Д.Пүрэвсүрэн:Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж сураарай
2015-12-28 18:21
Гэтэл бид хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ яриагүй байж, анхнаасаа ойлгоё гэж хичээгээгүй байж 10-20 жилийн дараа "Би энэ хүүхдийг ёстой ойлгохгүй байна" гэж амаа барьдаг. Үнэндээ тэр хүн анхнаасаа л хүүхдээ ойлгоогүй.
Та өдөрт 8 цаг, эсвэл бүр 12 цагийг ажил дээрээ өнгөрөөдөг байх. Харин хүүхэддээ хэдэн минутыг зарцуулдаг вэ. Та хүүхдээ чин сэтгэлээсээ сонсч чаддаг уу. Энэ асуултын хариулт нь та хүүхдээ ямар хүн болгон өсгөж, ирээдүйд хэн болгохыг нь тодорхойлох юм шүү. Энэ сэдвээр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

Хүүхдийг хүн чанарт сургаж байж нийгэм тогтвортой хөгжиж чадна
-Хүүхдийн хүмүүжил гэдэг энэ сэдвээр тантай ярилцах болсондоо баяртай байна. Эхлээд хүмүүжил гэж чухам юу болох талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Хүн төрөхдөө заяагдмал зүйлсээ авч ирдэг ч цаашид нийгэмшихийн тулд хүмүүжлийн арга барилаар хүн болж хувирахыг хүмүүжил гэдэг гэж багш маань хэлж байсан юм. Дөнгөж төрсөн нярай хүүхэд хүн болж өсч төлөвшихийн тулд нийгмийнхээ нэг хэсэг нь болох ёстой. Тэр хүнийг цогцлоон, нийгмийн нэг хэсэг болгохын тулд бид хүмүүжил хэмээх энэ арга барилыг хэрэглэх учиртай. Тэгж байж бид жинхэнэ хүнийг бүтээдэг юм. Бидний сайн мэддэг Мауглигийн тухай киноноос жишээ татъя л даа.Хүмүүс бодохдоо Мауглигийн түүхийг зохиомол гэж боддог. Гэвч энэ бодит амьдралаас сэдэвлэсэн зохиол юм. Ширэнгэд амьдарч дассан 12 настай хүүхэд эрдэмтэд олоод түүнийг нийгэмшүүлэхийн тулд хэл яриа, хоол идэх соёл заах гэж хэчнээн оролдсон ч маш хүндрэлтэй байсан. Үүнээс дүгнэхэд хүн болон хүмүүжих гол нас бол нярай ба бага нас болж таарч байгаа юм. Бид хүүхдүүдээ 0-3 насанд нь ярьж сургаад, юмыг ойлгоход нь дэмжиж, хүн болгох аргад суралцуулдгийн учир нь хүүхэд энэ насандаа хүмүүжиж байдагтай холбоотой. Энэ туршилттай холбоотойгоор, бид нийгмийн хүн бүтээхийн тулд заавал хүмүүжлийн арга барил хэрэгтэй гэдгийг нотолсон. Хүмүүжлийг хүүхдэд хамгийн түрүүнд гэр бүл нь өгч байдаг.
Ээж, аав нь хоёулаа ажилтай. Ийм үед хүүхдэд аав, ээж нь өөрийг нь нэг л тоохгүй байгаа юм шиг мэдрэмж авдаг. Та хүүхдэдээ зав гаргаж чадахгүй юм гэхэд хүүхдийнхээ хажууд хүн чанар, ёс суртахуун гэдэг зүйлийг маш сайн мэддэг хүнийг байлгаач гэж хэлмээр байна.
-Монголчууд бол нялх хүүхдийг гэртээ уячихдаг байсан шүү дээ. Тиймээс ч бидний дунд "Хүүхдийн хүмүүжил уяанаас эхэлдэг" гэсэн үг ч байдаг. Мэргэжлийн хүний хувьд, хүмүүжил юунаас эхэлдгийг хэлж өгөөч?
-Хүмүүжил гэдэг тухайн хүүхдийг өөрийгөө ойлгуулж, бие даах чадваруудад сургаснаас эхэлдэг болов уу. Өөрөөр хэлбэл, та төрөөд л халбага, сэрээ шууд бариад сурчихаагүй нь л ойлгомжтой шүү дээ. Тэр бүхнийг сургана гэсэн үг. Тэгэхээр хүүхэд энэ хүмүүжлийг эзэмшихийн тулд заавал бусдын дэмжлэгийг авч байгаа биз дээ. Энэ явцад тухайн хүүхдийн заяагдмал темперамент болон авъяас билгийг эцэг эх нь анзаарч, тэр авъяасыг нь сургаж өгвөл тэр хүүхэд амжилттай явах магадлал илүү өндөр болох юм.
