэх ухааны биш, бас соёлын өргөн хүрээнд хамтарч ажилладаг. Би бас хэдэн удаа Тувад очиж лекц уншиж, уулзалт зохиож байсан. Энэ бүхэн нэг талаар Тувачууд, Монголчууд хоорондоо ойртож танилцах боломжийг мөн олгосон.  Миний хүчин зүтгэж байгаа тэр бүхнийг минь үнэлж Шинжлэх ухааны гавьяат болгосон болов уу гэж боддог. Тийнхүү Буриадуудтайгаа ч гэсэн, ер нь хойд талынхандаа Орос хэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тухайгаа тэрээр сонирхуулан ярьсан юм.

Ахуй балчир 11 наснаасаа л зохиол бүтээлтэй холбогдсон бөгөөд ном бүтээл, шүлэг зохиолууд нь монгол туургатан төдийгүй дэлхийн маш олон оронд хэдийнээ хүрчээ. “Бор дэвтэр” ном нь өмнө нь Оросын сэтгүүлд, энэ жил Тайваньд хятад хэлээр хэвлэгдсэн. “Үйсэн дэвтэр” гэх гурван мөрт шүлгүүдээ удахгүй орос улсад хэвлүүлэхээр зэхэж байгаа юм байна. Мөн “Ноолгой” нэртэй өгүүллэгийн түүвэр нь Тува улсад тува хэлээр гарсан байдаг. Буриадын сэтгүүл болон байнгын тогтмол хэвлэлүүдэд шүлэг зохиол нь үргэлж л гарч байдгийг дурдахад таатай байна. Ингээд түүний олон лекц, сургалтуудыг Өвөр Монголчууд маань ямархуу хүлээж авч байгаа талаар нь сонирхон асуулаа.

Л.Дашням:

- Ер нь би Өвөр Монголын залуучууддаа их баярлаж явдаг. Миний лекц, сургалтыг сонсохыг хүсдэг Монгол Улсад сурдаг залуучууд маань Академид өөрсдөө зохион байгуулалттайгаар зорьж ирээд, миний цаг завыг хараад тодорхой сэдвээр лекц уншуулдаг гэх жишээгээр бид олон уулздаг. Миний мэдэж байгаа жаахан мэдлэгийг хуваалцъя, сонсъё гэж олон залуус эрмэлзэж байгаад нь их баярладаг. Би аль болох цаг заваа гаргаж тэдэндээ сонссон юмаа, анхаарч анзаармаар зүйлүүдийг үргэлж ярьж, хэлж явдаг. “Монгол уламжлал” академийн тэргүүний хувьд эхлээд 1991 онд Монгол мэдлэгийн сургууль гэдэг төрийн бус дээд сургууль байгуулсан юм. Одоо тэр сургуулийг Идэр дээд сургуультай нийлүүлээд зөвхөн шинжлэх ухааных нь хэсгийг таслаж аваад “Монгол уламжлал” академи байгуулсан. Монгол судлалын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бид орчин үеийн маягаар л үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн хөгжлийн боломжийг ашиглаад цахим хэлбэрээр гадаадад ч, монголдоо ч эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулдаг. Зуны семинар, сургалтуудын хэлбэрийг бид их анхаарч байна. Өвөр Монголын оюутнууд, магиструуд, сүүлийн үед бүр ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн ирдэг. Зуны сургалт маань одоо тав дахь жилдээ явагдаад байна. Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн багш, профессор Ц.Цолмон, Токиогийн гадаад хэлний их сургуулийн Дорнодахины судлалын Ази судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Төгс гэж японы иргэн болчихсон Өвөр Монгол залуу бид гурав нэг удаа ярьж байгаад ер нь энэ Чингисийн хойчис залуучуудыг хооронд нь уулзуулах, монгол амьдралыг мэдүүлэх, эрдэм судлалын салбарт хийж байгаа ажилд нь тус дэм болох зорилтот хөтөлбөр маягийн ажил зохион байгуулвал яасан юм бэ гэж ярилцсан. Тэгээд л тэр зуны сургалт анх үүссэн юм. Анх таван жилийн өмнө эндээс дөрвөн залуу очиж байсан бол энэ жил гэхэд 20 гаруй залууст сургалт явуулж байна. Ингээд таван жил болоход дал гаруй залуучууд манай зуны сургалтад хамрагдсан. Зуны сургуулийн онцлог бол залуучууд ямар профессороос, ямар сэдвээр лекц сонсмоор байна гэсэн саналаа хэлдэг. Би бол аль болох тэдний тэр болгон уулзаж чаддаггүй шахуу эрдэмтэд, соёлын гавьяатууд, гавьяат жүжигчид зэрэг хүмүүсийг уулзуулж өгөхийг хичээдэг. Янз бүрийн хүрээний сургалтыг тусгайлан зохион байгуулаад дараа нь монгол орноор явах зэрэг хэлбэрээр хийж байна. Сургалт улам ч өргөжиж байна. Би тэдэнтэйгээ аль болохоор ойртож уулзаж, сургалт явуулж буй арав хоногийн турш салахгүй цуг байдаг. Тэд маань ч багш нарынхаа үгийг бүрэн сонсдог. Академи маань бас судалгааны ном бүтээлүүд гаргаж байна. Олон улсын хурлууд зохион байгуулдаг. Манайх хэдийгээр олон хүнтэй биш хэдий ч дэлхийд төрийн бус академиудаас хамгийн өргөн хүрээнд хүрсэн академийн нэг нь Монгол уламжлал академи байдаг гэж ярьсан юм.

