
- Бээжин хотод амьдарч буй бидний хувьд хүүхдэдээ монгол наадам, монгол нутгаа харуулах гэж ирлээ.
- Хүүхдийн наадам их сайхан, газар газраас ирсэн хүүхдүүдийн урлагийн тоглолт, авьяас чадварыг харлаа. Хүүхдүүд харилцан сурах зүйл их байна.
- Багш аа! Бид голын усанд дахин жаахан тоглоё.
Шиврээ бороотой сэрүүн салхитай Шандын талд зуны өнгө сайхан байлаа. Жилийн өнгө тэгшхэн үеэр хүүхдийн наадам болох нь онцгой сайхан.
ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны “Наран хун” хүүхдийн анхны наадам 07 дугаар сарын 21-ий өдөр боллоо.

Тус наадам нь Бээжин дэх “Наран хун” сайн үйлсийн аяны анхны наадам гэдгээрээ онцлог болж байгаа юм. Бээжин, Тяньжинь, Чанчүнь зэрэг бусад муж хотуудад амьдардаг монгол хүүхдүүд зорин ирсэн бол Өвөр Монголын Хөххот, Бугат, Ордос, Улаанхад, Шилийнголын хүүхдүүд оролцон, дэнж хотойтол наадлаа.
Нээлтийн ёслол, урлагийн үзүүлбэр, сур харваа, бөхийн барилдаан, монгол шатар, Юань гүрний дээд нийслэлээр аялах, хөдөөгийн амьдралтай танилцах зэрэг арга хэмжээг хамарсан сайхан наадам болсон юм. Тухайлбал, шатрын тэмцээний ахлах сургуулийн ангилалд Сангийн-Далай Монгол бага сургуулийн Халамж тэргүүлж, Бага сургуулийн ангилалд Шулуун Хөх хошууны Монгол бага сургуулийн Өөд тэргүүн байранд оржээ. Бөхийн барилдааны эрэгтэйд Сангийн-Далай Монгол бага сургуулийн Тулга, эмэгтэйд Шулуун-Хөх Монгол бага сургуулийн Алиа түрүүлжээ. Эрэгтэй сур харваанд Хөххотын Үндэстний туршилтын сургуулийн Тансаг, эмэгтэйд Хөххотын үндэстний туршилтын сургуулийн Хурангэгээ тэргүүлжээ.
Хөдөө нутгаасаа холдсон их хотын хүүхдүүдийн хувьд Монгол нутгийнхаа наадамд оролцох нь ховорхон боломж юм. Бээжин хотоос ирсэн Шинжил тус наадамд оролцоод бөөн баяр болж байлаа. Монгол дээлээрээ гоён нээлтийн ёслолд оролцон, үеийн найзуудтайгаа хөдөө талын элгэнд явах нь жаргалтай нь аргагүй.

- Бээжин хотод байгаа бидний хувьд хүүхдүүдээ хөдөөгийн амьдрал, монгол нутаг, монгол зан үйлтэй танилцуулахад энэхүү наадам сайхан боломжийг хангасан. Ирэх жил хүүхдийн наадамд бас оролцоно гэж Шинжилийн аав нь ярьж байлаа.
Наадам нь монголчуудын соёлын өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж байгаа юм. Энэ удаагийн хүүхдийн наадмын уран сайхны тоглолтод Ордос хотын Отог хошуунаас 13 хүүхэд ирж оролцжээ. Тэд Ордос нутгийн уламжлалт дичинг хөгжмөө тоглов.
- Бид “Агьт толгой”, “Алтан алтан цэгцүүхэй” зэрэг гурван хөгжим тоглосон. Анх удаа Шулуун Хөх хошуунд ирж тоглож байна. Олон хүүхэдтэй танилцаж, тэдний урлагийн тоглолтоос олон зүйлийг сурлаа гэж Данис ярилаа.
- Хүүхэд бол соёлын уламжлагч мөн. Тэд наадмаар дамжуулж, өөрийн онцлог соёл урлагийн зүйлээ таниж, мэдэх, сурах нь дамжиггүй гэж Отог хошуунаас ирсэн багш Манлайбаатар ярив. Манлайбаатар багш жирийн малчин хүн. Өөрийн мэдэх чадах зүйлээ хүүхдүүддээ зааж уламжилж байгаа билээ.