-Хүүхдийг 0-3 настайд нь хаан шиг, 3-6 настайд нь хатан мэт тойгло, 6-12 настайд нь харц мэт дагуул, 13-18 настайд нь хань мэт зөвлө гэдэг. Энэ нь хүмүүжлийн арга мөн үү?
-Одоо болтол хүнийг яг ямар арга барилаар хүмүүжүүлэх вэ гэдэг төлөвшсөн арга барил гарч ирээгүй байна. Хүн болгоны өгөгдөл өөр. Хүн бүр өөр учраас тухайн хүнийг хүмүүжүүлэхэд хүртэл арга барил нь өөр болж таарч байна. Нийгэм нийгмээрээ ч гэсэн тухайн үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга барил нь өөр шүү дээ. 1970-1980-аад онд хүүхдүүдийг зодож хүмүүжүүлээд болоод байсан бол одоогийн нөхцөлд энэ арга тохирохгүй болчихсон. Хамгийн гол нь тухайн хүүхдэд хүн чанар гэдэг тэр суурийг суурьлуулж өгч байж энэ нийгэм маань өөрөө тогтвортой хөгжиж чадна. Одоогийн бид энэ чухал чанарыг орхигдуулчихаар нийгмийн гажуудлууд үүсдэг. Хүмүүжлийн хамгийн гол зүйл нь “хүн чанар”, “хүн байх учир”-ыг хүүхдэд ойлгуулж, суулгаж өгч байгаагийн анхны шат юм.

Насаараа хамт амьдрах юм шиг зуршлыг бид хүүхдэдээ суулгачихдаг
Учир нь цаг нь болоход хүүхэд тань нас бие гүйцэж, шинэ нэгэн гэр бүлийг цогцлоон явах болно. Энэ үед биеэ даагаагүй хүүхэд эргэж буцан гэрийн асуудлаа танд авчрах болно, та эргээд гэр бүлийнх нь амьдралд оролцох болно. Ингэснээр хүүхэд тань биеэ даах чадваргүй, өөрийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй нэгэн болж хувирна.
-Би гэхэд 0-3 насны хоёр хүүхэдтэй. 7 хоногийн 6 өдөр ажиллаад, ганц өдөр нь хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг. Тэр үедээ хүүхдүүдтэйгээ тоглоно, буруу юм хийвэл загнана. Над шиг ээжүүд олон байгаа байх. Тэд маань хүүхдийнхээ хүмүүжлийг юунаас эхлэх ёстой юм бол?
-Энэ бол манай Монголын нөхцөл байдал шүү дээ. Ээж, аав нь хоёулаа ажилтай. Ийм үед хүүхдэд аав, ээж нь өөрийг нь нэг л тоохгүй байгаа юм шиг мэдрэмж авдаг. Та хүүхдэдээ зав гаргаж чадахгүй юм гэхэд хүүхдийнхээ хажууд хүн чанар, ёс суртахуун гэдэг зүйлийг маш сайн мэддэг хүнийг байлгаач гэж хэлмээр байна. Тэгэхгүйгээр, хүүхдийг хооллож, ундлаад, хэдэн зураг зуруулаад, тоглуулж байгаа бол хүмүүжил биш. Нэг үгээр, эцэг эх нь завгүй бол хүүхдийнхээ хажууд заавал хүн чанартай хүнийг л байлгаад үз. Энэ ангилалд багтах хамгийн тэргүүний хүмүүс бол өвөө, эмээ нар юм. Өөрсдөө амьдралыг аль хэдийнэ туулаад үзчихсэн болохоор хүнийг хайрлах, хүн байх утга учрыг хүүхдэд заахад бэлэн байдаг. Гэхдээ өвөө, эмээ нарын маань нэг дутагдалтай тал нь юу гэхээр, хүүхдүүдээ хайрлаж байгаа нь энэ гээд хэт эрхлүүлчихдэг. Энэ тохиолдолд тухайн хүүхэд маань биеэ даах чадваргүй болчихдог. Насаараа хажууд нь амьдрах юм шиг зуршлыг монголчууд бид хүүхдэдээ суулгачихдаг. Хэзээ нэгэн цагт та хүүхдээ явуулах болно. Учир нь цаг нь болоход хүүхэд тань нас бие гүйцэж, шинэ нэгэн гэр бүлийг цогцлоон явах болно. Энэ үед биеэ даагаагүй хүүхэд эргэж буцан гэрийн асуудлаа танд авчрах болно, та эргээд гэр бүлийнх нь амьдралд оролцох болно. Ингэснээр хүүхэд тань биеэ даах чадваргүй, өөрийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй нэгэн болж хувирна. Та хэзээ нэгэн цагт нас барах нь үнэн. Таныг нас барсны дараа хүүхэд маань амьдрах чадвартай үлдэх үү. Та хэзээ нэгэн цагт түүнийг орхиод одох нь үнэн юм чинь хүн болгочихоод явах нь зөв байх болов уу.