    Мөн зохиолч, яруу найрагч хүнийхээ хувьд Өвөр Монголчуудынхаа уран зохиол, яруу найргийн талаар хэрхэн бодож явдаг тухайгаа бидэнтэй хуваалцсан билээ. Түүнчлэн зохиолч, яруу найрагчдийг хооронд нь уулзуулах, мөн яруу найргийнхаа номыг Монгол Улсад кирил үсгээр гаргахад нь их тусламж үзүүлдэг. Дашням гуайн оролцоотойгоор Энххад, Буянбат гээд Алшаагийн Найман шарга гэж өөрсдийгөө нэрлэдэг найрагч залуусын яруу найргийн баярыг хамтдаа хийсэн. Зандраа, Э.Болд зэрэг монгол бичгээр уран гоё бичдэг залуучуудын уран бичлэгийн үзэсгэлэнг мөн зохион байгуулжээ. Ингэж уулзах, ойртох тусмаа, бие биенийхээ бүтээлийг мэдэх тусмаа харилцан бие биеэсээ сурах, нэгэндээ нөлөөлөх гэх зэрэг олон маягаар үр бүтээлтэй байгааг дурдаж байлаа. Ялангуяа, Өвөр Монголын яруу найраг бол сүүлийн жилүүдэд асар их хөгжиж байгаа.  Энэ бол энэ олон хамтын ажиллагааны дүнд бие биетэйгээ ойртож байгаагийн л үр ач болохыг тэрээр онцгойлсон билээ.

 Уламжлалын академи улиралд нэг удаа “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүл гаргадаг. Энэ сэтгүүл монголын эртний сэтгүүлийн нэг билээ. 1935 оноос эхлэн “Шинэ толь” нэртэйгээр эхлээд сонин, дараа нь сэтгүүл болсон. Л.Дашням энэхүү сэтгүүлийг 2010 оноос хойш дагнан гаргаж байгаа бөгөөд улиралд нэг, жилдээ дөрвөн удаа хэвлэгддэг байна. Монголын шинжлэх ухааны салбарт ямар шинэ судалгаанууд хийгдэж байна, ямар ололтууд байна гэх зэргээр зөвхөн судлаач нарт бус, нийт уншигчдад зориулсан шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүл юм. Дэлхийн шинжлэх ухааны салбар дахь сонин хачин мэдээллүүд нийтэлдэг. Түүх, соёлын өргөн хүрээний салбаруудыг хамардаг учир хамгийн сонирхолтой сэтгүүл байсан. Тэр их уламжлалтай сайхан сэтгүүлийг тэр хэмжээнд нь авч явахыг хичээдэг гэдгээ ч хэлж байсан юм. Харин сэтгүүлийнхээ дотор нэг булан нэмсэн нь “Сэтгүүлийн зочин” нэртэй. Басхүү Чингисийн хойчис, монгол туургатныхаа шинжлэх ухааны салбарт хийж байгаа зарим ажлын үр дүн, бүтээлийг энэ буландаа нийтэлдэг. Энэхүү сэтгүүл Өвөр Монголд, мөн “Наука и жизнь” нэртэйгээр Оросод бас гардаг байна. Л.Дашням:

-  Ерэн оны өмнө энэ сэтгүүлүүд хоорондоо их холбоотой ажиллаж байсан. Нийгмийн өөрчлөлтүүд их гарсан болохоор сэтгүүлүүдийн шууд хамтын ажиллагаа тэр бүр нэг их явагдахгүй байгаа. Хэрэв танай Солонго сэтгүүлийнхэн, танай төв Шинжлэх ухаан, амьдрал сэтгүүлийг бас сонирхоод шинжлэх ухааны салбарт ямар шинэ сонин зүйлүүд хийгдэж байна гэдгийг хамтарч ажиллах явцдаа бас хүргэх боломжтой гэж бодож байна. 

