Хүний бие махбодийг цусаар тэтгэдэг эрхтэн бол зүрх юм. Хүний цусны эргэлт доороос дээш буюу татах хүчний эсрэг явдаг тул венийн болон артерийн судасны даралт ялгаатай байдаг.
Зүрхэнд өөрийг нь тэтгэдэг эрхтэн байдаг бөгөөд түүнийг титэм судас гэдэг билээ. Хэрвээ зүрхний титэм судасны эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний ишемийн өвчин үүсдэг.
Цээжээр өвдөх нь зүрхний ишеми өвчний нэг гол шинж тэмдэг юм. Үндсэн байрлал нь зүүн хэсэгт цээжний ар тал юм. Өвдөлт нь зүүн гарын гадна тал, чигчий хуруу руу дамждаг. Ховор тохиолдолд эрүү рүү дамждаг. Базаж, нухаж, хорсож байгаа мэт өвдөлт илэрдэг. Зарим тохиолдолд хүчтэй өвдөх шинж тэмдэг илрэхгүй зөөлөн дарж байгаа мэт болох, цээж хүндрэх, бачуурах шинж илэрнэ.
Өвдөлтийн хүч нь ямар ч байж болохоос гадна хамгийн чухал нь дунд зэргийн өвдөлт нь ч амь насанд аюултай байж болно. Өвдөлт нь өвчтөний хөдөлгөөнд шууд нөлөөлдөг. Нүүр царайд нь хувирал илэрч, нүдэнд нь айдас төрсөн, цонхигор царайтай болдог. Тэр ч бүү хэл өвдөлтийн үед өвчтөн унтаж чаддаггүй. Өвдөлтийн давтамж 3 минутаас 15-20 минут хүртэл үргэлжилнэ. Гэнэтийн өвдөлт нь 1 минутаас бага хугацаагаар үргэлжилнэ. Хэрэв өвдөлт нь 20-30 минут, түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл зүрхний шигдээс үүснэ.