-Завгүй эцэг эхчүүд гэртээ амарсан өдрөө хамгийн түрүүнд кино үзэж, амттай хоол хийж өнгөрөөхийг хүсдэг. Хүүхдээ хүмүүжүүлж чадаж байна уу гэдгээ ч бодох сөхөөгүй л амьдарч байна. Бид хүүхдүүдээ хүмүүжүүлж, хүн болгохын тулд юу хийж чадах вэ?
-Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилц. Хүүхдээ сонсож сур. Хүүхэд яагаад сонин араншин гаргадаг юм бэ? Тэрийг нь олохын тулд та хүүхдээ дор хаяж 10-20 минут л сонсчих. Хүүхэд тань юм ярихгүй ч байж болно. Тэгвэл та хүүхдээ үлгэрийн баатар болгож яриагаа эхэл л дээ. Ингэхэд хүүхэд тань юу хүсээд байгаагаа үлгэрийн баатраар дамжуулан илэрхийлдэг. Тэр үгийг нь маш мэдрэмжтэйгээр сонсч ойлгочихвол, хүүхдэд тань дутагдаад байгаа зүйлийг мэдэрч болно. Гэтэл бид хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ яриагүй байж, анхнаасаа ойлгоё гэж хичээгээгүй байж 10-20 жилийн дараа "Би энэ хүүхдийг ёстой ойлгохгүй байна" гэж амаа барьдаг. Үнэндээ тэр хүн анхнаасаа л хүүхдээ ойлгоогүй. Тиймээс л хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцахыг өдөр тутамд маш сайн хийж занших хэрэгтэй.
-Эцэг, эхчүүд маань сайн ажиллаж, үр хүүхдээ хоёр идүүлж хоосон хонуулахгүйн тулд мөнгө олохгүй л бол болохгүй гэдэг. Ийм болохоор гэр бүлийнхээ төлөө ажилласаар л байдаг. Завгүй ажиллаж байгаа эцэг, эхчүүдэд хандаж та юу гэж хэлэх вэ?
-Ажил бол хэрэгцээ болохоос биш амьдрал биш гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Амьдрал
тань үр хүүхдээр тань дамжиж үргэлжилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Та ажиллаж болно, гэхдээ амьдралынхаа төлөө ажиллаж байгаа гэдгээ сайн ухаар. Та ажлын 8 цагийг ажилдаа зориулсан юм бол дор хаяж 30-хан минутыг гэр бүлдээ зарцуулах гээд оролдоод үз. "Өнөөдөр юу хийсэн?", "Та нар юугаар тоглов?" гээд хүүхдүүдээсээ чин сэтгэлээсээ харилцаад үз. Амьдралаас асуусан хариулт болон амьдралд хандах хандлага тань энэ үед мэдрэгдэх болно.

Хүүхэд эцэг эхийнхээ нэгэн адилаар хүүхдүүдээ хүмүүжүүлэх магадлал өндөр шүү
Ямар аргаар, юу гэж ярьвал хүүхэд маань сая гаргасан буруу үйлдлээ засах бол гэж бодох цаг гаргах хэрэгтэй. Та уурлах тусам тухайн хүнд ойлгуулъя гэсэн мэдээлэл тань улам л хомс болдог.
-Хүүхдээ хүмүүжүүлнэ гэхээр манай эцэг эхчүүд, би ч ялгаагүй загнах, хориглох зэргээр л хязгаарлагдаж байна. Бүр дээр автобусанд нэгэн эмэгтэй жаахан охиноо ямар хатуу үгээр загнаж байсныг хараад сэтгэл эмзэглэж л явлаа. Ер нь бид хүүхэдтэйгээ яаж зөв харьцаж сурах вэ?