Хөххотод суралцаж буй Алс Шулуун Хөх хошууны Монгол бага сургуулиас төгссөн сурагч. Энэ утгаараа тэрээр морин хуурын тоглолтод оролцож байлаа. Төрөлх сургуульдаа ирээд сурсан зүйлээ дүү нартаа үзүүлж байгаа нь сайхан дурсамж болон үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Хайрхан Улаанхад хотын Онниуд хошуунаас ирсэн бяцхан бөх. Шөвгийн 16-д тунан үлдэж нутгийн бөхөд шороодсон ч баяртай байлаа. Ирэх жилийн наадамд үзүүр түрүүнд барилдана хэмээн өөрийн бодлоо нуулгүй дэлгэнэ.
- Би түрүүлсэндээ сэтгэл өндөр байна. Газар газраас ирсэн бөхчүүдтэй барилдаад олон зүйлийг сурсан. Бас нэг шинэ мэх сурч бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй гэдгийг ойлголоо гэж Тулга хүү ярьсан юм. Хүн “Нэгийг үзэж хоёрыг сурдаг жамтай билээ”.
Энэ удаагийн наадмын бас нэгэн утга учиртай арга хэмжээ бол Шанд нийслэлийн тууриар аялсан явдал болно. Юаний Дээд нийслэл Шанд хот нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн юм. Энэхүү туурь нь агуу их соёл иргэншлийг тээж яваа түүх соёлын үлдэгдэл билээ.

- Би Юаний дээд нийслэлийн туурийг сонсож байсан, өнөөдөр ирж үзээд сэтгэл өндөр байна. Түүх соёлын талаар их зүйлийг мэдэж ойлгож авсан гэж Оюунтана ярьж байлаа.
Туурийн хөх чулуу нь түүх өгүүлнэ.
“Наран хун” сайн үйлсийн аян ТББ нь хүүхэд багачууддаа уламжлалт соёлоо өвлөн уламжлуулах, тал нутгаа хайрлан хамгаалахыг сурталчлан уриалдаг. Шулуун Хөх хошууны Гоостойд “Наран хун” суурин баазаа байгуулсан.
Бид энэхүү суурин бааз нь хүүхэд багачууд хөдөөгийн амьдралтай ттанилцах, малчин хүний эх болсон нутаг усаа хайрлан хамгаалахын ухааныг уламжилж өгдөг гэж “Наран хун” сайн үйлсийн аяныг үүсгэн байгуулагч Сайжрах хэлж билээ. Бид нутгийн нэгэн хөдөөгийн айлаар явж байтал голын усанд гурван хүүхэд тоглож байлаа. Өвдгийн чинээ гүехэн ус нь яг л хүүхэд тоглохоор бүтээсэн гэмээр. Бидэнтэй яваа хүүхдүүд ч усаар тоглохоор уралдан гүйлээ. Хөххотоос ирсэн Авьяас хүү задгай усанд тоглож буйдаа ухаангүй баярлаж байв.

- Хотод байгаа хүүхэд ийм сайхан байгаль усанд тоглох нь тун цөөн. Энэ удаагийн наадамд хүү минь тоглолтод оролцон, хөдөөгийн амьдрал, байгальтай ойртон, сайхан амарсан гэж Авьяасын ээж ярьж байв.
Хүүхэд нас гэдэг тоглож наадаж явахдаа ухаан суудаг. “Наран хун” хүүхдийн анхны наадамд оролцсон бүхэн ганзага дүүрэн буцлаа.





