Хоёрдугаар улиралд өсөлтийн хурд эерэг болсны дараа 3-р улиралд Хятадын эдийн засаг энэ оны хуримтлагдсан өсөлт эерэг болж өөрчлөгдлөө.
Хятадын Статистикийн үндэсний газар 19-ний өдөр мэдэгдэхдээ, урьдчилсан тооцоогоор Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) эхний гурван улиралд 72 их наяд 278 тэрбум 600 сая юаньд хүрч, харьцуулах үнээр тооцвол өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өсөв. Улирлын дүнгээс үзэхэд, 1-р улиралд өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурсан бол 2-р улирал 3.2 хувиар, 3-р улирал 4.9 хувиар өсжээ. Гуравдугаар улирлын байдлаар ДНБ-ний хэмжээ 2-р улирлаас 2.7 хувиар өссөн юм.
Тодруулж хэлэхэд, аж үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байна. Эхний гурван улиралд жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар өсөж, оны эхний хагас жилийн байдлаар 1.3 хувиар буурсан юм. Үүний дотор 3-р улиралд өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өсөж, 2-р улирлаас 1.4 нэгжээр өсжээ.
Үйлчилгээний салбар тогтвортой сэргэж байна. Гуравдугаар улиралд үйлчилгээний салбарын нэмүү өртөг 4.3 хувиар өссөн нь 2-р улирлынхаас 2.4 нэгж илүү байна. Эхний гурван улиралд үндэсний үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурч, бууралтын хэмжээ оны эхний хагасаас 3.5 нэгжээр хумигджээ.
Зах зээлийн борлуулалт илэрхий сайжирсан байна. Эхний гурван улирлын байдлаар, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны хэмжээ 27 их наяд 332 тэрбум 400 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар буурч, бууралтын хэмжээ оны эхний хагасаас 4.2 нэгжээр хумигджээ. Үүний дотор 3-р улирал 0.9 хувиар өсч, улирлын өсөлтийн хурд энэ жил анх удаа эерэг үзүүлэлттэй болж байна.