-Эцэг эх нь хүүхдээ зодож, загнадаг байсан бол хүүхэд том болоод өөрийн хүүхдэдээ эцэг эхийнхээ нэгэн адил хүмүүжүүлэх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө хүчирхийллийг үйлдээд байвал ирээдүйн хүчирхийлэгчийг л бэлдэж байна гэсэн үг. Би зандрангуй гэр бүлд өсөөгүй учраас хүүхдээ тэгж хүмүүжүүлэхгүй байх. Харин би ээж аавийн дарамтанд өссөн бол үр хүүхдээ тэр л аргаар хүмүүжүүлэх магадлал өндөр болчихож байгаа юм.
Эсрэгээрээ та хүүхдэдээ аль хэдийнэ хайрыг ойлгуулчихсан, түүнийг хэчнээн хайрладгаа илэрхийлж мэдрүүлж чадсан бол тухайн хүүхэд эргүүлээд таныг зовоохыг хүсэхгүй байх нь ойлгомжтой. Ийм халуун дотно гэр бүлд өссөн хүүхдэд ээжийнх нь "Би чамайг ингэж ч хүмүүжүүлээгүй юм даа" эсвэл “ Би чамайг хүмүүжүүлж чадаагүй, миний буруу” гэхчлэн хэлсэн ганцхан үг шууд нөлөөлж, уг хүүхэд буруугаа өөрөө засах магадлалтай.
-Ажил дээрээ ядарч ядарч ирэхэд хүүхэд нь өөрийнх нь тэвчихгүй буруу зүйлийг хийчихвэл эцэг эхчүүд тэсч тэвчихэд бэрх. Яг тэр үед ээж, аавууд өөрийгөө хэрхэн захирч, хүүхдэдээ зөв хандлагаар хандаж чадах бол?
-Тухайн үед та хараад шууд уурлахаасаа өмнө өөрийгөө тусгаарла. Ариун цэврийн өрөөндөө ороод суучих. Өөртөө тэр хэсэгхэн хугацааг л олгочих. Тэндээ орилж ч болно шүү дээ. Ганцаараа орилчихлоо гээд хэн нэгэнд хүч хэрэглээгүй, зөв л арга барил. Үүнийхээ дараа бод. Ямар аргаар, юу гэж ярьвал хүүхэд маань сая гаргасан буруу үйлдлээ засах бол гэж бодох цаг гаргах хэрэгтэй. Та уурлах тусам тухайн хүнд ойлгуулъя гэсэн мэдээлэл тань улам л хомс болдог. Та өөрөө их тайван байсан цагт л хэлэхийг хүссэн мэдээллээ ойлгуулж чадна шүү дээ.
-Амьдрал баян юм болохоор маш олон өөр өөр тохиолдлууд байна л даа. Өрх толгойлсон ганц бие хүмүүс хүүхдээ өсгөхдөө хүмүүжлийг нь харамгүй л хайрлахыг хичээдэг. Гэхдээ л заримдаа хүүхдэдээ хатуу хандчих гээд байх шиг санагдах үе ч бий. Тиймээс ийм орчинд өсч байгаа хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Хүн байхгүй юмныхаа төлөө байнга харамсч эргүүлж боддог. Тэрэнтэй ижилхэн эцэг эхийнхээ хэн нэгнийг байхгүйг мэдэх үедээ хүмүүс бид дутуу зүйлээ эрж хайгаад, түүнийгээ нөхөх гэж оролддог. Зарим үед энэ мэдрэмжийг бид уур бухимдлаар нөхнө, зарим үед хэн нэг хүнээр нөхөх гэж оролдоно. Энэ бол бидний сул тал байх магадлалтай. Яг үнэндээ эцэг эхчүүд бид хүүхдээ одоо ямар орчинд байгаагаа хараад өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг зааж сургах юм бол уг дутуугийн мэдрэмж бага байх болно. Гэхдээ хараад байхад манай нийгэм өөрөө эцэг эхгүй хүүхдүүдэд их л хатуу ханддаг юм шиг хааяа санагддаг юм. Гадаа гарна, хүүхдүүд аав ээжгүйгээр нь дуудна, хүүхэд нэг алдаа гаргана эцэг эхгүй болохоор л гэж томчууд шүүмжилнэ. Гэвч хүн бүр алдаа гаргаж байж шинэ зүйлд суралцдаг шүү дээ. Төгс төгөлдөр хүн энэ хорвоод хаана ч үгүй. Ийм байхад ганц бие хүмүүсийн хүүхэд байтугай эцэг эхтэйгээ цуг амьдарч байгаа хүүхэд ч эрүүл зөв хүмүүжнэ гэдэг их хэцүү. Тэгэхээр томчууд бид хүүхдийг шархалж, шаналгах шалтгааныг нь бий болгоод байж болох талтай.

