
“Даянд дуурсах гайхамшигт монгол морь” хоёр дахь удаагийн Хятадын адуун соёлын наадам ба анхдугаар удаагийн Өвөр Монголын Олон улсын адуун соёлын үзэсгэлэнгийн нээлт 08 дугаар сарын 18-ны өдөр Хөххотын Хөхтал Өвөр Монголын үндэстний цөөнхийн спортын ордонд болов.
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн хоёр дахь удаагийн Хятадын адуун соёлын наадам ба анхдугаар удаагийн Өвөр Монголын Олон улсын адуун соёлын үзэсгэлэн эхэлснийг зарлаж, уран сайхны тоглолт болсон байна.

Арга хэмжээний үеэр Анд хамтлаг, Жалам хар хамтлаг, Таван тансаг Хөлөнбуйр хүүхдийн найрал дууны баг зэрэг олны танил болсон уран сайханчид ая дуугаа барьж үзэгч олноо баясгав. Алдарт морин хуурч Чи.Булаг мянга гаруй морин хуурчийг дагуулан “Түмэн агтын төвөргөөн”-г уянгалуулж хүмүүсийн сэтгэлийг догдлуулан, морин мэргэжлийн ангийн авьяаслаг үзүүлбэр найрын талбайг доргиулаа.
Хоёр дахь удаагийн Хятадын адуун соёлын наадам ба анхдугаар удаагийн Өвөр Монголын Олон улсын адуун соёлын үзэсгэлэнд 8 том төрлийн 41 үйл ажиллагаа зохиогдох юм байна. Наадам 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