Бид ийнхүү ярилцаж хөөрөлдөхийн зуур зохиолчийн Өвөр Монгол оронтой харилцаа холбоотой ажилладгийн хувьд энэ орны өөрчлөлт, хөгжлийнх нь тухайд ямар бодолтой явдгийг нь сонирхон асуусны хариуд Л.Дашням:

- Би анх 1991 оны сүүлчээр Өвөр Монголд ирсэн. Тэр үетэй харьцуулахад танигдахгүй өөрчлөгджээ. Тухайн үед ялангуяа, Хөххот нэг тийм монгол хот маягтай байсан. Одоо бол их Европ хот болсон байна. Хүн ард нь ч гэсэн зээл хоршоо, байгаа байдал нь дэлхийн хотуудтай адилхан болж байгаа нь “дэлхийжиж” байгаагийн нэг илрэл байх даа. Мөн хөдөө орон нутгуудад өөрчлөлт гарч байгаа. Бас анх ирэхэд мал сүрэг нь задгай бэлчээрт гардаг байсан бол одоо хашаажаад их өөр маяг руу оржээ. Малчдын мал маллагаанд өөрчлөлт орсон. Ер нь нүүдлийн амьдралын тэр хэвшил ёсноос суурьшил руу хүчтэй шилжиж байгаа нь ажиглагдаж байна. Суурьшлийн болох тусмаа л унаган соёл, амьдралын хэв маяг, бүх зүйл өөрчлөгддөг. Хятадын агуу их хөдөлмөрч ард түмэн бидэнд агуу их юм л бүтээж хийж өгч байна. Тэр буяныг нь зөв эдэлбэл улам сайхан хөгжинө гэж бодож байна гэж үнэтэй саналаа хуваалцлаа. Түүний бодож явдаг зүйл бол ар, Өвөр Монголчууд хоорондоо их олон уулзаж учирч байгаасай. Шинжлэх ухааны салбарт ч гэсэн олон сайхан хурлууд хийж баймаар, соёл урлагийн салбарт ч гэсэн хамтарсан сайхан үзвэрүүд явуулж баймаар, биеийн тамирын салбарт  олон тэмцээн уралдаанууд зохиож баймаар. Аль аль нь уламжлалт энэ соёлууддаа оролцох, жишээ нь монгол бичиг гэхэд манай залуучууд их сайн өргөн сурч байна. Тэгэхээр хүүхдүүдийн дунд ч гэсэн энэ чиглэлийн ажлууд зохиох маягаар олон ажлууд өрнүүлэн уулзаж байх юм бол бид нэгнээ илүү сайн танина. Илүү нөхөрсөг дотно ах, дүүсэг болно. Тэгэхээр хамтарч хийх бүтээл нь аяндаа ундран гарч ирнэ. Монголчууд бид түүхийн эрхээр, хувь заяаны эрхээр ч юмуу янз бүрийн тохиолдлоор дэлхийгээр нэг тарчихаж л дээ.  Дэлхийд өөрийгөө монгол гэж үздэг арван сая гаруй хүмүүс байна гэж байгаа. Энэ арван сая хүмүүс хоорондоо хамтарч ажиллаад, ах дүүсэг ажиллаад ирэх юм бол нэгэн их зохиолчийн хэлснээр Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ чимэгтэй сонсогдоно гэж бодож байна хэмээн ярьсан юм.

Ном гэдэг яах аргагүй ертөнцийг харах цонх билээ. Олон мянган уншигчдынхаа юун ухааны гэгээвчээр охь эрдмийн болон онгод найраг, уран зохиолын илчит шимийг хүртээж яваа энэхүү хүндэт эрдэмтэн зохиолч хийж бүтээхийн төлөөх их үйлсэд ямагт тэмүүлсээр буй. Өнгө ялгаран нүд булаах өвөрмөц бүтээлүүдийг нь уншихын хүслэнд автдаг уншигч олондоо уламжлал соёл, ёс заншлаа залгамжлан үлдээхийн төлөө зогсолтгүй урагшлах цаг хормыг нандигнан хөдөлмөрлөгч түүнээс суралцах зүйл дэндүү их байна даа.

                                                                                               Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл