Ганц талт болон худалдааг ивээх үзэл өндийж буй үеэр Сингапурт болсон АСЕАН-ны чуулга уулзалт, Зүүн Азийн Хамтын ажиллагааны удирдагчдын хурлаар олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалах тухай нийтлэг ойлголтод хүрлээ. Зүүн Азийн бүс нутгийн орнууд бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хичээж байгаа бол Хятад, АСЕАН-ны хамтын ажиллагаа тогтвортой ахиж, БНХАУ, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаа дахин сэргэж, “бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн хэлэлцээр”-ийн тухай хэлэлцээ, “Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны удирдамж”-ийн тухай зөвшилцөл идэвхжиж байна. Энэ удаагийн хурал чуулган “эдийн засгийн хөгжил”, “улс төрийн аюулгүй байдал” хэмээх хоёр том хөдөлгөх хүчтэй, энэ хоёр хөдөлгөх хүч нь Зүүн Азийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хуралд оролцсон талууд үзлээ.
Эдийн засгийн хөгжлийн хувьд, Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том хүрээг хамарсан чөлөөт худалдааны хэлэлцээр болох “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн хэлэлцээр”-ийн тухай хэлэлцээ олны анхаарлыг татаж байна. АСЕАН-ны 10 орны санаачилсан тус хэлэлцээр дэлхийн нийт хүн амын тал хувь, дэлхийн худалдааны нийт хэмжээний 1/3 хувийг хамрах тул ДХБ-аар төв болгосон чөлөөт худалдааны тогтолцоо, эдийн засгийн даяаршлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Үүнээс өмнө, талуудын эдийн засгийн хөгжлийн түвшин ялгаатай байгаа зэргээс шалтгаалж, хэлэлцээ зогсонги байдалд орсон бол 2018 он гарснаас хойш худалдааг ивээх үзэл өндийсөн нь хэлэлцээний үйл явцыг түргэтгэсэн юм. Одоо тус хэлэлцээрийн тухай хэлэлцээний агуулгын 80 гаруй хувийг дуусгавар болгож, эцсийн хэлэлцээнд орлоо. Талууд улс төрийн шийдвэр зоригоо харуулж, хэлэлцээг эрт дуусгаж, бодит ажил болгохыг Хятадын тал уриалж байна.
Талуудын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд тэдэнтэй Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогц байгуулах хэтийн төлөв, хөгжлийн арга замын тухай зөвшилцөж, банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Чиангмайн санаачилгын олон талт, бодит үр ашгийг нэмэгдүүлэн, соёл, боловсрол, залуусын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн гэдгээ Хятад улс мэдэгдсэн билээ. Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогцуудаас БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт хамгийн чухал нь юм. Тоо баримтаас үзвэл, 2017 онд гурван орны экспорт, импорт дэлхийн худалдааны нийт хэмжээний 20 орчим хувийг эзэлжээ. Худалдааг ивээх үзэл, даяаршлын эсрэг үзэл өндөлзөж буй нөхцөлд, БНХАУ, Япон, БНСУ Зүүн Азийн хамтын ажиллагааны үлгэр шишээ болох нь маш чухал болоод байна.
Энэ жил Японы ерөнхий сайд Абе Шинзо 7 жилийн дараа Хятадад албан ёсны айлчлал хийснээр хоёр орны харилцаа тогтвортой, эерэгээр хөгжиж, “гуравдагч зах зээлийн хамтын ажиллагаа” нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны өсөлтийн шинэ тулгар цэг болсон бол өнгөрсөн оны эцсээр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хятад улсад айлчлан хоёр орны харилцааг сайжруулсан юм. БНХАУ, Япон, БНСУ хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлж байгаа бол гурван орны давуу талыг нэгтгэх нь чухал шаардлага болоод байна. Энэ удаа Сингапурт болсон 10+3-ын хуралд, “БНХАУ, Япон, БНСУ+” загварыг Хятадын тал дурдаж, АСЕАН-ны орнуудтай хамтран дөрөвдөгч буюу түүнээс бүр олон зах зээлийг нээж, бүс нутгийн хөгжлийг улам дайчлахыг уриаллаа.
Аюулгүй, тогтвортой орчин бол бүс нутгийн хөгжлийн угтвар нөхцөл юм. Хятад, АСЕАН-ны орнуудын хамтын хүчин чармайлтаар Өмнөд Хятадын тэнгисийн байдал тогтвортой, эерэгээр хөгжиж, холбогдох орнууд “Өмнөд Хятадын тэнгисийн холбогдох талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийг үр ашигтай хэрэгжүүлж, тэнгис дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй ахиулснаар “Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны удирдамж”-ийн зөвшилцлөөр чухал нийтлэг ойлголтод хүрч байна. Энэ удаагийн Хятад, АСЕАН-ны 10+1-ийн удирдагчдын хуралд Ли Кэчян, ирэх гурван жилд багтаан “Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны удирдамж”-ийн зөвшилцлийг дуусгавар болгохыг санаачилсан нь АСЕАН-ны орнуудтай Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах Хятад улсын үнэнч байр суурь, шийдвэр зориг, итгэл найдварыг бүрэн харуулсан юм.
Өнөөгийн дэлхий ертөнцийг харахад, улс орнуудын ашиг сонирхол давхцаж байгаа учраас зөвхөн олон талт үзлийг баримталсан нөхцөлд л хямрал, сорилтуудыг үр ашигтай даван туулж чадна. Мөн зөвхөн чөлөөт худалдааг баримталсан нөхцөлд хөгжил дэвшлийг ахиулж чадна. Зөвхөн бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг баримталсан нөхцөлд л Зүүн Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн хөгжлийн “мотор” болж чадна. Зүүн Азийн улс орнууд “эдийн засгийн хөгжил”, “улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагаа” хэмээх хоёр хөдөлгөх хүчийг баримталж байж бүс нутгийнхаа тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийн амьжиргааны эрч хүчийг баталгаажуулж чадна.