Хүүхэд бол робот биш
Бид өөрсдийн үзэл бодлоо хүүхэдтэйгээ хуваалцахыг хүмүүжил гээд байгаа юм. Гэтэл бид өөрийн үнэт зүйл болон үзэл санаагаа, сэтгэлд ургасан бодлоо хүүхэдтэйгээ хуваалцахгүй байснаар хүүхэд маань өөр хэн нэгний үзэл бодлыг өөртөө суулган хүмүүжих магадлалтай.
-Тэгвэл өрх толгойлж, үр хүүхдээ өсгөж байгаа ээжүүдэд хандаж та юу гэж хэлэх вэ?
-Бид бодит зүйлийг хүлээн зөвшөөрөхдөө их тааруухан байдаг. Хичнээн эсэргүүцээд ч эргүүлж болохооргүй нөхцөл байдал нэгэнт үүсчихсэн бол та түүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрөө амьдралын маш том философи юм. Хүлээн зөвшөөрч чадах юм бол та түүнийг эргүүлээд ямар нэг зүйлээр орлуулах гэж оролдохгүй, цаашдын амьдрах арга замаа өөрөө олчихно гэсэн үг. Гэтэл бид хүлээн зөвшөөрөхгүйгээсээ болоод маш их шаналж, шантардаг. Мэдээж, маш олон нөхцөл байдал биднийг хэцүү байдалд оруулна. Гэхдээ та хүлээн зөвшөөрчихвөл арай л багаар шаналах магадлалтай.
Нэгэнт л ээж, эсвэл аав нь байхгүй тохиолдолд энэ нөхцөл байдлыг хүүхдэдээ маш зөвөөр ойлгуулах гэж хичээх хэрэгтэй. "Ийм л асуудал болчихлоо. Чи бид хоёр хоёулхнаа үлдчихлээ. Нэг нэгнээ чи бид хоёр нөхөж явахаас аргагүй. Би чамайг тайтгаруулна, чи ч бас миний тайтгарах шалтгаан юм шүү" гэх зэргээр ойлгуулаарай. Хүүхэд бүгдийг ойлгодог. Харин бид энэ мэдрэмжүүдийг хүүхдэдээ хэлдэггүй. Үнэн хэрэгтээ сэтгэлийн зүйлийг хэн ч ойлгодог юм шүү дээ.
-Таны яриаг эхнээс дүгнээд үзэхээр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг хүүхдээ чин сэтгэлээсээ сонсч, ярилцаж, түүний сэтгэлийг бүх зүрхээрээ ойлгох явдал юм шиг санагдлаа. Энэ зөв үү?
-Тиймээ, та миний хэлэх гэсэн санааг бүрэн илэрхийлж хэллээ. Хүүхэд бол робот биш. Тиймээс л та хүүхдийг оюун ухаанаар нь гэхээсээ илүү сэтгэлээр нь хүмүүжүүлэх хэрэгтэй. Бид өөрсдийн үзэл бодлоо хүүхэдтэйгээ хуваалцахыг хүмүүжил гээд байгаа юм. Гэтэл бид өөрийн үнэт зүйл болон үзэл санаагаа, сэтгэлд ургасан бодлоо хүүхэдтэйгээ хуваалцахгүй байснаар хүүхэд маань өөр хэн нэгний үзэл бодлыг өөртөө суулган хүмүүжих магадлалтай.
-Ер нь томчууд бид хүүхдийг "Энэ юугаа мэддэг юм" гэсэн байдлаар л хараад байдаг шүү дээ. Үнэн хэрэгтээ хүүхэд гэж хэн юм бэ. Энэ талаар уншигчдад маань ярьж өгөөч?
-Хүүхэд гэдэг бол төлөвшиж амжаагүй нэгэн орхишуй юм. Өөрийгөө илэрхийлж, ойлгуулж чадахгүй л нэг оршихуй. Гэхдээ түүний дотор юу болж байгааг бид мэддэггүй. Магадгүй дотор нь гуниг, баяр, уур төрж байж болно шүү дээ. Гэтэл бид хүүхдийг өмчилчихдөг. Бид тэднийгээ "Миний оршихуй" гэдэг өнцгөөс хараад байдаг. Үгүй шүү дээ, тэд бол өөр нэгэн оршихуй юм. Тиймээс л хүүхдийг тусдаа нэг амьд оршихуй юм шүү гэдгээр нь харж, бие даалгаж, хүн чанартай нэгэн болгож хүмүүжүүлэх учиртай.
Үнэтэй сайхан мэдээллийг уншигчдад маань хүргэсэн танд их баярлалаа.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
